П.ЛХАГВАЖАРГАЛ

МАН-ын гишүүн Д.Мөнхтөр Орхон аймгийн МАН-ын гишүүдийг төлөөлөн хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар  Орхон аймгийн ИТХ-д нэр дэвших гишүүн сонгох  үйл ажиллагаа дүрэм журмын хүрээнд явагдаагүй. 2021 онд МАН, МАХН нэгдэж, нийлмэл үйл ажиллагаа явуулах болсон хэдий ч намын гишүүдийн эрх, ашиг хангагдахгүй байна гэсэн хоёр асуудлыг хөндлөө. Мөн Орхон аймгийн МАН-д нэг хүний дарангуйллын тогтолцоо тогтож, зүй бус үйлдэл илэрч байгаа тул МАН-ын  хяналтын ерөнхий хороонд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, Орхон аймгийн МАН-ын дарга Д.Батлут тэргүүт хүмүүс хоёр намын нэгдлийн эсрэг, намын гишүүдийн дуу хоолойг хаах, талцуулах, ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулж байна гэв. Д.Мөнхтөр “Орхон аймгийн МАН-ын хороо нэг хүний хаанчлал тогтсон газар. Энд Д.Батлутын эсрэг дуугарах, дүрэм журам, шударга ёс ярих хүн нэг ч алга. Хэрэв ярьсан тохиолдолд намаас ялгаварлан гадуурхагдаж, хөөгдөх хэмжээнд хүрдэг. Энэ үйл явдал удаа дараа болж байгаа бөгөөд энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах процесс дээр нэлээдгүй ажиглагдлаа” хэмээв.

100 хүний саналыг зургаан цаг тоолсон

Орон нутгийн сонгуульд Орхон аймаг 41 мандаттай оролцож байна. Энэхүү 41 мандатад нэр дэвшигчийг сонгох үйл явц шударга бус болсон хэмээлээ. Д.Мөнхтөр “Орхон аймгийн МАН-ын дарга энэ 41 мандатыг Д.Батлут өөрийн хамаарал бүхий хүнийг нэр дэвшүүлэхээр сонгосон. Орон нутгийн сонгуулиар намдаа ялалт байгуулах хүнийг бус өөртөө ашигтай байдлаар сонгосон нь асуудалтай хэмээн  үзэж Орхон аймгийн МАН-ын Хяналтын хороонд дүгнэлт гаргуулахаар мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч хариу ирээгүй тул дараагийн шатны байгууллага болох МАН-ын хяналтын ерөнхий хороонд хандаж байгаа болно. Нэр дэвшигчийг сонгох 100 хүний саналыг зургаан цаг тоолсон. Үүнийг бид саналын хуудас сольсон, дүнд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хардаж, энэхүү үйл ажиллагаа дүрмийн хүрээнд явагдаагүй гэж үзэж байна” хэмээв. Иймд дараах дөрвөн асуудлаар мэдэгдэл хүргүүлж байгаагаа илэрхийллээ.

1. Олон нийтийн судалгааны дүнд хяналт шинжилгээ хийлгэж, нэр дэвшилтэд мөрдсөн эсэх.

2. Намын хорооны тэргүүлэгчдээс гаргасан нэр дэвшүүлэх журмыг баримталсан эсэх.

3. Нэр дэвшигчид дотор намын дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нэр дэвшигч байгаа эсэх.

4. Намын хорооны хурлын тооллогын комиссын материалыг татан авч өрсөлдсөн нэр бүхий 14 иргэнийг байлцуулан хяналтын тооллого хийх.

Эх сурвалж: www.polit.mn