З.БАТЦЭЦЭГ

 

Зарим улс орнууд хэвлэл мэдээллийн хараат бус байдалд заналхийлж, сэтгүүлчийн мэргэжил улам бүр аюултай болж байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэлхийн харилцаа хариуцсан орлогч Мелисса Флеминг мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулав.

Тэрээр хэлэхдээ, 2023 онд дэлхий дахинд болж буй үйл явдлыг сурвалжлах олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд шархадсан бөгөөд заримыг нь аварч чадаагүй байна.

“Орчин үед үг хэлэх эрх чөлөө, сэтгүүл зүйг үндэслэгч гэгддэг улс орнуудыг оролцуулаад түүнээс ч олон хүн шоронд хоригдож байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах ёстой хүмүүс нь заналхийлж байгаа нь харагдаж байна” гэж Москвад болсон БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдод хандан хэлсэн түүний үгийг ОХУ дахь НҮБ-ын Мэдээллийн төвийн тэргүүн Владимир Кузнецов уншиж танилцуулав.

Мелисса Флеминг НҮБ нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмждэг гэдгийг онцолжээ. Үүний зэрэгцээ олон улсын байгууллага сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хариуцлагаас мултрахгүйн тулд боломжтой бүхнийг хийж байна гэжээ.

Дашрамд дурдахад НҮБ засгийн газруудыг сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд илүү ихийг хийхийг уриалж байна гэж тэрээр уриалав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 179 (7423)