Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойн фитоценологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Ариунбаатарыг урьж ярилцлаа.

 

ОЙ ХОРТОН ШАВЖИД ИДЭГДЭЖ БАЙГАА НЬ ҮРИЙН НӨӨЦӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА

Блиц

Боловсрол:

2005-2009 он: ХААИС, Агро-Биологийн сургууль Ой аж ахуй инженер, бакалавр

2010-2014 он: ХААИС, Агро-Биологийн сургууль Ой аж ахуй инженер, магистр.

Ажилласан байдал:

2019 оноос: Ойн фитоценологийн  лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан.  ШУА, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

2015-2019 он: Ойн фитоценологийн  лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан.  ШУА, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн

2010-2015 он: Ой судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, ШУА-ийн Ботаникийн хүрээлэн 

2014 оноос: “Монголын ой судлалын нийгэмлэг” судлаач гишүүн       оноос хойш.

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны ой хортон шавжид өртөж байна. Хортон шавж нүүдэг, том талбайд голомтыг нь олж устгасан ч нэлэнхүйдээ тархсан байдаг. Нуугдмал байдалд оршдог учир бүрэн устахгүй байна.

Сибирь хүр эрвээхэй идэгдсэн шинэстэй тэмцэх ажил явагдаад ой сэргэж байна. Боргоцой элбэг үр тогтолт сайтай байна. Гэвч нахиагаар хооллогч (галлейц) ялаа асуудал үүсгэж байна. 2022 онд Тосонцэнгэлд их байсан одоо зүүн өмнөд хангайд бүр давамгайлж байна. Бид энэ асуудал дээр анхаарал хандуулахгүй бол удахгүй Монгол орны шинэсэн ойд нэг ширхэг ч боргоцой гарахаа болино. Зарим хүмүүс нь боргоцойн нахиаг боргоцой гэж андуураад байна. Энэ бол нахиагаар хооллогч урын ялаа юм. Бид сүүлийн зургаан жил тархалтын судалгаа хийлээ. Монгол орны шинэсэн ойн 60 хувьд нь их бага хэмжээгээр тархсан. Тэр дотроо зүүн Хэнтий нуруу маш их өртсөн, Төв аймгийн Мөнгөнморьт сумын шинэсэн ойд сүүлийн найман жил үр боргоцой гараагүй гол шалтгаан нь энэ нахиагаар хооллогч. Тэрбум мод тарихаар зорьж байгаа учир үр судлал, үрийн аж ахуйгаа дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд хүний нөөц бага ч боломжоороо маш их судалгаа хийж байгаа. Гэхдээ дэмжлэг тааруу. Үрийн нөөцийг тогтоох, мод бутны цэцэглэлт, жимслэгчийн байдалд үнэлгээ өгөх судалгааны ажил хавар зуны улиралд хийгддэг. Энэ жилийн хувьд шинэс, шилмүүст төрлийн модны  үрлэлт харьцангуй муу байлаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд их үрийн жил тохиогоогүй. Ойрын хоёр жилдээ их үрийн жил тохиох нөхцөл байгаа.

-Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг гүйцэтгэхэд хамгийн түрүүнд тарьц суулгацын бэлтгэл ажил чухал. Тарьц суулгацыг бэлтгэхийн тулд эхлээд үрийн асуудалд анхаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд ой хортон шавжид идэгдэж байгаа нь үрийн нөөцөд нөлөөлж байгаа юм. Үрэлдэг байсан талбай үрлэхээ болилоо. Үрийн нөөц түүж бэлтгэх талбай хомсдож байна. Тиймээс шилмүүсээр хооллодог хортон шавжтай тэмцэхээс гадна үрийн хортон шавжтай тэмцэх асуудал чухал боллоо. Дэлхийн дулааралтай холбоотойгоор хээрийн ургамалжилт багсаж малчид ой руу малаа бэлчээдэг болсон. Ингэснээр ойн экосистем, ургамлын бүлгэм багасаж ойн хуурайшилт явагдаж байна. Үүнийг дагаад хээр байдаг шавж ойд орж доройтуулснаар үр бэлтгэхэд хүндрэл учруулж байна.

Тэрбум мод тарихаас гадна одоо байгаа ойн модыг түймэр, хөнөөлт шавжаас хамгаалах, арчлах, зохистой ашиглах ойн аж ахуйн арга хэмжээ зайлшгүй шаардлагатай. Сүүлийн жилүүдэд тодорхой зүйлийн хөнөөлт шавжуудын идэвхжил явагдсаны улмаас нэлээдгүй га талбайд голомт үүссэн байдалтай байна. Энэ нь тухайн ойн хөнөөлт шавжийн идэвхжил өндөр байснаас гадна цар дахал гарсан хоёр жил огт тэмцлийн ажил явуулаагүйтэй нэг талаараа холбоотой. Судалгаагаар 700 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүссэн. Тиймээс энэ хэрээр тэмцлийн ажил явуулах шаардлагатай гэсэн дүн мэдээ гарсан.

Хөнөөлт шавжийн голомт үүссэн талбайг тогтоох, хөнөөлийн голомтыг тогтоох судалгааг жилд хоёр удаа хийдэг. 2023 оны тайлан мэдээллээс харвал хамгийн их голомтот талбай  Архангай, Хөвсгөл аймагт ногдсон. Ерөнхийдөө шилмүүст ойн сан бүхий талбайн дийлэнхэд ой хөнөөлт шавжийн голомт бүртгэгдсэн байдалтай байна.

Жил бүр самрын ургалтын байдалд үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээгээр тодорхой  нөөц ашиглах хэмжээнд байгаа тохиолдолд зөвшөөрөл өгдөг. Бусад тохиолдолд ахуйн зориулалтаар буюу иргэд хэрэгцээндээ зориулан түүдэг. Жил бүр самар түүнэ гэсэн ойлголт байхгүй. Өнгөрсөн жил гэхэд тодорхой газруудад үйлдвэрлэлийн нөөц илэрсэн газарт зөвшөөрөл олгосон. Модонд самар ургасан л бол тухайн жил олборлолт хийх боломжтой гэдэг буруу ойлголт байдаг. Биологийн нөөцийн хувьд ан амьтад идэш тэжээлдээ хэрэглэх, ахуйн зориулалтаар хэрэглэх зэргийг тооцоолон нөөцийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, судалгаагаар нөөц тогтоосон газар л түүх боломжтой гэсэн үг.

Таримал ургамал хилээр хууль бусаар оруулж ирдэг асуудал нь ургамлын хөрсийг дагаж янз бүрийн ялаа орж ирдэг. Бүртгэгдээгүй төрлийн шавж орж ирж байна. Хяналт сул гэхээсээ илүү боловсон хүчин, хүний нөөц хомсдолтой. Нэг эрдэм шинжилгээний ажилтан олон сэдвийн хүрээнд судалгаа хийдэг.

 

ХУШИН ОЙ ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

-Хушин ой гол мөрний усны урсацыг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой үнэт шилмүүст мод юм. Хуш мод нь фитонцид, эфирийн тос ихээр ялгаруулан орчны агаарыг цэвэршүүлдгээрээ онцлогтой бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдол анхаарал татсан гол асуудал болж байгаа өнөө үед экологийн хувьд ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ойн хортон шавжийн олшрол, ойн түймэр, хууль бус дагалт баялаг ашиглалтын нөлөөгөөр хушин ойн генетик нөөцөд ихээхэн хэмжээний хохирол учирсаар байна.

 

ХУШНЫ САМРЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗҮЙ, ЗОХИСГҮЙ БЭЛТГЭЖ БАЙГАА НЬ АМЬТДЫН ХҮНС ТЭЖЭЭЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХӨД ХҮРГЭДЭГ

 

-Манай оронд хушны боргоцойг гол төлөв модон мунаар түншиж бэлтгэж байгаа. Энэ нь модны холтос болон модлогийг гэмтээх, улмаар өвчлөх, хортон шавжид нэрвэгдэх нөхцөлд хүргэж байна. Болц гүйцээгүй боргоцой нь давирхай ихтэй байдаг тул модны гол ишийг мунаар цохиж самрыг унагааж байгаа нь гол ишийг гэмтээх улмаар физиологийн хаталт өгөх, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих зэрэг олон сөрөг үр дагавруудыг бий болгодог. Хушны самрыг их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэж байгаа нь ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Самрын ургацаас хамааруулж, бага ургацтай жилүүдэд ойн зэрлэг амьтдын тэжээлийн хэрэгцээг алдагдуулахгүй байх, хушин ойн байгалийн аясаар нөхөн ургах хэвийн нөхцөлийг хангахын тулд аливаа зориулалтаар ашиглахгүй, дунд ургацтай жилд ойн төлөв байдлыг сайжруулах үүднээс ахуйн зориулалтаар ашиглаж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хязгаарлан, их ургацтай жилд бүх төрлийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Хуш модны самрын ургацын байдлыг жил бүр судлан тогтоож, тухайн жилд бэлтгэх нөөцийг тогтоодог. Иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагууд ойгоос хуш модны самрыг зохих эрхийн бичгийн хүрээнд бэлтгэж, ашиглах бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийг холбогдох хууль дүрмийн дагуу төлдөг.

 

БОЛЦ ГҮЙЦЭЭГҮЙ САМАР НЯН, БАКТЕРИ, БОХИРДЛЫГ АМАРХАН НААЛДУУЛДАГ ТУЛ ХАЛДВАРТ ӨВЧИХ ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ

 

-Самар түүж бэлтгэх техникийн хувьд асуудалтай байна. Их үрийн жил гарсан жил нь байгалийн дагалдах баялгийг ашиглана гэж заасан байдаг тул ойн дагалдах баялгаа ашиглах нь зүйн хэрэг. Гэвч ойг гэмтээхгүйгээр ашиглах арга аргачлалыг боловсруулах хэрэгтэй. Иргэдийн дунд самрыг зөвхөн мундаж түүдэг гэсэн ойлголт л байдаг. Доргиож түүхдээ тухайн модыг гэмтээхгүйгээр түүх ямар арга байна гэдэг аргачлалыг боловсруулах хэрэгтэй байна.

Боргоцой боловсорч байгаа байдлыг байнга ажиглаж, үрийн физиологийн, ургацын болц гүйцэх үед цаг алдалгүй бэлтгэх шаардлагатай байдаг. Үрийг эрт түүх нь түүний соёололтын хувьд сөргөөр нөлөөлнө. Үрийг бэлтгэх хугацааг оройтуулбал боргоцой унах, шувуу болон мэрэгчид идэх зэргээр үрийн нөөцөд нөлөөлнө. Мөн үр бэлтгэх ажлыг зохион байгуулахад үр, боргоцойг бэлтгэх багаж, тоног, төхөөрөмж, ажиллах хүчийг зөв төлөвлөн зохион байгуулах шаардлагатай. Хушны самрыг бэлтгэхдээ ойн амьтдын идэш тэжээл болон ой байгалийн аясаараа сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг модны титэм дээрх боргоцойн 50-60 хувийг үлдээнэ. Эхлээд унах хэсэг нь өвчин, хортонд нэрвэгдсэн болон соёолох чадваргүй үр байдаг бөгөөд үүний дараагаар эрүүл үр, боргоцой унадаг. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учир нян, бактери, бохирдлыг амархан наалдуулдаг тул халдварт өвчих тараах эрсдэлтэй.

Ойжуулалтад хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд чиглэсэн ажил үйлчилгээг өргөжүүлж, түүхий эд, ундны цэвэр усны хэрэглээг багасгах, хог хаягдлыг дахин ашиглах, орчны бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх чиглэлээ ул ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санаачилгыг дэмжих зорилгоор олон улсын туршлага, технологи,инновацын шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлага улам бур нэмэгдэх болсон. Энэ бүхнийг нутагшуулах, бодитоор хэрэгжүүлэх боломж бололцоо манай улсад хангалттай бий. Гагцхүү төр энэ чиглэлд бодлогын түвшинд дорвитой анхаарахгүй байсаар асар их нөөц, боломжийг алдаж, тэр зуур байгаль орчин сүйдсээр байгаа нь харамсалтай.

Монгол орны ойн сан Төв Азийн хээр тал, Зүүн Сибирийн их тайгын өмнөд ирмэгийг заагладаг бөгөөд хөрсийг элэгдэл, эвдрэлээ хамгаалах, гол, мөрний усыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих гэх мэт байгалийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж буй ихэнх модыг Монгол орны хойд хэсэг болох шилмүүст ой маань нэлээд түймэрт өртөж, мод бэлтгэлийн ажил явагддаг байсан учир тийшээ чиглэж талбайг нэмэгдүүлж ойжуулалт хийх нь зөв. Ингэснээр цэвдэг хайлалт болоод уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх алхам болно.

Монгол орон ойн нөөцөөр хомс улсын тоонд багтдаг. Ойрхог чанарын үзүүлэлт бага учраас нэг хүнд ногдох ойн хэмжээ дэлхийн дунджаас долоо, Европынхоос 20 дахин бага. Ойгоо хамгаалах, ойн сангийнхаа хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан энэ үед "Тэрбум мод" санаачилга гаргасан нь цагаа олсон, зүйтэй шийдвэр гэж хардаг. Мэргэжлийн байгууллагынхны 2019 онд судлан тогтоосноор бол манай орны ойн бүсийн 2.9 сая га талбайд хортон шавж, өвчин тархсанаас 322 мянган га-д нь хөнөөлийн голомт үүсээд байна. Гэтэл нийт газар нутгийнх нь 7.8 хүрэхгүй буюу маш бага хувийг эзлэх ойн бүсийг хортон шавжаас хамгаалахад улсаас жил бүр бага хөрөнгө төсөвлөсөөр ирсэн. Нэгэнт хуваарилсан төсөв нь бага, хаанаа ч хүрэлцдэггүй учраас ихэвчлэн энгийн механик аргаар ойн хортон шавжтай тэмцдэг. Энэ нь төдийлөн үр дунд хүрдэггүй.

 

ШИЛЖҮҮЛЭН ТАРИЛТ ХИЙХЭД, ЭХНИЙ 2-3 ЖИЛ ТУХАЙН НӨХЦӨЛД ДАСАН ЗОХИЦОЖ УРГАДАГ

 

-Модыг анх шилжүүлэн тарилт хийхдээ, өөр газраас өөр газар таримал болгоод авчирч тарьж байгаа. Тухайн мод тарьсан эхний гурван жил тухайн нөхцөлд дасан зохицож ургахын тулд үндэсний системийн хөгжил явагддаг. Дээшээ ургах процесс бага явагдана. Титмийн массын хөгжлийг бага явуулна гэсэн үг. 3-5 жил болоод тухайн мод нөхцөлдөө дасан зохицож ургаад хөрсөн дэх микоризм өөрийн таатай нөхцөлийг бүрдүүлээд ирэхээрээ өсөлтийн процесс явагддаг. Хүмүүс хашаандаа нэг мод авчраад тарьсан ч ерөөсөө ургахгүй байна гэдэг. Амьд навчлаад байгаа хэр нь дээшээ ургахгүй байна гэдэг. Энэ нь тухайн мод ургаж нөхцөлдөө дасан зохицохын тулд орчныхоо стрессийг тайлахын тулд өөрөө тайван байдалд байна гэсэн үг. Гаднаас нь харахад хэвийн харагддаг. Тухайн модыг авчраад ямар хөрсөнд ургаж байсан модыг өмнөх нөхцөлд нь таарсан орчинд тарих нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 179 (7423)