М.ТИЛЕГЕН

 

Дэлхийн нүүдэлчдийн тавдугаар наадам “Их тал нутгийн уулзалт” сэдвээр Казахстан улсын нийслэл Астана хотноо энэ сарын 8-14-ний өдрүүдэд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож, Казахстан улсын ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаевд Монгол Улсын ерөнхийлагч У.Хүрэлсүхийн мэндчилгээ, захидлыг гардуулсан байна. Харин Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ирэх сард Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлахаа мэдэгдсэн бөгөөд тус айлчлалд ач холбогдол өгч буйгаа энэ үеэр илэрхийлжээ.

Өнгөрсөн бямба гарагийн орой “Астана Арена” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын нээлт болсон. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ тус наадмыг “Нүүдэлчдийн олимп” хэмээн нэрлээд, нүүдэлчдийн соёл иргэншлийг дэлхийн түвшинд сурталчилж байгааг онцлов. Нүүдэлчдийн тоглолтын нээлтийн ёслолд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Киргизийн төрийн тэргүүн Садыр Жапаров, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Туркменистан улсын Ардын зөвлөлийн дарга Гурбангулы Бердымухамедов, Татарстаны тэргүүн Рустам Минниханов, Якутын тэргүүн Айсен Николаев нар хүндэт зочноор оролцлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7420)