Б.БАЯРЖАВХЛАН

 

Түүнийг О.Нарангэрэл гэдэг. Тэрээр Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаадугаар сургуульд мэдээлэл зүйн багшаар ажилладаг. Орон нутагт ажиллах нь илүү цалин авдаг тул Сайншанд суманд ирж ажиллах болжээ. Энэ тухайгаа О.Нарангэрэл “Багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөг. Орон нутагт ажиллаж байгаа учир нэмэгдэл 20 хувь авдаг. Үүнээсээ нийгмийн даатгал зэргийг хасаад гар дээрээ нэг сая төгрөг авч байна. Гэвч энэ нь ахуйн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна” гэсэн юм. Багшийн мэргэжил цалин муутай, ачаалал ихтэй, эцэг эхийн хэл ам ихтэйгээс үүдэж мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй болж буй хүмүүс ч олон байгаа юм. Тэдний нэг бол Л.Лхагвасүрэн юм. Тэрээр Чингис хааны ордон музейн нарийн бичгээр ажиллаж байгаа юм. “Монголд багшаар ажиллах нь хүндрэлтэй болсон. Учир нь эцэг эхчүүдийн хэл ам, дарамт, хүүхдүүдийн харилцаа хандлага жил ирэх тусам хэцүү болж байна. Мөн цалин багатай хэр нь хийх ажил дуусдаггүй. Энэ нь залуу боловсон хүчин биднийг мэргэжлээрээ ажиллахаас татгалзахад хүргэж байна” гэсэн юм. Сонирхуулахад 2024 онд МУИС-ийн Монгол хэл, Уран зохиолын багшийн ангийг 12 хүүхэд төгссөн байна. Үүнээс найм нь багшаар ажиллаж байгаа ажээ.

 

Японд багшийн жилийн дундаж цалин 166 сая төгрөг

 

Япон улс боловсролын чанар, хүртээмжээрээ дэлхийд дээгүүрт ордог. Япон нь шинжлэх ухаан, уран зохиол, тооны чиглэлээр бусад орныг хошуучилдаг. Японд бага сургуулийн боловсрол нь зургаан жилийн тогтолцоотой ба дунд болон ахлах анги нь тус бүр гурван жил байдаг. Сурагчдын 98 хувь нь их сургуульд элсдэг аж.

Японы бага ангийн багш нар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дотроос илүү олон цагаар ажилладаг ч голдуу хичээлийн бэлтгэл, сургалт хүмүүжлийн ажилд төвлөрдөг. Ингэснээр хичээл заах хугацаа нь бусад орныхоос бага байдаг аж. Судалгаагаар 2015 оны байдлаар Японы бага ангийн багш нар жилд 1891 цагийг сургууль дээр өнгөрөөдөг нь бусад орныхоос 200 гаруй цагаар илүү гарчээ. Японд багш нь хүндтэй мэргэжил бөгөөд бусад төрийн албан хаагчдаас өндөр цалин авдаг. Нийтдээ 15 жил ажилласан бага ангийн багшийн цалин нэг жилийнх нь 47600 ам.доллар байдаг бол бусад орнуудынх дунджаар 40600 ам.доллар байдаг аж.

Энэ тухай Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш Япон улсын иргэн Масотоши Нишидо “Хоёр жилийн өмнөөс анагаахын шинжлэх ухааны их сургуульд багшилж байна. Гэрээгээр цалинждаг учир хэлэх боломжгүй байна. Харин Японд багшийн дундаж цалин 8-16 сая төгрөг байдаг” гэсэн юм.

 

Хятадад багшийн цалин нэмэгдсэнээр багш болох хүмүүс нэмэгджээ

 

Өнөөдөр буюу есдүгээр сарын 10-нд Хятадын багш нарын баярын өдөр тохиож байна. Сүүлийн 35 жилийн хугацаанд хятад багш нарын мэргэжлийн чансаа чадвар эрс сайжирсан. Бага, дунд боловсролын сургуульд багшилдаг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш нарын эзлэх хувь энэ хугацаанд 61.59 болон 80.59 хувиар өсжээ. Мөн сүүлийн 35 жилийн хугацаанд багшийн цалин нэмэгдэж, энэ хэрээр нэр хүндтэй ажил болж байгаа ажээ. Тодруулбал, багш нарын цалингийн үнэлгээ 1980-аад оноос нэмэгдэж 12 сая төгрөг болжээ. Ингэснээр Хятадын хамгийн сайн цалинтай 19 ажлын байрны жагсаалтын долдугаар байрт орсон.

Энэ нь багш мэргэжлээр сурч, төгсөх хүмүүсийн тоо нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Мөн 5-9 жил ажилласан бага ангийн багшийн цалин, урамшуулал нийлээд жилд 284 мянган юань буюу 142 сая төгрөг байдаг ажээ.

 

Люксембургийн багш нар сард 20 сая төгрөгийн цалин авдаг

 

Люксембургийн дунд сургуулийн багш нар дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг ба тэдний жилийн дундаж цалин нь 67841 евро буюу 251 сая төгрөгийн цалин авдаг байна. Харин сарын дундаж цалин нь 5653 евро буюу 20 сая төгрөг юм. Мөн энэ улсын багш нарын цалингийн доод хэмжээ нь жилд 50184 евро бол дээд хэмжээ нь 88524 еврод хүрдэг ажээ.

 

Герман ажилласан жилээс хамаарч цалин нэмэгддэг

 

Боловсролын системийн чанараар дэлхийд дээгүүр үнэлэгддэг Германд 1-4 жил ажилласан бага ангийн багш жилд дунджаар 38200 евро буюу 133 сая төгрөг, 10-19 жил бол 51200 евро буюу 179 сая төгрөгийн цалин, урамшуулал авдаг байна. Боловсролын системийн чанараар дэлхийд дээгүүрт ордог Германы бага ангийн багш болохын тулд 5.5-6.5 жил суралцдаг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 175 (7419)