Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат сумын алдарт уяач Б.Мөнхбатыг онцолж байна.

 

-Энэ жил таны уугуул нутаг Уулбаян сумын түүхт 100 жилийн ой тохиосон. Ойдоо хэдэн насны морь уясан бэ?

-Нутгийн минь түүхт ой өргөн дэлгэр сайхан болсон. Бүх насны морь уралдсан. Хамгийн цөөн даага буюу 91 хүлэг шандсаа сорьсон доо. Их насны морь гэхэд 200 гаруй уралдсан байх жишээтэй. Би жилдээ зургаан насны морь уяж нааддаг. Харин энэ жилийн хувьд хоёр шүдлэн үрээ наадамдаа сойлоо. Тэгш ой манайханд ээлтэй байдаг.  50 жилийн ойд өвөөгийн аварга, соёолон түрүүлж торгон жолоо өргөсөн. 1974 онд Уулбаян сумын 60 жилийн ойд аавын аварга, соёолон түрүүлсэн. Дараа нь 70 жилийн ойд их насны морь аман хүзүүнд, хязаалан айргийн дөрөвт, шүдлэн үрээ айрагт хурдлуулсан. 80 жилийн ойд соёолон шүдлэн түрүү хүртсэн. Ингээд 100 жилийн ойдоо шүдлэнгээ айргийн дөрөвт хурдалж одтой сайхан наадлаа. Гурван үеэрээ ийм амжилтууд гаргасандаа талархдаг. Энэ жил бүсийн наадамд хээр морь маань айргийн гуравт хурдалсан. Ингээд л энэ жилээ өндөрлүүллээ. Би сүүлийн хоёр жил сумандаа наадаж байна. Үүнээс өмнө аймаг болон бусад газрын наадмыг зорьдог байсан.

-Та уяачийн эрдэмд шамдсан түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Би 1998 онд Уулбаян сумын нутагт орших Алтан овооны наадамд соёолон үрээгээ уяж байлаа. Тухайн үед үрээ маань айргийн гуравт хурдалсан. Энэ үед аав Өвгөн ноёны наадамд явсан. Би арыг нь дааж сумандаа морио уралдуулах үүрэг хүлээсэн. Ингэж л  уяачийн эрдэмд шамдсан юм. Би аз хийморийн бэлгэдэл болсон хурдан хүлгээ  уяад 26 жилийг үджээ. Миний аавыг М.Баазар гэдэг аймгийн алдарт уяач цолтой хүн байлаа.  Аав их зөвлөгөө өгнө, би ч чадахгүй зүйлээ асуудаг байсан. Буян заяатай аав минь 80 нас хүрээд одоогоос гурван жилийн өмнө нартаас буцсан даа. Аав 14 наснаасаа морь уяж эхэлсэн. Б.Банзрагч гэж хүнийг дагаж морь уяж сурсан гэдэг. Аавын аав буюу миний өвөө Г.Мишиг төрсөн дүүгээсээ аавд азарга авч өгсөн. Аав ингэж л уяачийн эрдэмд шамдсан. Хилтэй хээр гэж аварга нь их хурдан хүлэг байсан. Олон ч наадамд шандас сорьсон. Одоо энэ сайхан хүлгийн үр удмыг уяж байна.

-Аавынхаа үргэлжлэл болж яваа үйлс нь бахархалтай санагдаж байна. Ах дүү нараас нь өөр морь уяж яваа хүн бий юу?

-Бид эхээсээ 10-уулаа. Үүнээс зургаа нь хүү, дөрөв нь охин. Бид олуулаа сайхан дурсамжийг бүтээж өсөж торнисон. Бид бүгд хөдөө нутагтаа малаа маллаад амьдарч байна. Аав хэлэхдээ “Сайн эдэлсэн морь уяа шаарддаггүй” гэдэг байсан. Үүнээс гадна наадамд уралдахын өмнө морь шинжиж зөвлөгөө өгнө. Аав Монгол Улсын алдарт уяачийн болзол хангасан. Төрт ёсны баяр наадмаас 41 түрүү, 68 айраг, Аймгийн наадмаас зургаан түрүү, гурван айраг, улс бүсийн чанартай наадмаас нэг түрүү, зургаан айраг авсан. Мөн уул овоо болон бэсрэг наадамд 31 түрүү,43 айраг хүртсэн. Энэ сайхан амжилтаар нь бахархахгүй байхын аргагүй.

-Өнгөрсөн хугацаанд олон наадамд оролцсон нь лавтай. Сэтгэлээс гарддаггүй наадам гэвэл?

-Мэдээж аавтайгаа наадсан наадмаа нэрлэнэ. Бид сум үүсгэн байгуулагдсаны 96 жилийн ойд хязаалангаа айргийн дөрөвт, шүдлэнгээ зургаад хурдлуулсан. Энэ үед аав “Миний хүү одоо уяач болжээ” гэж билээ. Үүнээс их урам зориг авсан. Энэ наадам миний сэтгэлээс гардаггүй.

-Хурдан морины амжилт сойлго уяатай нь салшгүй холбоотой. Таны морь уяхдаа баримталдаг зарчим юу вэ?

-Сүүлийн хоёр жил аймгийн алдарт уяач Д.Дагвадорж ахтайгаа нэг галд нэгдэж морьдынхоо сойлго уяаг тааруулж байна. Ах маань 2022 онд Сүхбаатар аймгийн зүүн бүсийн наадамд азарга нь аман хүзүүдсэн. Ааваасаа хойш ахаасаа зөвлөгөө авч үйлсийг нь үргэлжлүүлж явна. Сайхан аавынхаа үйлсийг үргэлжлүүлж яваа минь их хувь заяа. Уяачийн хөдөлмөр бүтэн жилийнх. Наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл морьдоо амраадаг. Энэ үед би хадлан тэжээлээ бэлдэнэ. Бусад цагт уяа сойлгод нь анхаарч байна.

-Та унаач хүүхдэдээ ямар шаардлага тавьж, хэрхэн зааж зөвлөдөг вэ?

-Хүүхдийг анх морь унаж сурахад нь мориноос унагахгүй байх хэрэгтэй. Мориноос унаагүй хүүхэд их зоригтой байдаг. Тэд олон жил морь унасан ах нараасаа суралцаад явдаг. Шинэ хүүхдийг уралдахаар зурхай руу явахад нь олон жил морь унасан туршлагатай хүүхдэд нь захидаг. Миний хувьд унаач хүүхэд, хүлэг хоёроо дагадаг. Бидний үйлстэй унаач хүүхэд салшгүй холбоотой. Унаач хүүхэд үгүй бол наадамд уралдах боломжгүй.

-Морийг шинжинэ гэдэг их ухаан юм билээ. Уралдах хурдан хүлгээ хэрхэн шинжиж байна?

-Уяач бүр өөрийн гэсэн арга барилтай. Миний хувьд хурдан хүлгээ хараад өөрийнхөө хэмжээнд шинжилгүй яахав. Хамгийн гол нь тооцоолол чухал. Тухайлбал, энэ гүү, азарга хоёрын дундаас хурдан хүлэг төрөх үү гэдгийг сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл адууныхаа удаам судрыг мэдэх. Би адууны тамгаа их дээдэлдэг. Тамга маань өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн. Унаган тамгатай морио уях жаргал шүү дээ.

-Танай нутаг хурд чуулсан сайхан нутаг гэдгийг хүн бүр мэднэ. Та морины үржүүлэгтээ хэрхэн анхаардаг вэ?

-Таны хэлснээр хурдны өлгий сайхан нутаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Манай нутаг хурд ихтэй учраас наадам нь чанартай болдог. Овооны наадамд морио айрагдуулах амаргүй, их өрсөлдөөнтэй. Би өөрийн унаган адуугаа уяхыг илүүд үздэг. Тиймдээ ч өөр уяачаас морь худалдаж авч цус сэлбээгүй гэсэн үг. Шинэ цагийн монгол адуу цус сэлбэхгүй бол болохгүй. Тиймээс энэ жилийн адууны үржилдээ анхаарч байгаа.

-Уяачийн замналыг сонгос­ноороо ямар үед бахархдаг вэ?

-Наадмын дэвжээнд одтой сайхан наадаад асрын өмнө морио цоллуулах үе хамгийн сайхан. Би 2017 онд сумын алдарт уяач болсон. Гаргасан амжилтаараа энэхүү цолыг хүртсэн. Миний амжилтын ард олон хүний тус дэм бий. Ахын хүүхдүүд морийг минь унаж өгнө. Гэр бүлийн хүн маань сайн ойлгож, дэмждэг. Морь уяхад багагүй санхүү шаардана. Морьдын өвс тэжээлээс эхлээд урсгал зардал өндөртэй. Өнгөрсөн хугацаанд үргэлж дээгүүр давхина гэж байхгүй. Хойгуур ирэх тохиолдол байна. Үүнээсээ дүгнэлт хийж, гаргасан алдаагаа давтахгүйг хичээдэг. Хүүхэд морь эсэн мэнд барианд орох л чухал.

Үндэсний өв соёлоо тээж яваадаа бахархдаг. Би морь уяхаас гадна шагай харвадаг. Аймгийн гоц мэргэн цолтой. Өнгөрсөн хугацаанд олон тэмцээн уралдаанд оролцсон доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 173 (7417)