Б.БУЯНБИЛЭГ

 

“Зууны мэдээ” сонин "Амжилтын эзэн" буландаа спортын дэд мастер О.Есүгэг онцолж байна.

 

-Хамгийн сүүлд олон улсын тэмцээнд оролцсон. Тухайн тэмцээний сонин сайхнаас хуваалцахгүй юу?

 -Би өнгөрсөн долоодугаар сард  БНСУ-д зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын таеквонодогийн тэмцээнд хоёр төрөлд өрсөлдлөө. Ингэхдээ пүмсэ төрөлд хүрэл медаль, тулааны төрөлд алтан медаль хүртсэн. Олон улсын чанартай тэмцээнд оролцоод зорилгоо биелүүлж чадсан учраас баяртай байна.

-Тэмцээнд оролцохын тулд ямар зарчмаар бэлтгэл сургуулилтаа хийсэн бэ?

-Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлээ хийсэн.  Харин ням гарагт амарна.  Бэлтгэлийн үндсэн заал маань Хөвсгөл аймгийн Хөтөл сумын төвд байдаг. Тэндээ очиж долоо хоног хээрийн бэлтгэлд гардаг. Ийм байдлаар тасралтгүй бэлтгэлээ хийж тэмцээнүүддээ оролцсоор ирсэн.

-Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой. Яагаад энэ спортыг сонгож хичээллэх болов?

- Би зургаан настайгаасаа эхэлж энэ спортоор хичээллэсэн. Зургаан жилийн турш тасралтгүй бэлтгэлээ базааж,  тэмцээнүүдэд оролцож байна. Цаашид зорилгодоо хүрэхийн тулд илүү хичээнэ. Таеквондо нь хамгаалах хэрэгсэлтэй тулалддаг учраас өвдөж, бэртэх нь харьцангуй бага. Үүнээс гадна хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй. Тамирчинд дэг журамтай байхыг сургадаг нь сайхан. Би энэ спортоор хичээллэснээр томоотой, сахилга баттай болсон гэж боддог. Төлөвшлийг олж авсан. Клубийн найзууд  үргэлж дэмжиж тусалдаг. Дэвжээн дээр тулалдахаар гарах үед зөвлөгөө өгч сандрал арилгадаг. Манай хичээл өглөө ордог. Хичээлээ тараад гэртээ хариад даалгавраа хийчхээд бэлтгэлдээ явдаг. Ийм байдлаар хэвшил болгоод сурчихсан болохоор аль нэгийг нь орхигдуулдаггүй. Спортын замналыг сонгосон бол цагийн хуваарь гаргах нь чухал байдаг юм билээ. Багш нар шахах, хүнд бэлтгэл хийх үед шантрах мэдрэмж төрдөг. Тэр үед ээж хажууд байж тайвшруулдаг. Ээжтэйгээ ярилцсаны дараа бүх зүйл эргээд байрандаа орж үргэлжлүүлэн бэлтгэлээ хийх хүч ордог. Тэмцээнд оролцох үед хажууд хамт байж урам өгдөг ачтан нь ээж.

-Зургаан жил гэдэг богино хугацаа биш. Өнгөрсөн хугацаанд ямар амжилтууд гаргасан бэ?

-Нэгдүгээр сард болсон “Таеквондо-Пүмсэ” 2024 улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Миний анхны том тэмцээн гэвэл өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ амжилт минь их урам зориг өгсөн. Өмнөхөөсөө илүүтэй таеквондод дуртай болоход нөлөөлсөн шүү.

-Дэвжээнд гарахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Эхэндээ сандарч бэлтгэл дээрээ хийдэг дасгал хөдөлгөөнүүдээ мартдаг тохиолдлууд гардаг байсан. Тэмцээн уралдаанд оролцож удаан хичээллэх тусам туршлагатай болдог юм билээ. Одоо тайван байж, дэвжээнд гараад өөрийн бодсоноо хийж өрсөлддөг болсон. Мөн багшийнхаа захиасыг үргэлж бодож, зориг ордог.

Дараа жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль авах зорилго тавьсан. Түүндээ хүрэхийн тулд одооноос П.Номинчимэг багштайгаа бэлтгэлээ хийгээд эхэлсэн. Манай багш тэмцээнд орохын өмнө бэлдсэн зүйлээ сайн хийгээрэй, сандрах хэрэггүй гэж захидаг. Шагнал авсан баярт мэдээгээ хамгийн түрүүнд аав, ээждээ дуулгадаг. Амжилт гаргаж чадвараа ахиулах үед намайг урамшуулж шагнадаг нь аз жаргалтай. Мөн багш нар, ангийн найзууд маань ч гэсэн дэмжиж магтдаг болохоор илүү хичээж амжилтаа ахиулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7416)