Б.ДАМДИН-ОЧИР

 

Ер нь бол албан тушаалд дурлах, тийш тэмүүлэн зүтгэх байдлаараа манай хууль хяналтын байгууллагынхан улстөрчдөөсөө илүү гэдэг юм. Энэ үнэний ор өндөртэй. Хэдэн жилийн өмнө Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн байхдаа чуулган дээр “...Манай ах нар албан тушаалын сураг гарахаар ордны коридороор гурав, дөрөв, түүнээс дээш араандаа хийгээд хурдалчихдаг” гэж хэлж байлаа. Яг л энэ. Нөгөө сайхан шүүгч, прокурор, цагдаа тагнуул, шүүхийн шийдвэрийн хурандаа нар, АТГ-ын комиссарууд чинь Ерөнхий шүүгч, прокурор, Ерөнхий газрын даргын суудлын сурагаар хурдаа авна шүү дээ.

Ойрноос манай хууль хяналтын хашрууд хөдөлгөөнд ороод байна. Учир нь ирэх 2025 онд хоёр ч том албан тушаал онгойх сураг гарсан. Сураг ч гэж, хуулиараа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны гуравдугаар сарын 28-нд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг албан тушаалаас нь огцруулах тухай зарлиг гаргасан. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд Б.Жаргалсайханыг Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлаар зөвшилцөх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Ингээд маргааш нь буюу УИХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Б.Жаргалсайхан тэр чуулган дээр “…Эрүүгийн хуулийн цагдан хорих, таслан шийдвэрлэх арга хэмжээг буруу хэрэглэж, хэрэг хүлээлгэдэг явдал байна уу даа гэж боддог. Тагнаж чагнадаг тухай асуудал байгаа нь үнэн. Эрүүдэн шүүх явдал ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл. Би Ерөнхий прокуророор томилогдвол эрүүдэн шүүх асуудлыг таслан зогсоохоос ажлаа эхэлнэ” гэж байв. Тэгээд гишүүдийн 83.3 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилсон. Тэр өдөртөө Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг томилсон зарлигийг гаргаж байв.

Мөн З.Дашдавааг АТГ-ын даргаар томилуулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы 2019 оны тавдугаар сарын 2-ны хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулахдаа “…Нийгэмд шударга ёс алдагдаж, авилга хүнд суртал гаарсныг иргэд шүүмжилж, энэ гажуудлыг таслан зогсоож, тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага хангалтгүй ажиллаж байгаад холбогдох байгууллага, албан тушаалтнууд зохих ёсоор анхаарч, АТГ-ын хууль зөрчин ажиллаж байгаа удирдлагуудыг солих, авилгатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хуулийн байгууллагуудыг үр дүнтэй шударга ажиллуулах тал дээр дорвитой арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм. Иймд АТГ-ын даргаар З.Дашдавааг, томилуулахаар санал болголоо” гэсэн. УИХ-ын гишүүдийн 94.6 хувийн саналаар З.Дашдаваа АТГ-ын дарга болж байв.

Ингэж хуулиар хоёулаа зургаан жилийн хугацаатай томилогдсон. Прокурорын тухай хуулийн 46.1-т “…Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Харин Авлигын эсрэг хуулийн 21.1-т “…АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хуультай. Үүгээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхын бүрэн эрх 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд, АТГ-ын дарга З.Дашдаваагийнх 2025 оны тавдугаар сарын 2-нд дуусна. Тиймээс салбарынхан нь тэдний орыг залгачих санаатай дээгүүр доогуур гүйлдэж, зарим үед хэвлэлээр “…Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ” гэсэн мэдээллүүд гүйлгэж байна. Өөрөөр хэлбэл, дараа жил томилогдох дараагийн Ерөнхий прокурор, АТГ-ын даргын төлөөх сунгаа эхэлжээ. Дашрамд хэлэхэд, өмнө нь Ерөнхийлөгч хоёуланг нь санал болгодог байсан. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгох хуультай болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7415)