“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Lead Сэцэн Хан” залуусын хөдөлгөөний зохицуулагч Б.Түмэнбаярыг урилаа.

 

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ БА ХӨГЖЛИЙН ШИНЭ ТӨРХ

Блиц

Мэргэжил:

♦Бизнесийн удирдлага

Ажлын туршлага:

♦2020 оноос Ерөнхий сайдын Их хурал хариуцсан туслах

♦2021 оноос Хэнтий аймгийн Оюутан залуучуудын холбооны гүйцэтгэх захирал, СДМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

♦2024 оноос Lead Сэцэн Хан залуусын хөдөлгөөний зохицуулагч

2000-аад оны эхээр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого батлагдаж байсан юм билээ. Ер нь нийслэл хот болон аймаг тус бүрийг хөгжүүлэх бодлогын баримт бичиг цаасан дээр буусан байдаг. Тэгэхээр ямар нэг гарц шийдлийг эрэлхийлж бичиж, тэмдэглэж үлдээсэн хэрэг л дээ. Харин бодит ажил хэрэг болсон талаар бол арай өөр дүр зураг харагдана. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 481 дүгээр тогтоолоор 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж  хувьд 21 аймаг, сум, дүүрэг гэхээсээ илүү бүсчилж хөгжүүлэх хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажлаа эхлүүлээд байгаа нь зөв гэж хардаг. Учир нь бид импортлогч улс. Бидний экспортын гол бүтээгдэхүүн бол нүүрс, зэс. Гэтэл дэлхийн дулааралтай холбоотойгоор хүлэмжийн хийг бууруулах чиг баримжааг дэлхий нийтээр баримталж байна. Ялангуяа манай улсын урд хөрш 2035 он гэхэд түүхий нүүрсний хэрэглээгээ эрс бууруулах бодлого баримталж байгаагаа зарлачихлаа. Тиймээс цаашид бид хэрхэн хөгжих вэ гэдэг шинэ дүр төрхийг, чадамжийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна шүү дээ. Тэгэхээр үр дүнгүй зардлыг бууруулж илүү өгөөжтэй байх хөгжлийн бодлого хэрэгтэй гэсэн үг.

Улсын төсвийн хуваарилалтыг энгийн жишээгээр авч үзвэл Болдынх таван хүүхэдтэй. Тэрээр хүүхдүүддээ хичээлийн хэрэгслийг нь бэлдэх ёстой. Гэтэл түүнд 100 мянган төгрөг байгаа гэж бодьё. Мэдээж гэрийн эзэн 100 мянган төгрөгийг хүүхэд тус бүртээ хүргэхээр зорьвол тус бүр 20 мянган төгрөгөөр асуудлаа шийдэх болно. Харин хэнд нь юу хэрэгтэй байгааг тодорхойлоод, нэн тэргүүнд хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авахаар эрэмбэлвэл 100 мянган төгрөг илүү үр дүнтэй зарцуулагдана. Үүнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байгааг зөв алхам гэж харж байна.

Бас нэг жишээ хэлье. Жишээлбэл, зүүн бүсийн хэмжээнд Дорнод аймаг гурилын томоохон үйлдвэртэй учраас Сүхбаатар, Хэнтий аймгуудад гурилын үйлдвэр шинээр барих шаардлагагүй.Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чандганы талд зүүн бүс төдийгүй улсын хэмжээнд томоохонд тооцогдох М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай олон улсын жишигт нийцсэн эрчимжсэн мал ажуйн Метагро гэж том төсөл хэрэгжиж байгаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогын гол агуулга нь энэ. Тиймээс орон нутгийн бус бүсийн хэмжээнд төлөвлөж, сэтгэж ажиллах учиртай.

 

ЗҮҮН БҮСИЙН ХӨГЖИЛ БУЮУ ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Монгол Улсын хувьд зургаан бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Би зүүн бүс нутгийн хүн. Манай бүс эдийн засгийн хөгжлөөрөө гуравт эрэмбэлэгдсэн байна лээ. Монгол Улсын Засгийн газраас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлал, боомт-тээвэр логистик, эрчимжсэн мал аж ахуйн бүс болгон хөгжүүлэхээр  зарласан.

Мэдээж хөгжлийн гол гарц нь дэд бүтэц, зам харгуйн асуудалтай шууд холбоотой. Тиймээс зүүн бүсийн сумдуудыг хатуу хучилттай авто замаар үе шаттай холбох ажил эрчимтэй явагдаж байна. Өөрөөр хэлбэл, бид саалиа бэлдэхээс урьтаад саваа бэлдэх учиртай юм. Учир нь бид хүмүүсийг хүлээж авах боломжоо сайтар бүрдүүлж чадаагүйгээс бидэнд байгаа давуу тал маань сөрөг тал болох эрсдэл дагуулна. Хэдийгээр жуулчдын тоог нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа нь өнөөдрөөр хязгаарлагдаж болохгүй. Учир нь тухайн дурсгалт газар зорьж очсон жуулчны сэтгэгдэл Монгол Улсыг зорих хүмүүсийн урсгалыг нээх үү, хаах уу гэдэг анхны сэтгэгдлээс л шалтгаална. Тэгэхээр бид бартаа ихтэй замаар явж оччихоод бие засах, амарч тухлах боломжийг нь хангаж чадахгүйд хүрвэл дахиж хэзээ ч ирэхгүйгээр барахгүй өөр бусдыг битгий оч гэх болно. Үүнийг хүн бүр л мэддэг. Тэгэхээр дэд бүтэц, худалдаа, үйлчилгээний ажлаа сайтар хийчихээд жуулчин татах маркетингаа түүний дараа явуулах нь зүйтэй гэж харж байгаа.

Хамгийн гол нь бид цаасан дээрх бодлогыг бодит ажил хэрэг болгохын тулд үр дүнд хүрэх арга замыг сонгох ёстой юм. Задгай хээр талд уул ус харуулаад “Тэмүүжин, Боорчи хоёр анд барилцсан газар” гээд ерөнхий байдлаар ярих нь жуулчинд үлдээх сэтгэгдэл, дүрслэл ямар байх вэ гэдгийг тааварлашгүй. Тэгвэл “Тэнгэрийн андгай” хөшөөг зорьж очоод энэ талаар ярих нь илүү байхын зэрэгцээ тэнд худалдаа, үйлчилгээний газруудыг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэх нь ирээдүйд илүү өгөөжийг бий болгоно гэж хардаг. Түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэхээр зорилт тавьсан учраас Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд Тэнгэрийн андгай хөшөө, Их хуралдай цогцолбор, Шихихутаг цогцолбор, Монголын Нууц товчоо цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

Нөгөөтээгүүр, Зүүн бүсэд олон улсын зургаан боомт байдаг нь Монгол Улс зүүн өмнөд Азитай холбогдох хамгийн ойр гарц нь болж байна. Мөн түүхэн аялал жуулчлалын зам Чингис хотоос дамжиж явсаар Дорнодын Ульхан боомтоор дамжин ОХУ-тай холбогдох боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр зөвхөн Ази төдийгүй Европ руу авто замаар холбогдох боломжтой гэж харж байгаа.

 

АЖИЛЛАХ ХҮЧ БА СУМДЫН ХӨГЖИЛ

 

Түүнээс гадна бүсийн хөгжлийг дагаад сум, суурин газруудын хөгжил яригдах нь зүйтэй. Бид аялал жуулчлалын бүс болно гэж зорих ч тэнд ажиллах боловсон хүчний асуудлыг орхигдуулж болохгүй. Өнгөрсөн зун би зүүн бүсийн залуустай уулзсан. Сумдад яваад очиход Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас өөр ажлын байр алга. Энэ нөхцөлд нутагтаа ирээд ажиллаарай гэж уриалахад учир дутагдалтай байгаа юм. Ажлын байр байхгүй газар мэргэжилтэй боловсон хүчин “байршуулах” боломжгүй шүү дээ. Улс бүсийн хөгжлөө тодорхойлоод явж байгаа энэ үед сумд хэрхэн хөгжих вэ гэдэг “зурагаа” гаргах нь зүйтэй гэж хардаг. Манай аймаг гэхээс илүү бүсийн хэмжээнд хил залгаа орших сумд харилцан уялдаатай хэрхэн хөгжих вэ гэдгээ тодотгоод явах хэрэгтэй. Сүүний үйлдвэр ажиллуулахаар чамгүй хөрөнгө зарцуулсан ч дампуурах хэмжээнд тулсан тухай бизнес эрхлэгч ярьж байна. Нутагтаа үйлдвэр байгуулж ажлын байр нэмэх зорилготойгоор хөрөнгө оруулалт татаж ирсэн ч зах зээл, ажиллах боловсон хүчин зэрэг олон асуудлыг даван туулах орон зай гараагүй учраас дампуурахаас өөр сонголт үлдээгүй гэдгээ хэлж байсан. Энэ юуг харуулж байна вэ гэвэл, аливаа бизнес ашигтай байгаа нь бүх газарт адилхан байх ёстой гэсэн үг биш гэдгийг. Мэдээж зардал хэмнэгдэхийн сацуу үйлдвэрлэлийн хэмжээг тогтмол өсгөснөөр бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах боломж бүрдэнэ. Энэ бүхэн эцэстээ ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх арга замыг бүрдүүлнэ. Жишээлбэл, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Бор-Өндөр сумд хоорондоо 45 км-ын зайтай оршдог. Бор-Өндөр уурхай дагасан сум учраас хөгжил илүү. Тэгэхээр энэ гурван сум дундаа махны болон сүүний үйлдвэр байгуулах боломж бий. Худалдан авах зах зээл нь тодорхой байна шүү дээ. Бор-Өндөр хүн ам ихтэй учраас тэнд борлуулалт илүү байх боломжтой. Сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүний хэрэглээ буурдаггүй. Тэгвэл Бор-Өндөрийн уурхай нийслэлээс хүнсний бүтээгдэхүүнээ зөөвөрлөх үү, 45 км-ын цаанаас худалдаж авах уу гэдэг сонголт хийнэ. Мэдээж тээвэрлэлтийн зардал, цаг хугацаа хэмнэх боломж байгаа учраас өөрт ойр зах зээлийг сонгох нь бизнесийн зарчим шүү дээ. Энэ мэтчилэн байгаа боломжоо давуу тал болгон ашиглаж хөгжих нь бүсчилсэн хөгжлийн гол зарчим юм. Энэ онд Засгийн газраас “Шинэ хоршоо-Хөдөлгөөн”-ийг санаачилсан нь Хөдөө аж ахуйг дэмжсэн маш том бодлого. Энэ боломжийг орон нутгийн иргэд алдаж болохгүй.

 

Төгсгөлийн оронд...

 

Өнгөрсөн өвөл улсын хэмжээнд зудын нөхцөл байдалтай хүнд байсан. Би Хэнтий аймгийн Галшар сумын унаган хүүхэд. Тиймээс төрсөн нутгийнхаа малчдад туслах аяныг өрнүүлэн бэлэн болон бэлэн бусаар 60 гаруй сая төгрөгийн хандив тусламжийг цуглуулж хүргүүлсэн. Түүнчлэн цасанд боогдсон малчдад зам гаргах ажлыг хийлгүүлсэн. Энэ бүх ажлыг нугалахад нутгаа гэсэн сэтгэлтэй олон хүмүүс маш их дэмжлэг үзүүлж хамтарч ажилласанд талархаж явдаг. Эндээс хүмүүс нутаг орноо гэсэн сэтгэл тээж явдаг юм байна. Тэгвэл бид ирээдүйд бүсчилсэн байдлаар сум орон нутгийг хөгжүүлэх боломж байна гэж харсан. Цаашид нутгийн орныхоо хөгжлийн төлөө зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, орон нутгийн  удирдлагууд, нутгийн иргэдтэйгээ хамтраад орон нутгаа хөгжүүлэх олон ажлууд хийнэ гэж бодож байгаа. Тухайлбал, сумын төвд мал, мах, түүхий эд бэлтгэн боловсруулах анхан шатны жижиг үйлдвэр, мөн малын тэжээл тариалах төсөл хэрэгжүүлэх, мөн Хужиртын төв дээр байнгын өндөр хүчдэлтэй болсон давуу тал, “Шөрмөсөн чулуут дов”-ыг түшиглээд улсын хэмжээний хурдан морины түүх соёлын цогцолборыг бий болгож эвент арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулах, мөн сумын боловсон хүчнийг бэлтгэх, дэмжих хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг болно.

2016 онд намайг оюутан болох жил одоогийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн есөн сумын оюутанд өөрийнхөө нэрэмжит тэтгэлэг олгосон юм. Би дараа жил нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тэтгэлэгт хамрагдаж Хэнтий аймгийн залуу манлайлагчдын “Lead Khentii” клубт гишүүнээр элсэж удирдах зөвлөлийн гишүүн болж байлаа. 2020 онд их сургуулиа төгсөөд өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Их Хурлын гишүүний туслахаар ажиллаж байгаа.

2020 оноос “Lead Khentii” клубийн тэргүүн болсон. Өнгөрсөн зун Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж клубийн үйл ажиллагааг зүүн бүсийн хэмжээнд нэгдэж явуулах нь зүйтэй гэж үзэн “Lead Сэцэн Хан” залуусыг давалгааг өрнүүлсэн.

Би хүүхэд байхаасаа л  шөнө унтахын өмнө олон гоё зүйлийг мөрөөдөж, дүрсэлж боддог байлаа. Тийм болохоор мөрөөдөлдөө хүрэхийн тулд илүү хичээх ёстой, сайн сурах ёстой гэж өөрийгөө хурцалдаг байсан. Магадгүй хүмүүс намайг амбицтай гэх байх. Би хувьдаа амбиц гэдэг нь аливаа зүйлд амжилт гаргахын төлөө, бусдыг манлайлж, зөв үлгэрлэл дууриалал үзүүлэхийн төлөөх хичээл зүтгэл гэж ойлгодог. Тийм ч учраас нийгмийн идэвхтэй, манлайлалтай амьдрахыг чухалчилсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)