Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин Монгол шуудангийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазарыг урьж ярилцлаа.
-Монгол марк хэвлэгдэж гарснаасаа хойш 100 жилийг үджээ. Энэ хугацаанд гарсан ололт амжилтаас ярилцлагаа эхлэх үү?
-Сүүлийн үед гүйлгээнд гаргаж байгаа марк бүрийнхээ нээлтийг хийж, үзэсгэлэнд толилуулж байгаагаа дуулгахад таатай байна. Он гарснаас хойш бид найман марк гаргалаа. Сүүлд гэхэд Улаанбаатар төмөр замын 75 жилийн ойн маркийг бүтээлээ. Ирэх сараас цуврал маркаа гаргахаар ажиллаж байна. Энэ жил 20 гаруй марк гаргахаар төлөвлөсөн. Өмнө нь жилдээ 10 гаруй сэдвийн марк хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд сэдвийн тоо харьцангуй өссөн. байна. Өнгөрсөн жил бид 24 сэдвийн марк гүйлгээнд гаргасан. Өнгөрсөн тавдугаар сард бид Монголын анхны “Элдэв-Очир” маркийг ЮНЕСКО-д бүртгүүлж дэлхийн өв болгож бүртгүүлж чадсан. Энэ нь хамт олны минь бахархаж ярих зүйлийн нэг. “Элдэв-Очир” марк 1924 оны наймдугаар сарын 2-нд гүйлгээнд нэвтэрсэн гэж судалгаанд бичигдсэн байдаг.
-Монголын хамгийн анхны марк гарахдаа үнэ ханшийн тухайд ямар байсан бол?
-“Элдэв-Очир” хэмээх анхны долоон маркийн загвар, дизайныг 1923 онд “Цахилгаан мэдээ” шуудан бичгийн хорооны түшмэл М.Бат-Очир гэдэг хүн Ардын засгийн газарт танилцуулсан байдаг. Ингээд ямар агуулгатай болохоо тайлбарлаж очрыг сонгосон. Очрыг бид Нацагдорж гэж нэрлэх нь бий. Бат бэх, дийлэгдэшгүй хүч чадлын бэлгэдэл. Ингээд долоон очрыг зурж бүтээхдээ марк болгож хэвлүүлсэн. Тухайн үед Монгол Улс өөрийн төгрөг, мөнгөн дэвсгэрт гараагүй байсан учир центээр үнийг нь илэрхийлсэн гэдэг. Тухайлбал, нэг цент, хоёр цент, таван цент, 10 цент, 20 цент, 50 цент гэж явсаар долоо дахь марк нь нэг долларын үнэтэйгээр шуудангийн гүйлгээнд нэвтрүүлжээ.
-“Элдэв-Очир” маркийн долоон очир өөр. Хүн харахад энгийн нэг очиртой мэт боловч зарим нь цэгтэй, цэггүй, шовх үзүүртэй байх жишээтэй. Хятадын юань, Оросын рублиэр тэмдэгт тавих боломжтой байсан ч тив алгасаж Английн мөнгөн тэмдэгтийг ашиглажээ.
-Анхны марк 1924 онд хэвлэгдэж гарчээ. Маркийн хөгжлийн оргил үе гэвэл та хэдэн оныг онцлох вэ?
-Анх марк гарснаас хойш дунд үедээ хөгжил нь өндөр түвшинд хүрсэн гэж хардаг. 1958-1980-аад оны дунд хүртэл манай улсын маркийг Унгар улсын есөн зураач зурж байсан гэдэг. Мөн монгол зураач нар зурна. Таван жилээр маркийн төлөвлөгөө гардаг байсан. Эхэн үедээ манай улсын маркийг ОХУ хэвлэж өгдөг байсан. Тэр үеийн маркийн тухайн үеийн хүмүүс их үнэлдэг байсан юм билээ. 1958-1980-аад оны дунд хүртэл Унгарт хэвлэх ажиллагаа явагдсан. Ардчилал гарснаас хойш БНХАУ, Америк, Герман, Япон тэргүүтэй олон газар маркаа хэвлүүлсэн. Харин 2017 оноос Франц улсад хэвлүүлж байгаа. Өнгөний өөрчлөлт, алдаагүй хэвлэгдэж ирдэг. Бидний зурснаар марк хэвлэгдэж гүйлгээнд гарч байна.
Марк бүр түүхтэй. Марк үйлдвэрлэлийг дагаад марк цуглуулах зүйл бий болдог. Бид захидалд зориулж марк үйлдвэрлэж байгаа ч салбарлаад цуглуулга болж гарч байна. Анхны марк гарсны дараагаа марк цуглуулах хэрэгцээ гарсан. Дэлхийд хоббины хаан цуглуулгыг марк цуглуулах гэж нэрлээд байгаа. Тасралтгүй цуглуулдаг том сэдэв бол марк. Маркийн дүр дүрслэлээс хамаараад өөрийн сонирхлоороо цуглуулах боломжтой.
-Жил бүрийн маркийн онцлог, бэлгэдэл нь өөр. Луу жилийн маркийн онцлог юу байв?
-Манай байгууллагаас анх 1972 онд жилийн маркийг бэлтгэж гаргасан. Үүнээс хойш хэвлэгдэж байгаад дундаа хэсэг хугацаанд завсарласан үе бий. Харин 1994 оны нохой жилийн маркаас хойш жил бүр тасралтгүй гарч байгаа. Цаашид ч үргэлжилнэ. Борлуулалт сайтай байдгаараа онцлог. Мөн Европын орнууд жилийн маркийг үйлдвэрлээд хэвшсэн байдаг. Дэлхий нийтээрээ жилийн маркаар сэдэв гаргасан. Жилийн маркийг цувралаар гаргахаар марк сонирхдог, цуглуулдаг хүмүүст хүлээлт үүсдэг. Учир нь тэд дараа жил ямар марк гарах бол гэж боддог байх. Жилийн марк ашиглаж хоорондоо захидлаар харилцдаг хүмүүс байдаг.
Энэ жил модон луу жил гарсан. Зурхайч Ж.Гончигсүрэн, н.Даваабаяр нартай зөвлөлдөж гаргасан. Лууны соёл эртнээс улбаатай. Энэ жилийн маркийг бүтээхдээ Хүннүгийн үеийн олдвороос хос мөнгөн лууг сэдэвчилж гаргасан. Луу монголоос үүсэлтэй болохыг харж болно. Мэдээж луу бэлгэдлийн амьтан ч олдсон олдвор дээрээ түшиглэж бүтээл болгосон.
-Жилийн маркаас гадна олимпын марк гардаг. Энэ жилийн марк хэзээ гүйлгээнд гарах вэ?
-Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа зуны олимпын маркийг тасралтгүй үйлдвэрлэхийг хичээдэг. Бид 1960 оноос хойш хүн төрөлхтний олимпын наадмын маркийг тасралтгүй гаргасан. Энэ жилийн “Парис 2024” олимпын маркийг ирэх сард гүйлгээнд гаргана. Сэдвийн марк дахин давтагдашгүй зураг агуулгатай. Мөн хоёр жил дамнаж гардаг цуврал марк бий. Маркийг шуудангийн харилцаа холбоог ашиглаж захидал бичихдээ төлбөр төлсний баримт болгож ашигладаг. Захидал бичиж илгээж байгаа хүмүүс маркийг ашиглахад зориулсан. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон улсын үнэт цаас гэж ойлгож болно.
-Мэдээж марк бүрийн хэвлэгдэх хугацаа харилцан адилгүй байх. Ямар шат дамжлагаар гардаг бол?
-Марк бүр загвар, агуулгаасаа шалтгаад харилцан адилгүй хугацаа шаардана. Зарим үед 2-3 сарын судалгаа хийх нь бий. Харин сэдэв нь тодорхой маркийг хийхэд нэг сар болно. Манайх одоогоор гурван зураачтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сэдэв агуулга нь тодорхой болсны дараа зураач нар зурдаг. Зурж дуусаад хэвлэлтэд Франц улс руу явуулна. Нэг маркийг гүйлгээд гаргахад ойролцоогоор дөрвөн сарын хугацаа зарцуулдаг. Марк гаргахдаа шуудангийн хуульд заасан заалтуудыг мөрдөнө. Үүнээс гадна Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас бидэнд хоёр жилээр сэдэв баталж өгдөг. Одоо бидний хийж байгаа маркийн сэдвийг 2022 онд баталж өгсөн. Мөн эрдэмтэн, доктор, судлаач нараас зөвлөгөө авч агуулгад нь тусгадаг.
-Марк гаргахдаа юун дээр голлож анхаарч байна?
-Марк үйлдвэрлэхэд олон хүний хөдөлмөр шингэдэг. Судалгаа дутуу хийгдэж маркаа гүйлгээнд гаргавал олны шүүмжлэлд өртөх эрсдэлтэй. Тиймээс хянуур хандаж, судалгаанд анхаарах чухал. Марк нь тусгаар улсын баталгаа болдог учраас бидэнд алдах эрх байхгүй. Дэлхийн 192 орныг нэгтгэж чадсан шуудан холбооны гишүүн орон бүрд марктай захидал илгээгддэг. Монгол Улсын нэрийн хуудас болсон маркийг алдаатай үйлдвэрлэх утгагүй. Марк нь өмнөхөөсөө чанартай, хүнд өгөх мэдээлэл нь баялаг байдлаар бүтээхийг зорьж ажилладаг.
-Гар утас, интернэт үүсэхээс өмнө захидал хүмүүсийн харилцаандаа ашигладаг байсан. Харин одоо захидлаар харилцах нь харьцангуй багассан байх?
-Зах зээл эргэлт нь шуудан харилцаа холбоог хэр хүн ашиглаж хэд нь захидал дээрээ марк нааж байгаагаас хамаарна. Манай марк биет захидалд зориулагдсан. Өөрөөр хэлбэл төлбөр төлснөө баримтжуулж байгаа хэрэг. Уламжлалт захидлын харилцааг марк тодотгож өгдөг. Одоо үед цахим орчин өндөр түвшинд хөгжжээ. Тухайн хүн манайхтай холбогдоод интернэтээр мөнгөө төлчихвөл хэдэн ч хүн рүү явуулах эрх нь нээгдэж байгаа. Тухайлбал, орон нутгаас нийслэлд байгаа найздаа захидал бичихийн тулд нэг захидлын цаас, дугтуй марк шаардлагатай. Харин одоо гар утсаар холбогдоод ажлаа зохицуулдаг болсон. Ингэхээр маркийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багассан. Гэхдээ захидал бол соёлтой хүний хэрэглээ гэдэг утгаараа өдгөө оршиж байна. Хүн хүнээ хүндэлж байгаа цагт захидлыг ашигладаг. Тухайлбал, тэмдэглэлт өдөр, баяр ёслолын үед сэтгэлээ шингээгээд захидал хаяглалаа гэхэд марк үнэ цэнтэй. Ирсэн захидлынхаа марк, дугтуйг хадгалахад тухайн хүний өв, баримт болоод үлдэх жишээтэй. Тухайн дугтуйнаас хамаараад өөр өөр хэмжээтэй марк наана. Мөн ардаа цавуутай байдаг нь чийглээд наахад зориулагдсан. Бүх марк нууцлалтай цаасаар үйлдвэрлэгдэнэ. Мөн дэлхийн шуудан холбооны байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан үйлдвэр марк хэвлэх эрхтэй. Маркийн сэдэв давтагддаггүй. Жилийн дараа эргээд дүгнэхэд ямар марк эрэлттэй байсан нь гарч ирнэ. Өнгөрсөн жил Пап ламын марк эрэлт ихтэй, өндөр борлуулалттай байлаа. Мөн дөрвөн аймгийн марк гаргасан.
-Та Монгол шуудан компанид олон жил ажилласан юм билээ. Өдий хугацаанд ихийг хийж бүтээсэн нь лавтай?
-Би Хэвлэлийн технологич инженер мэргэжилтэй. Өөрийн сонирхолдоо түшиглэж мэргэжлээ сонгосон. 2002 онд их сургуулиа төгсөөд Монгол шуудан хэмээх их айлтай амьдралаа холбосон. Анх оператор гэрэл зурагчнаар ажиллаж эхэлсэн. Дараа нь маркетингийн албанд дизайнераар ажилласан. Ингээд 2009 оноос маркийн газартаа дизайнер болсон. 2016 оноос Марк, үнэт цаасны хэлтсийн даргын ажлыг хашиж байна. Монгол шуудандаа 22 дахь жилдээ ажиллаж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам туршлага хуримтлагддаг. Анх дизайн дээрээ зураачтайгаа хамтарч ажилладаг байсан бол одоо зааж чиглүүлж явна.
Шуудангийн маркийн соёлыг бусдад түгээх, таниулах тал дээр ажиллаж байна. Тухайн маркийн нээлтийг тогтмол хийдэг боллоо. Энэ нь маркийг гүйлгээнд гаргаж байгаа нэг хэлбэр. Судалгаа шинжилгээнд хамтарсан, зөвлөгөө, туслалцаа үзүүлсэн хүмүүстэй хамтраад ёслолын үйл ажиллагаа хийдэг болсон. Нөгөөтэйгөөр бид гадаад болон Монгол хүмүүсийн зөвлөгөө санааг харьцуулж жишдэг. Нэг хүний үгээр судалгаагаа хийдэггүй гэсэн үг. Өөр эх сурвалжтай харьцуулах жиших, дүйцүүлэх, өмнөхтэйгөө тулгах зэрэг судалгааны ажлыг чамбай явуулдаг.
-Жил бүр маркийн үнэ нэмэгдээд явдаг уу, үнийг тогтвортой байлгах тал дээр ямар бодлого барьж байна?
-Шуудангийн маркийн үнэ нь тухайн шуудангаа хэдэн төгрөгөөр явуулж байгаагаас хамаарна. Тариф дээрээ тулгуурлаж үнээ гаргана. Өнөөдрийн манай гадаад шуудангийн тариф 0-100 грамм нь 3300 байгаа. Харин хөдөө орон нутаг руу 0-100 грамм энгийн захидал дээр 1650 төгрөг, нийслэл хот, аймаг дотор 100 грамм захиа 1100 гэсэн үнэтэй маркууд гүйлгээнд гарч байгаа. Энэ тарифыг “Монгол шуудан” компаниас мөрддөг.
-Бусад оронтой харьцуулахад манай улсын маркийн давуу тал юу вэ?
-Улс бүр өөрийн гэсэн соёл, угсаа гаралтай. Монгол гэдэг агуулгаа яаж илэрхийлэх чухал, үндэсний хээ хуарыг шигтгэж өгдөг. Бидний соёлоос их хамаарч байгаа. Мөн бичиг үсгийн соёл өвлөгдөж, уламжилж ирсэн. Өнгөний бэлгэдлүүд байна. Дулаан өнгө гэвэл улаан, хүрэн өнгө ч юм уу, хүйтэн гэвэл цэнхэр, тод хөх өнгө орно. Тэгэхээр өнгө бүрд дээр анхаарч маркаа бүтээдэг. Орон орны марк соёлоосоо хамаарч ялгарч байгаа юм. Уран зургаар ихэвчлэн хийдэг учраас монгол зургийн аргаар бүтээдэг. Мөн фото марк гарна. Тухайлбал, Эрдэнийн чулуу марк гэхэд фото аргаар бүтээгдсэн. Зургийг зурж байгаа тохиолдолд монгол зургийн дэг жаягийг барьж, өнгөний уусгалт, хүрээ чимэглэл хэсгийг илүү бодолцож бүтээдэг.
Ямар марк болсон, хэр үнэ цэнтэй бүтээл эсэхийг нь хөндлөнгийн хүмүүсийн дүгнэнэ. Үүнээс биш сайн гээд өөрийгөө дүгнэх утгагүй. Мэдээж урьд өмнө нь хийж байсан маркуудаас энэ удаагийнх онцлог, шинэлэг, цаг үетэйгээ хөл нийлсэн маркийг бүтээхийг зорьж ажилласан. Дахин давтагдашгүй, марк нэг хэвлэгдээд дахин хэвлэгддэггүй. Хэдэн мянга хэвлэгдээд зарж борлуулагдаад цөөн болоод ирэхээрээ цуглуулагчдын санд л үлддэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 163 (7407)