Базарбямбын НЯМСҮРЭН

 

Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр олимпын наадмын салшгүй нэг хэсэг болсон паралимпын наадам маргааш Парис хотноо эхэлнэ. Энэхүү наадамд энэ жил урьд өмнөхөөс олон эмэгтэй тамирчид болон төлөөлөгчид оролцож байгаараа онцлог болохыг Олон улсын паралимпийн хорооноос мэдээлсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 4400 гаруй тамирчин спортын 22 төрлөөр хүч оюунаа сорин өрсөлдөнө. Нийт 549 медалийн төлөө өрсөлдөх тамирчдын 1983 нь эмэгтэй тамирчид байгаа аж. Энэ тоо Токиогийн паралимпийн дээд амжилт болох 1846 эмэгтэй тамирчдын тооны рекордыг эвдэж байгаа бол 2000 оны Сиднейн олимпоос хоёр дахин олон эмэгтэйчүүд оролцож байгаа аж.

Лхагва гарагт болох ёслолын ажиллагаа Олимпын нээлтийн нэгэн адил цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болох бөгөөд тамирчдын парад Элисейн талбайгаас Эв нэгдлийн талбай хүртэл үргэлжлэх юм. Энэхүү түүхэн үйл явдлыг ойролцоогоор 65 мянган хүн дэргэдээс нь үзэх боломжтой хэмээн тооцоолжээ.

Тэгвэл энэ наадмын гол бахархал болсон Олимпийн бамбарыг Францад өнгөрсөн ням гарагт авчирсан байна. Паралимпын галт бамбарыг угтан авах ажиллагаанд оролцсон Францын Спортын сайд Амели Удеа-Кастера “Энэхүү наадмын зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүрх сэтгэлд спортыг сийлэн үлдээх явдал юм” хэмээн онцолжээ.

Паралимпын өлгий Их Британийн Сток-Мандевилл сууринд асаасан галт бамбарыг 12 гал болгон 1000 хүн Францын 50 орчим хотоор буухиалах бөгөөд лхагва гарагт нээлтийн ёслолын үеэр 12 буухиа Парис хотод нэгдэх учиртай. Тэгвэл энэхүү 50 хотоор буухиалах хүндтэй эрхмүүдийн дотор Францын жүжигчин Эльза Зильберштейн, бүжигчин, бүжиг дэглээч Бенжамин Мильпье болон Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан нар багтжээ.

2024 оны паралимпийн наадмын медалийг Эйфелийн цамхгийн төмрийн хэсгээс оруулж, брайл үсгээр хээлж бүтээснээрээ онцлог юм. Спорт болон Францын соёлыг хослуулан загварыг нь гаргасан энэхүү медалийг Францын алдарт уран дархан, үнэт эдлэлийн мэргэжилтэн Чауметтай хамтран бүтээжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 165 (7409)