Базарбямбын НЯМСҮРЭН

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди өнгөрсөн баасан гарагт Украйн улсад анх удаа айлчиллаа. Түүхэн хэмээн тодотгож байгаа энэхүү айлчлалын үеэр тэрээр тус улсын ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, Москватай хэлэлцээ хийхийг уриалсныг олон улсын хэвлэлүүд онцлон бичиж байна. Н.Моди айлчлалынхаа гол зорилгыг Украины энх тайвны төлөө хэмээн тодорхойлоод “Шийдэлд хүрэх хүрэх цорын ганц арга зам бол яриа хэлэлцээ юм. Бид цаг алдахгүйгээр энэ чиглэлд ажиллах ёстой. Энэ хямралаас гарах гарцыг хоёр тал хамтдаа эрэлхийлэх ёстой” хэмээн ярьжээ.

Ерөнхий сайд Н.Моди Энэтхэг улс дэлхий дахины энх тайвны төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргахад бэлэн хэмээгээд хоёр орны хооронд өрнөх энхийн яриа хэлэлцээнд өөрийн зүгээс онцгойлон үүрэг гүйцэтгэх боломжтойгоо илэрхийлжээ. Украины ерөнхийлөгч В.Зеленский энх тайвныг тогтоох нь Украины хувьд нэн тэргүүний асуудал гэдэгтэй санал нэгдсэн байна. Гэвч хэлэлцээ эхлүүлэх саналыг хэрхэн хүлээж авахаа илэрхийлээгүй байна. Учир нь өнгөрсөн долоодугаар сард Н.Моди Оросын Ерөнхийлөгчтэй Москвад уулзсаныг В.Зеленский шүүмжилж байсан юм. Энэтхэгийн зүгээс Украины дайныг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг уриалж, Москвагийн эсрэг авсан барууны орнуудын хориг арга хэмжээг шүүмжилсээр иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 164 (7408)