Б.БУЯНБИЛЭГ

 

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа Соёлын тэргүүний ажилтан, "Түмэн эх" чуулгын гоцлол дуучин Д.Эрдэнэсувдыг урилаа.

-Уран бүтээлчид зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Та сүүлд гарсан уран бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын тэмээчдийн холбооны сүлд дууг дуулах санал хүлээн авсан. Тус уран бүтээлийн саналыг сумын соёлын төвийн эрхлэгч н.Одхишиг тавьсан. н.Одхишиг эгчийн аав нь малчин хүн. Тиймээс аавынх нь зохиосон тэмээний тухай дууг дуулж олонд хүргэлээ.  Уран бүтээлчийн хувьд тэмээний алхааг санагдуулсан ардын дуу болсон гэж дүгнэж байгаа. Дууны хөгжмийн найруулгыг өмнө жил хийсэн. Харин 2024 ондоо хоолойн бичлэгтээ орсон. Удахгүй дүрсжүүлэх бодолтой байна.

-Та уртын дуучин мэргэжилтэй. Үндэсний өв уламжлалаа хэрхэн түгээн дэлгэрүүлнэ гэж боддог вэ?

-Уран бүтээлчийн хувьд баримталдаг зарчим гэвэл уртын дуу, сонгодог өв соёлыг түгээхийг хүсдэг.  Алтан үеийн дуучид болох Н.Норовбанзад, Ж.Дорждагва, А.Нэргүй, Ш.Чимэдцэеэ, Д.Түвшинжаргал тэргүүтэй дуучид олон сайхан дууг түмэнд олонд хүргэсэн. Би уртын дууны хэм хэмжээ, шаардлага, дуулах ур чадварын  түвшинг нь өндөрт авч явахыг хичээдэг. Дээр үед ихэнх хүмүүс уртын дуугаа мэддэг, дуулдаг байсан. Араас нь ардын дуу мөн адил хэмжээнд байсан. Одоо үед хүмүүс уртын дууг дуулах хэцүү гэж боддог. Тэгэхээр дээр үед хүмүүсийн урлагийн чадвар өндөр байсан. Уртын дууны хэрэглээ байсан юм билээ. Уртын дуу бол дэлхийн сонгодог дуунаас илүү хоолойны цар хүрээ шаардсан, олон янзын нотонд баригдахгүй нугалаа, чимэгтэй байдаг. Би заримдаа орчин цагт  түмний дунд дуулагдаж байгаа дууны үг, аянд  эмзэглэдэг. Үг, ая хоорондоо зохицолдох, хоолойгоороо урлаж дуулдаг үнэ цэнийг мэдэрдэг хүн олон байгаасай.

-Хуучны дууг сэргээж дуулахад юуг анхаарах ёстой вэ. Танд сэргээж дуулахыг хүсдэг уран бүтээл бий юу. Тухайн дууг дахин дуулахдаа зохиогчоос зөвшөөрөл авах ёстой юу?

-Ардын дууны хувьд эрх авах шаардлагагүй. Гагцхүү мэргэжлийн ур чадвар гаргаж урлаж дуулах хэрэгтэй. Уран бүтээлийн хувьд 2018 онд Монгол ардын дуу “Саруул тал”-ыг орчин үеийн  хэлбэрт оруулж дуулж байсан. Энэ дуу олон аятай байдаг. Үүнээс  өөрийн хоолойнд таарсныг сонгож, багагүй хугацаанд бэлдэж олонд хүргэсэн.  “Саруул тал” дуунд хүмүүс ам сайтай байдаг шүү. Баянхонгор аймгийн дуучин Гавьяат жүжигчин  Д.Хорлоо эгч нэг удаа “Зурагтаар “Саруул тал”-ыг овоо хөөрхөн дуулаад байсан энэ охин байж” хэмээн урам өгч байсан. Тийм мундаг хүнээс магтаал сонсоход илүү хичээх сэдэл төрүүлсэн. 2021 онд Монгол ардын дуу “Хөх торгон цамц” дууг мөн өөрийн уран бүтээл болгож хөгжмийн найруулга хийж дуулсан.Тус уран бүтээлийг хурдан, удаан аяар дуулсан. Удаан ая дээр өөрийн дуулалтын онцлогоо шингээсэн. “Хөх торгон цамц” дууны хувьд дүрсжүүлээгүй.  Телевизийн нэвтрүүлэгт орохдоо дуулахад хүмүүс сайхан хүлээж авсан.  Ардын болон уртын сайхан дуу бүрийг сурч, сайн дуулахыг хичээдэг. Дахин сэргээж дуулахыг хүсдэг  дуу олон бий. Гэхдээ шинээр өөрт тохирсон зохиолын дуу дуулах сайхан. Надад хэд хэдэн зохиолын дуу байгаа.

-Мэргэжлийн уран бүтээлчийн хувьд уртын дууны онцлогийг тайлбарлахгүй юу?

-Уртын дууны хэв шинж  дахин давтагдашгүй.  Дэлхийн сонгодог нотод баригддаггүй хөдөлгөөн ихтэй. Тухайлбал,  нармайн цохилго, төвөнхийн цохилго, бөнжгөнөх хөдөлгөөн, шуранхай зэрэг нь зөвхөн монгол дуунд байдаг хөдөлгөөнүүд. Уртын дуу монгол хүн бүрийн дотор зүрх сэтгэлд оршдог. Уртын дуу сонсоод уйлж байгаа залууг харж байсан. Хамгийн чухал нь энэ сайхан урлагийг өндөр түвшинд хадгалах нь мэргэжлийн дуучин бидний үүрэг. Уртын дуугаа  сайн дуулах ёстой гэж боддог. Чадвал цааш нь өвлүүлэх, мэргэжлийн дуучин нэрээ өндөрт өргөхийг хичээдэг. Уртын дуу нь амьсгаа, хоолойны цар хүрээгээрээ ардын дуунаас илүү ур чадвар шаарддаг. Хүнд хүрэх тал дээр ардын дуу нь арай илүү. Үг нь ч ойлгоход хялбар. Ардын болон уртын дуу хоорондоо ялгаатай.

Хамгийн их урам зоригийг үзэгчдээсээ авдаг. Эргээд хүмүүс уртын дуугаа сонсдог болно гэдэгт итгэж байна. Удаан дуулах тусам дуулах дадлага туршлага, амьсгаа суудаг. Дуулна гэдэг зөвхөн хоолойноос хамаарахгүй. Ухаан, ямар дуун дээр яаж дуулах,  дууны утгыг гаргах хэрэгтэй.

-Дуучин хүний хамгийн жаргалтай үе дуугаа дуулах байх. Ямар үед өөртөө итгэх итгэлийг авдаг вэ?

-Хүн монгол гэрт морин хуур, уртын дуу сонсоход сэтгэл зүй нь өөр болдог. Энэ урлагийн сайхныг мэдэрч, гайхан магтаж байгааг харахад  бахархахгүй байхын аргагүй. Өвөө маань  “Миний охин хүний сайнтай уулзаж, хувцасны сайныг өмсдөг хамгийн сайхан мэргэжилтэй боллоо” гэж хэлж билээ. Энэ үгийг санах бүрд мэргэжилдээ дурлаж, хайрладаг. Зарим үед ядрах, хоолой өвдөх, нойр дутуу, дуугаа дуулахгүй удах үед сэтгэлээр унадаг. Тэр үед шантрах мэдрэмж төрдөг хичээгээд хэвийн байдалдаа  ордог. Уртын дуугаа өөрийн сэтгэлд хүртэл дуулж чадахгүй байх үед өөрийгөө хурцалж, хөдөлмөрлөхийг боддог. Сайн уран бүтээлч болоход цаг хугацаа, хичээл зүтгэл шаардлагатай. Багш маань 35 нас хүрээд уртын дуу дуулна даа гэдэг байсан. Уртын дууг дуулахдаа байнгын бэлтгэл хийж, тасралгүй дуулбал хэдэн ч насандаа дуулахад зохимжтой.

-Өнөө үед уртын дуучид үндэсний хувцсаа иж бүрнээр нь өмсдөг. Энэ нь өв соёлын нэг хэсэг байх?

-Монгол хувцасны загвар орчин үеийн болж байх үед үндэсний бөх, уртын дуучид монгол хувцсаа өмсдөг байсан. Харин одоо үед хүмүүс монгол хувцсаа их өмсдөг болжээ. Хүмүүсийг монгол хувцсандаа дуртай болоход уртын дуучид нөлөөлсөн.

 Би “Дэгжин сувд” цахим хаягаа 2020 онд нээсэн. Энэ хуудас дээрээ дуулсан дуугаа нийтлэх дуртай. Нэг ёсондоо энэ соёлыг хамгаалж үлдэх гэсэн хүсэл. Үнэнийг хэлэхэд орчин үед техник технологи хөгжихийн хэрээр дуртай хүн бүр дуулдаг болсон гэхэд хилсдэхгүй.  Мэргэжлийн дуучдын үнэ цэнэ гэж байх ёстой.  . Миний өвөөгийн эмээ н.Пунцаг гэж морь уядаг, хусуур бүсэндээ зүүгээд лимбэ тоглож, дуу дуулж найранд уригддаг, цог золбоотой хүн байсан гэдэг. Тэр эмэгтэйг нутгийнхан нь “Дэгжин Пунцаг” гэдэг байж. Өвөөг маань Пунцагийн Хуяг гэдэг. Нутгийн түмэн нь мөн “Дэгжин Хуяг” гэдэг байсан. Тэгээд л цахим хуудсаа “Дэгжин Сувд” гэж нэрлэсэн. Би тайзан дээрээ дэгжин байхыг хичээдэг. Харин бусад үед энгийн чөлөөтэй байхыг эрхэмлэдэг.

-Та сургуулиа төгсөөд орон нутгийг театрыг сонгосон байдаг. Тухайн үед яагаад ийм шийдвэр гаргасан бэ?

-Би Монгол Улсын Консерваторийг төгссөн. Төгсөөд ажил амьдралын гараагаа эхэлсэн газар маань “Саран хөхөө” театр. Одоо бодоход би дипломтой л болохоос уран бүтээлчийн сэтгэлгээ суугаагүй байж. Гэр бүлийн хүн төмөр замын мэргэжилтэй. Ер нь тийм мэргэжилтэй хүнд ажиллах газар цөөн шүү дээ. Тэр үед хүүхэд маань  жаахан байсан. Тэгээд л Дорноговь аймгийг зорьсон. Дуу дуулахыг өвөөгөөсөө өвлөж авсан. Өвөө минь Дорноговийн хүн байсан. Тэгэхээр энэ аймагтай би холбоотой хүн болов уу. Тэнд очоод анхны уран бүтээл гэвэл театрын дуучид бүгд говийн тухай дуу дуулж байсан. Би “Саран хөхөө” театрт 10 жил ажилласан. “Саран хөхөө” театрт ажиллаж байхдаа найз ятгачин, хөгжмийн зохиолч н.Энхнарангийн дуунуудаас дуулж байсан. “Саран хөхөө” театрт дуулах дадал эзэмшсэн, уран бүтээлээ тэнд туурвиж эхэлсэн. Уран бүтээлийнхээ тоглолтыг хийсэн мөн монгол гэрт зөвхөн ардын хөгжимтэй натур тоглолт хийсэн. Хүмүүс дуучнаа сонгоод захиалгын дуу дуулуулдаг. “Түмэн эх” чуулгад орсноосоо хойш Г.Эрдэнэчулуун багшийнхаа дууг дуулсан.

-“Түмэн эх” чуулгад орсон түүх нь сонирхол татаж байна.  Чуулгат ороод хэр хугацааг үдэж байна?

-“Түмэн эх” чуулгад өмнө нь ардын дууны тэмцээнд орж байсан. Тэр үед чуулгын тайз ямар ч микрофонгүй дуулдаг, хөгжимчид нь маш чадварлаг байсан нь таалагдсан. Тэгээд энд ажиллах талаар бодож эхэлсэн. Гэтэл нөхрийн маань ажил Улаанбаатар хотод шилжсэн.Ингээд би хотод ажил хайж эхэлсэн.  Тэр үед “Түмэн эх” чуулга дуучин хайж байгаа гэж сонссон. Ингээд чуулгадаа шалгалт өгөөд дуучнаар ороод нэг жилийг үдэж байна.  Орон нутгийн театрт олон төрлийн дуу дуулдаг, жүжигт оролцдог байсан. Харин “Түмэн эх” чуулгад зөвхөн ардын язгуур урлагаараа дагнан ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс өдөр бүр жуулчдад зориулсан тоглолт хүргэж байгаа. Харин зургаадугаар сар гараад ачаалал нэмэгдсэн. Энэ тоглолт маань жил бүр өөр өөр хөтөлбөртэй. Энэ жилийн хувьд Г.Эрдэнэчулуун багшийн найруулгаар “Урьхан хонгор салхи”, “”Журай гэлдэн”, “Өдтэй бичиг”, тэргүүтэй уртын дуунууд болон  хоршил, гоцлол дуу дуулж байгаа.

-Хүүхэд байхдаа дуулдаг байв уу, Ямар дуучнаас суралцдаг вэ?

-Бага байхдаа Ш.Чимэдцэеэ багшийг харж, сонсож, үлгэр дуурайлал авдаг байлаа. Мөн өвөөгөө дагаж яваад нутгийн хөгшчүүлд дуулж өгч их магтаал, урам зориг авна. Ингэж л урлагт дурласан. Би нэгдүгээр ангиасаа хойш тасралтгүй дуулсан. Сургуулийн бүхий л үйл ажиллагаанд оролцоно. Би Бор-Өндөр суманд арван жилийн сургуулиа төгссөн. Морин хуурын н.Бат-Очир багш маань нэг удаа “Дуучин болох бодол байна уу” гэж асууж байсан. Багш маань намайг Ш.Чимэдцэеэ багшид хариуцуулж өгсөн. Тэр үед Ш.Чимэдцэеэ багш Хөгжим бүжгийн консерваторид  багшилдаг байсан. Манай уртын дууны ангид таван хүүхэд элсэж Ган-эрдэнэ бид хоёр төгсөж байсан. Багш маань их хөдөлмөрч, уран бүтээлч сэтгэлгээтэй хүн. Уртын дуу, ардын дуу, зохиолын дуугаа хамтад нь дуулж байгаарай гэж хэлж захидаг.

-Олон зүйл төлөвлөсөн яваа байх. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Мэдээж чуулгыхаа уран бүтээлд оролцоно. Үүнээс гадна одоо мэргэжлийн байгууллагад ардын уртын дуу, бусад дууг ч сайхан дуулж байгаа хүмүүс байна. Ардын болон  уртын дуугаа сайхан дуулж байгаа хүмүүс мэргэжлийн урлагийн байгууллагад л ажиллаж байна. Сайхан урлагаа түмэндээ хүргэхийг л бодож байна. Ардын дуугаа өөр хөгжмийн урсгалтай нийцүүлээд уран бүтээл хийж байгаа хүмүүс бий. Тэднийг хараад талархдаг. Би ардын дуугаар уран бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Урлагийн хүн мэргэжилдээ эзэн байх, биеэ зөв авч явах хэрэгтэй. Биеэ эрүүл, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах ёстой гэж боддог. Хүнд амжилт чухал ч гэсэн хэт улайрах хэрэггүй болов уу. Харин  хийж байгаа зүйлээ тултал хийх ёстой. Тайзан дээр гарахын өмнө дуулах дуугаа боддог. Анх бол их сандардаг байсан ч одоо тайван болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 163 (7407)