Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа “Хилчин” спорт хорооны  тамирчин, боксчин Э.Төгсбилэгийг онцолж байна.

 

-Та  өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Эргээд бодоход түрүүлэх боломж байсан уу?

-Азийн аваргын хүрэл медаль миний хамгийн том амжилт. Манай жинд 24 тамирчин өрсөлдсөн. Би хоёр удаа тулалдаж хүрэл медалийн эзэн боллоо. Гуравдугаар байр эзлэхдээ Тайвань улсын тамирчинтай таарсан.  Хүрэл медалиа ахиулах боломж байсан ч бэртлээс шалтгааллаа. Цаашид илүү хичээнэ.

-Анх тамирчны замналыг сонгоход юу нөлөөлөв. Та бокстой холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би бага байхын спортод дуртай, их хөдөлгөөнтэй, сониуч хүүхэд байсан гэж ойр тойрныхон маань хэлдэг. 11 настайгаасаа хажуу айлын ахтай боксын бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Энэ үед аав маань их дэмжсэн. Ингэж л бокс хэмээх тэвчээр шаардсан спортод эргэлт буцалтгүй дурласан. Тууштай хичээллээд долоон жилийг үджээ.

-Долоон жилийг боксын спортод зориулсан гэлээ.  Анх ямар тэмцээнд оролцож байв. Өдий хугацаанд ямар амжилтууд гаргасан бэ?

-Би оролцсон тэмцээн бүрдээ хайртай. Миний хөдөлмөр учраас тэр л дээ. Дэвжээнд гараад өрсөлдөгчтэйгөө нүүр тулахын өмнө сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг. Сандарвал ялагдана. Хэр сахилга баттай байж хөдөлмөрлөсөн эсэхийг тэмцээнээс харж болно. Хүн дуртай зүйлээ олоод түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөхөд амжилт гаргадаг. Анх Булган аймгийн Бугат суманд зохион байгуулагдсан тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. УАШТ-д гурван удаа түрүүлсэн. Мөн Kazakhstan улсын цуврал таван тэмцээнд оролцож гурван алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Насанд хүрэгчдийн “Шилдэг найман боксчид” тэмцээнд өрсөлдөж хүрэл медалийн эзэн болсон.  Дөрвөн жилд нэг удаа болдог Бүх ард түмний спартакиадаас хүрэл медаль хүртсэн.

-Спортоор хичээллээд ямар төлөвшлийг олж авсан гэж боддог вэ?

-Спорт хүнийг төлөвшүүлдэг гэдэг. Хүн байх чухал чадварыг спорт сургадаг нь бахархалтай. Хүнийг насан туршид нь гэр бүлийн хүмүүжил дагана. Гэхдээ тодорхой хэмжээнд хийж байгаа ажил, тойрон хүрээллээсээ суралцдаг. Бусдыг хүндлэх их ухааныг спорт суулгадаг.

-Тамирчин хүний хамгийн том зорилго олимпод оролцож цэнгэлийн манлай болох. Ойрын болон хэтийн зорилго нь юу вэ?

-Хүн дуртай зүйлээ олоод түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөхөд амжилтад хүрнэ. Эргээд бодоход надад  шантарсан удаа байхгүй. Боксын спортын нэг онцлог нь дэвжээнд гараад нэг ялагдвал тэмцээнээ өндөрлүүлдэг. Тиймээс хариуцлагатай өрсөлдөх нь чухал. Мэргэжлийн боксоор хичээллэх зорилго бий. Миний ирээдүйн хамгийн том зорилго 2028 оны олимп. Орон орны шилдэг тамирчидтай олимпын дэвжээнд таарахдаа өөрийн нөөц боломжоо ашиглаж түрүүлэхийг хүсэж байна. Харин ойрын зорилго гэвэл ирэх аравдугаар сард болох залуучуудын  ДАШТ. Тус тэмцээндээ амжилттай  оролцож алтан медаль хүртэх зорилго тавьсан. Одоогоор долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийхдээ өдөрт 2-3 цагийн бэлтгэл базааж явна. Тамирчны ард тусалж дэмждэг олон хүн бий. Аав ээж минь миний хүсэл сонирхлыг нэгт тавьдаг. Энэ нь миний хичээх шалтгаан болдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 162 (7406)