Б.ТҮШИГ

 

Их Британийн алдарт найруулагч Гай Ричигийн “Замаг, иш болон утаа суунаглах хоёр хонгио” (“Lock, Stock and Two Smoking Barrels”), “Хөнгөн зууш” (“Snatch”), “Дамартай гар буу” (“Revolver”), “Хүний уур хилэн” (“Wrath of Man”), мөн цуврал “Тээвэрлэгч” (“The Transporter“), “Зарцуулагсад” (“The Expendables”), “Хурдтай бас ууртай” (“The Fast and the Furious”) зэрэг адал явдалт тулаантай олон кинонд тоглож алдаршсан жүжигчин бол Жейсон Стэтхэм.

Тэрээр Английн Дербишир мужийн Шайрбрук хотод 1967 оны долоодугаар сарын 26-нд төржээ. Түүний эцэг зоогийн газрын дуучин, харин ээж нь оёдолчин байж байгаад хожим дуучин болсон аж. Жейсон Стэтхэм 12 жилийн турш усанд үсрэлтийн үндэснийхээ шигшээ багийн гишүүн байсан юм. Гэвч хожим нэгэн ярилцлагадаа, спорт бол түүний хувьд хобби төдий байсан бөгөөд амь зуулгаа залгуулахын тулд гудамжинд оо энгэсэг, гоёл чимэглэл худалддаг байсан тухайгаа дурсан ярьсан нь бий. 

Түүний эцэг ч мөн тамирчин, бокс, спортын гимнастикаар хичээллэдэг байсан бөгөөд тэдгээрт Жейсоныг их бага хэмжээгээр зааж сургасан нь хожим алдарт жүжигчинд тулаантай киноны төрөл бүрийн амаргүй, бүр аюултай үзүүлбэртэй хэсгүүдэд ажралгүй тоглоход хэрэг болсон нь дамжиггүй.

Жейсон Стетхэмийг хэн болохыг тодотгох хэлсэн үгсийг нь дор эмхтгэн хүргэж байна.  

 

-Энэ хорвоо дээр тамхи, шар айраг үнэртүүлээгүй, төрөлхийн ялдам зан, сайхан сэтгэлтэйн дээр эх болох зөн совингоо гээгээгүй жинхэнэ эмэгтэйчүүд байгаа цагт би эр хүн байсаар байх болно.

-Дайчин байх нь амьдрах хамгийн үр дүнтэй арга.

-Мулгуу хүмүүс дээр нэмэх нь согтууруулах ундаа. Ямар ч зодоон цохионы үндсэн томъёо бол энэ.

-Цаг хугацаа, орон зай, саад бэрхшээл байдаг нь сайн хэрэг... Заримдаа эдгээр хүчин зүйлс л хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч найз болохыг харуулдаг.

-Өнөө цагт үй олон хүн өмссөн хувцаснаасаа доогуур үнэлгээтэй болжээ.

-Цөөнгүй хүн тархиныхаа агууламж бус гадаад үзэмжийнхээ талаар л гомдоллон санаа зовних юм.

-Цаг хугацаа хэвийн хүмүүсийг өөдгүй амьтад болгон хувиргадаг нь үнэхээр харамсалтай.

-Ямар ч залуугийн гол бахархал бол найз бүсгүйнх нь ёс журамтай байдал юм.

-Таныг хэн, яаж цохисон нь хамаагүй. Хэрхэн босч, түүнд яаж хариу өгсөн нь л чухал.

-Бид пиццаны захиалга түргэн тусламжаас хурдан ирдэг нийгэмд амьдрах болжээ.

-Хэрэв хүн хэлээ шүднийхээ цаана байлган амаа хамхиж чаддаггүй бол түүнд шүдний хэрэггүй.

-Таныг магтах бус муулах хүмүүсийг сонсох нь илүү өгөөжтэй.

-Хувиа хичээх хэрэггүй ч юуны түрүүнд өөрийнхөө тухай бодож бай.

-Миний юу гэж хэлснийг биш, юуны талаар дуугүй өнгөрснийг эргэцүүлэн бодох хэрэгтэй.

-Газраас тамхины иш авахдаа ямар брэндийнх гэдгийг нь бус ишний уртыг нь л хардаг юм.

-Хүндлэлийг гуйх хэрэггүй, хүндлүүлэхүйц үйлийг л хий.

-Хүмүүсийг хог ялгадаснаас гаргах гэж бүү яар, тэр нь тэдний амьдрах хэвийн орчин нь ч юм билүү.

-Энэ хорвоод сул дорой нь өширхөж, хүчтэй нь уучилж, харин аз жаргалтай нь мартдаг ажээ.

-Ухаалаг байдлыг туршлагаар олж авдаг бол туршлагыг алдаж байж л хуримтлуулдаг.

-Эцэг эхчүүд гэж хэдийн нэр алдартай болсон хүүхдүүдээ талханд гүйлгэдэг хүмүүсийг хэлдэг юм.

-Хэрэв та хүчтэй, зоригтой, авхаалжтай, дээр нь маш тачаангуй байгаа бол гэртээ харь. Та согтжээ...

-Мөрөөдлөө орхих гэж бүү яар. Биелэх цаг нь хараахан ирээгүй байж болох шүү дээ.

-Болжмороос өөр юу ч болжмор биш.

-Дотроо “муу новш чи зайлаач” гэж бодовч эелдэгхнээр “сайн байна уу” гэж мэндлэхийг боловсон зан гэнэ.

-Таны цорын ганц түшиг бол... нуруу тань.

-Тайван байдал сэтгэл хөдлөлөөс илүү хүчтэй. Дуугүй байх нь хашгирахаас илүү чанга. Харин хайхрамжгүй байдал дайнаас ч илүү аймшигтай.

-Хаан ширээнд ч өгзгөөр л суудаг.

-Намайг бага байхад өвөө минь нэг удаа “хэнд ч бүү итгэ” гэж сургамжлан хэлсэн юм. Үүний дараа тэр бишгүй их юм ярьсан ч би алинд нь ч итгээгүй.

-Олон хүн биеийн тамирын танхим руу зөвхөн сүрхий биетэй харагддаг болох гэж очин дараа нь толины өмнө бахархалтай нь аргагүй эргэлддэг. Ингэх ямар хэрэг байна аа? Миний хувьд гэвэл илүү сайн гүйж, үсэрч, цохиж, цохилтоос бултахад хэрэг болох дасгалуудыг л хийдэг.

-Баян байхын тулд ердөө л ядуу байхаа болих хэрэгтэй.

- Таны амьдралд яг одоо тохиогоод буй хар зурвас ямар ч мөчид нисэх зурвас болон хувирч болохыг санаарай.

-Аливаа үйл явцад хурд бус түүнээс авах таашаал чухал.

-Яаж ч хэрэлдэж маргасан, хүний эмзэг сэдвийг бүү хөнд. Эргээд эвлэрсний дараа ч хэлсэн эвгүй үг тань удаан мартагддаггүй юм.

-Бүх хүндрэл бэрхшээлийг холуур тойрохыг эрмэлзвэл бүх жаргал цэнгэлийн хажуугаар ч өнгөрч мэднэ.

-Авсны таг дээр тань шороо унагах үед л итгэл найдвар бүрмөсөн үгүй болно. Бусад нөхцөлд юуг ч засах боломжтой.

-Амьдрал гэдэг хайрцаг тамхитай адил, бүгдийг нь татаж байж л дуусна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 162 (7406)