Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Т.Доржханд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Боловсролын сайд П.Наранбаяр нар танилцууллаа.  Сайд нарын байр суурийг хүргэе.

 

Шадар сайд Т.Доржханд: Төрийн өмчийн компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ

- Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын реформын асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудалд иргэд маш их хүлээлттэй байгаа. Бид реформоо юунаас эхлэх вэ гэхээр эрчим хүчний сектороос эхэлье гэдэг дээр санал нэгдлээ. Анхныхаа дэд хороог байгууллаа. Дэд хороо нь эрчим хүчний шинэчлэл, томоохон мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифын өөрчлөлт хийх гэсэн агуулгаар байгуулагдлаа. Дэд хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүдээс гадна УИХ-д суудалтай намуудын төлөөлөл мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд ажиллахаар шийдвэр гарч байна. Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүчний салбар байх юм байна. Яагаад гэвэл Монгол Улсын эрчим хүчний нөөц маш их. Маш том газар нутагтай, газар доорх эрчим хүчний эх үүсвэр өндөртэйгөөс гадна газар дээрх нар, салхи зэрэг байгалийн ногоон эх үүсвэр хангалттай бий. Үүгээр юуг хэлж байна вэ гэхээр Монгол Улс эрчим хүч экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд үүн рүү уялдуулж харж байна. Дунд хугацаандаа энэ салбарын реформыг зоригтой хийнэ. Төрийн өмчийн компаниудын бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Энэ салбар төрөөс монопол, зах зээлд шилжиж чадаагүй байдаг. Тэгвэл үүнийг зах зээлжүүлнэ, үр ашгийг нь сайжруулна. Энэ салбарт ажиллаж байгаа компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгоно. Салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Мөн үнэ тарифын шилжилтийг хийнэ. Хамгийн эхний ээлжид өнөөдрийн бодит өртгөөр, алдагдалгүй байх үнэ тарифын шилжилт рүү орно. Дараа нь зах зээлийн зарчим руу нь оруулна. Өнөөдөр ОХУ, БНХАУ-тай харьцуулахад эрчим хүчний тариф маш бага байгаа. Яагаад гэвэл байнгын татаастай явдаг. Маш бага тарифтай болохоор хөрөнгө оруулалт хийгддэггүй. Төсвийн хөрөнгө оруулалт орох боломжгүй байна. Үүнийг засаж залруулаад явбал ирэх жилээс нийлүүлэлт нэмэгдээд 2026 он гэхэд 100 хувь өөрсдийгөө хангаад явах боломжтой.    Үнийг дунд болон урт хугацаандаа зах зээлийн зарчим руу нь оруулна. Бодит байдал дээр зах зээлийнхээ үнээс маш бага үнийн түвшин нийлүүлэлт хийгдээд явж байна. Үүнийг бид ядаж алдагдалгүй байх түвшинд нь тарифын бодлогоор зохицуулалт хийнэ. Арваннэгдүгээр сарын 1-ээс хийгээд хэрэгжүүлээд явна.

 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын ажлыг эрчимжүүлнэ

-Хөгжлийн шинэ трэндээс хоцрох ёсгүй гэдэг утгаараа эхний байдлаар Засгийн газар dashboard программыг хэрэгжүүлж эхэлж байна. Бид найман төрлийн 54 үзүүлэлтийг дата болгоод нэгтгэчихээр Засгийн газрын шийдвэр гаргалтууд байгаа зөв онож эхэлнэ. Тухайлбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг аймгуудаар, сумуудаар, бодит цагаар хэдэн төгрөг байгаа нь харагдана. Эрүүл мэндийн салбар дээр цахимжилтыг бид хийсэн. Хаана, ямар өвчлөл их байгааг шууд харуулна. Асуудлыг баримжаагаар шийддэг байдлаасаа бид одоо салах ёстой. Халамжийн үйлчилгээ аль бүс, сум аймагт илүү байгааг харж байж түүнд хөдөлмөр эрхлэх бодлого байх ёстой. Тухайн аймгийн дундаж орлого, экспорт, импорт, нэг хүнд ноогдох дундаж татвар, цалин, татвар төлсөн иргэдийн хэмжээ хэдэн хувийг эзэлж байгааг харж болно. Ингэхээр бид манай аймаг сумдад амьжиргааны түвшин ямар байгааг харж болно. Мөн төрийн үйлчилгээг хэр хэмжээнд авч байгаа нь эндээс харагдах бололцоотой байна. Цаашдаа ухаалаг Засгийн газрыг бий болгохын тулд шийдвэр ухаалаг байх ёстой. Үүн дээр суурилсан төсвийн зарцуулалт тодорхой байх ёстой. Үүнийгээ дараа нь хяначихдаг байх ёстой. Худалдан авах чадвар ямар насанд ямар байгаа нь харагдана. Цаашдаа улсын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг өгөгдөл болгоод байршуулна. Тэгэхээр хаана тухайн төсөл гацаад байгаа нь шууд харагдана.  Дээрээс нь салбарын яамд, агентлагууд, орон нутгуудын удирдлага ажлаа явуулж байгаа гүйцэтгэл нь ямар түвшинд байгааг хэмжинэ. Ингэж байж үүн  дээр хоёр долоо хоногийн хугацаанд олон улсын индексүүдийг байршуулна.  Их өгөгдлийг нэгтгэнэ гэдэг хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой болно гэсэн үг. Мөн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил болоод нүүрс худалдах худалдаа, олборлох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний танилцуулгыг хийсэн. БНХАУ-ын Худалдааны сайд 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Хятадын тал үүргээ биелүүлээд төмөр замаа барьсан. Гэвч улс төрийн тогтворгүй байдал үл ойлголцлоос болоод нөгөө талд маш их хэмжээний хохирол учирсан. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулснаар бид нүүрсний экспортыг 30 сая тонн нэмэгдүүлнэ.

 

Боловсролын сайд П.Наранбаяр: Сайд нар сургуулийн нээлтэд оролцохгүй, мэндчилгээ л дэвшүүлнэ

-Энэ хичээлийн жил гурван улиралтай болсон. Нийслэлд ханиад томуу их, хамгийн хүйтэн үед таван долоо хоног амарна. Харин хөдөө орон нутагт хавар урт амарна. Нэгдүгээр улирал урт болох учраас аравдугаар сарын сүүлээр, хавар бие даалтын долоо хоног оруулсан. Мөн цахим хичээлийн долоо хоног хоёр удаа болно. Бие даалтын долоо хоногт музей үзэх, зургаан настай хүүхдүүдийг нүд, шүд, зүрхний иж бүрэн эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хийнэ. Түүний зэрэгцээ гамшгийн сургалт орохоор холбогдох байгууллагатай ярилцаж байна. Энэ хичээлийн жил сургуулийн өмнөх болон бага боловсролын түвшинд үндэсний сургалтын хөтөлбөрийн туршилтыг эхлүүлнэ. Боловсролын хуулийн шинэчлэлийн хүрээнд англи хэл үндсэн гадаад хэл болсон. Үүнтэй холбоотойгоор англи хэлний “Person” хөтөлбөрийг гурав, дөрөвдүгээр ангид шинээр оруулна. 100 сургуульд туршилтаар заагаад, ирэх жилээс улсын хэмжээнд бүрэн хэрэгжүүлнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 1-5 дугаар ангийн сурах бичгийг дижитал сурах бичиг болгох ажлыг хийж байна. Ажил 90 хувьтай явж байна.Хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт тохиож байгаа. Ням гаригт цэцэрлэг, ЕБС, насан туршин суралцахуйн төвүүд, багш суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нүсэр бус байдлаар зохион байгуулна. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд сайд миний бие ч олон сургууль, цэцэрлэг дотроос аль нэгийг нь онилж очихгүй. Мэндчилгээ л дэвшүүлнэ. Хичээлийн шинэ жилийн баяр бол цэвэр эцэг эх, багш, суралцагчдын баяр байх ёстой учраас  дарга нар очиж хүндрэл чирэгдэл учруулахгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Албан ёсны статистик мэдээллээр энэ оны долоодугаар сарын 20-ны байдлаар ЕБС-уудад 4217 багш дутагдах эрсдэлтэй байна. Цэцэрлэгт 508 бүлгийн багшийн сул орон тоо үүссэний 304 нь Улаанбаатарт байна. Сүүлийн таван жилийг авч үзэхэд жил болгон 2700-3900 хүртэлх багшийн сул орон тоо үүсэж байгаа. Үүнийг нэгдүгээр улиралд 80 хувьтай шийдвэрлэж чадаж байгаа гэсэн тоо баримт байна. 2024 онд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2805 оюутан төгссөн. Багш бэлтгэх их сургуулиудын гурав, дөрөвдүгээр курст нийт 4000 орчим оюутан сурч байна. Мөн 1077 багшлах боловсон хүчин тэтгэврээ тогтоолгосон байна. Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх чиглэлээр багш бус мэргэжилтэй их дээд сургуулийн амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгох, гэрээт байдлаар ажиллуулах боломжийг судалж, журам хэлэлцэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 162 (7406)