Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар манай улсад төрийн айлчлал хийж байна. Түүнийг өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Дараа нь хоёр орны Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. Тэд хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололтоо бататгаж, улс орны хөгжил дэвшил, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.
Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
“Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурав
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон Бүгд Найрамдах Словени Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл, хоёр талын сайн харилцаа, НҮБ төвтэй олон талт тогтолцооны төлөөх хүчин чармайлтыг уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
1. Аялал жуулчлалын чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжийг эрэлхийлсэн хамтарсан судалгаа хийх, аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааг эрчимжүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтарна.
2. Нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэх, иргэд, аж ахуйн нэгжийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжих ач холбогдолтой. Талууд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хэрэгжүүлж эхлэхээр тохиролцлоо.
3. Тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ. Цөлжилт, хөрсний доройтол, элэгдэлтэй тэмцэх зорилгоор мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцох, агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, ойг эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын салбарын зориулалтаар ашиглах нөөц, боломжийг бүрдүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулна.
4. Хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес уулзалт, форум зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ. Гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн, бизнесүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгч, хамтарсан бизнес уулзалт болон бусад арга хэмжээ зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг холбоно.
Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс онцлон хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
- Ерөнхийлөгч таны энэ айлчлал Словени Улсын төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг та бид хамтдаа нээж байна. Словени Улсын “Крка” эмийн бүтээгдэхүүн манай зах зээлд нэгэнтээ танигдсан, цаашид энэ чиглэлийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж байна. Монгол, Словенийн бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо. Улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах нь манай хоёр орны нийтлэг зорилт бөгөөд энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргах нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.
Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар:
-Словени болон Монгол Улс нэгдмэл олон зорилго, хүсэл эрмэлзлэлтэй. Манай хоёр улс ардчилал, эрх зүйт ёс, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг. Бид мөн олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж, эмэгтэйчүүдийн эрх, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын хууль дээдлэх, тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон улсын харилцааны ижил төстэй бодлогыг хэрэгжүүлдэг.Монгол, Словени Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх олон улсын гэрээ санаачлагч улсууд юм. Манай хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, бүс нутаг, олон улсын геополитикийн өөрчлөлтөөс улбаатай нийтлэг олон сорилттой тулгарч байна. Монгол Улс өнгөрсөн өвөл сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй хүндрэлтэй тулгарсан бол Словени Улс мөн үерийн гамшигт нэрвэгдсэн. Чиг бодлого нэгтэй улсуудын нягт хамтын ажиллагаа, эв нэгдэл, дипломат хүч чармайлт нэн чухал гэдгийг эдгээр сорилт харуулж байна.Жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн нийгмийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улс манлайлан ажиллаж байгааг Словени Улс гүнээ талархан сайшааж буйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Англи хэлээр LOVE буюу “хайр” гэсэн үгийг нэрдээ агуулсан СЛОВЕниа, урагшлах буюу “GO” үгийг агуулсан МонГолиа аль аль нь тогтвортой хөгжил, байгаль хамгааллыг уриалж байна. Манай хоёр ард түмнийг нэгтгэж буй олон зүйл байгаа бөгөөд хоёр орны хөгжил дэвшлийн төлөө хамтын ажиллагаагаа олон чиглэлд улам бэхжүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ЛХГАВ ГАРАГ. № 161 (7405)