Б.ТҮШИГ
22 настай франц залуу Леон Маршан Парисын олимп, дэлхийн усанд сэлэлтийн од болон тодорч, маш хурдан үзэгч олны хайрыг татсан нь саяхан. Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Хаан Леон” гэсэн үгтэй гарчиг зонхилж байсан нь ч мөн саяхан. Тэрээр Парисын олимпийн наадамд усанд сэлэлтийн хувийн төрөлд дөрвөн алт, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн тул арга ч үгүй. Түүнээс өмнө тус улсад хэн ч ийм амжилтад хүрч байгаагүй ажээ.
Францууд үзэгчдийн суудлаасаа, телевизийн дэлгэцнээсээ усанд сэлэлтийн шинэ од мэндлэхийг амьсгаа даран ажигласан билээ. Анхныхаа алтан медалийг авсных нь дараа түүнийг хаана л харагдана хүмүүс “Леон, Леон” гэж нэрийг нь нэгэн зэрэг чангаар дуудаж, бишрэн алга ташиж байлаа.
Леон Маршаны Францын “RFI” агентлагт өгсөн ярилцлагыг дор толилуулъя.
-Олимпод бахдам амжилт гаргаснаа эргэн харахад танд одоо юу бодогдож байна вэ?
-Олимпийн өдрүүд миний хувьд сэхээ авах завдалгүй өрнөж өндөрлөжээ. Би одоо л бодит байдалд эргэн орж, олимпийн үеэр хэрхсэнээ цэгнэн ухаарч эхэлж байх шиг. Үнэхээр солиотой өдрүүд. Би гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байлаа. Миний өмнө амаргүй даалгавар байсан учраас л тэр. Би нийтдээ 14 сэлэлт гүйцэтгэсэн шүү дээ. Усанд сэлэлтийн спортод өөр юманд анхаарлаа сарниасны дараа хурдан сэлэхэд хэцүү байдаг юм. Дээр нь нойр, бие дахь усны хэмжээ, бие халаалт, нөхөн сэргээлт гээд олон нарийн ширийн зүйлийг бодолцдог. Иймд би үнэхээр тусгаарлагдсан байдалд тэр бүх хоногийг өнгөрөөсөн. Өнөөдөр хүн ихтэй, чимээ шуугиантай “Club France”-д зочлохдоо л тэр бүхнийг мэдэрч ойлгов.
-Та олимпод оролцохдоо сэтгэл зүйн ямар бэлтгэл базаасан бол?
-Манай баг бүтэлгүйтэл болон ялалтын дараах хувилбарууд дээр их ажилласан. Тэгснээр би сэтгэл зүйн талаар маш ихийг сурч мэдсэн шүү.
-Гэхдээ та тийм ч олон бүтэлгүйтээгүй санагдах юм?
-Би урьд нь олон удаа бүтэлгүйтэж, ялагдсан хүн. Тэгж явсан минь надад харин ч их тус болж, туршлага суулгасан гэж боддог. Ковидийн үеэр надад маш дарамттай, хэцүү байсан тул би сэтгэл зүйчтэй ажиллаж эхэлсэн. Би илүү хүчтэй болохыг хүссэн л дээ. Улмаар Токиогийн олимп надад шинэ түлхэц өгсөн. Тэнд л би өөртөө итгэх итгэлийг олж авсан юм. Би ялагчаас хэдхэн секундээр хоцорч зургадугаар байр эзэлж билээ. Тэр цагаас хойш миний сэтгэл зүй хавьгүй дээрдсэн.
-Та Токиогийн олимпийн дараа АНУ-ыг зорьж, домогт Майкл Фелпсийн дасгалжуулагч асан Боб Боуман таныг дасгалжуулах болсон. Энэ тухай ярихгүй юу?
-АНУ-ын их сургуулиудын сургалтын төлбөр маш үнэтэй тул тэтгэлэгт хамрагдахын тулд тэр үед дасгалжуулагч нарт захидал бичих шаардлагатай байсан. Би нэлээд сайн бэлтгэлтэй байсан нь Аризона мужийн их сургуульд тэтгэлэг авах боломж олгосон. Ингэснээр намайг аз дайрч, би 400 метрийн холимог сэлэлтийн хамгийн шилдэг дасгалжуулагч дээр очсон доо. Би тэнд ихийг сурсан. Францаас, мөн Парисын олимпийн дарамтаас хол байсан минь ч үүнд дэм болсон байх. Үүнээс гадна амьдралаа тэнцвэржүүлэн спортоос түр боловч сатаарахад сурлагадаа шамдах нь их хэрэг болсон юм. Тэгээд ч их сургуулийн бүхий л улирал оюутнуудын дунд хөгжилтэй өнгөрч билээ.
-АНУ, Франц дахь дасгал сургуулилтын ялгаа гэвэл?
-АНУ-д очихоосоо өмнө би сайн суурьтай болсон байсан юм. Би Николя Кастелийн удирдлага дор Тулузад маш их бэлтгэл хийж, Токиод зургаадугаар байрт шалгарч чадсан даа. Дараа нь АНУ-руу явсан. Тэнд бэлтгэлийн хугацаа бага ч маш эрчимтэй, сэлэлт хооронд нөхөн сэргээх хугацаа бага явагддаг юм билээ. Бид өдөрт дөрвөн цаг бэлтгэл хийхдээ маш их калори зарцуулдаг байв. Сэлэлтийн техникт их анхаарал хандуулна. Би гурван жилийг чөлөөт сэлэлтийн техникээ сайжруулахад зориулсан. Ер нь маш их ажлын ард гарсан шүү.
-Африкт та маш олон хөгжөөн дэмжигч фэнүүдтэй. Тэдний нэг Брэдли “Фейсбуук”-ээр танаас ингэж асуужээ: “Тэгтлээ том бие галбиртай биш хэрнээ та яаж өрсөлдөгчдөөсөө илүү хүчтэй байж чадаж байна вэ?”
-Сонирхолтой асуулт байна. Арай залуу байхад энэ нь миний бага зэргийн дутагдал байлаа. Бусдаас биеэр жижиг гэдгээ байнга мэдэрнэ. Үнэхээр тийм юм чинь яалтай. Бие махбодиор дутмаг л бол ялах боломжгүй гэж үздэг тал бий. Гэвч үнэн хэрэгтээ миний бие үнэхээр гайхалтай боломж чадамжтай. Надад усанд гойд сайхан байдгийн дээр би хүч чадлаа хурдан сэргээж, бие маань усны хамгийн бага эсэргүүцэлтэй тулгардаг. Тиймээс надад бусдад байхгүй давуу тал бий. Ер нь өөрийн давуу болон сул талуудтай ажиллах хэрэгтэй. Би сүүлийн гурван жил үүнийг л хийж гүйцэтгэж байна даа.
Эх сурвалж: www.zms.mn