П.ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин монголчуудын эртнээс уламжилж ирсэн өв соёлын тухай цувралаар хүргэж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа бэр шинжих ёсны тухай хүргэсэн бол энэ удаад монголчуудын бэр гуйх ёсны тухай хүргэхээр бэлтгэлээ.
Шахсан бяслаг нь хоёр талын ургийн бат бэхийг илэрхийлдэг
Хүн төрөлхтний түүхэнд үр удмаа үлдээх, гал голомтоо залгуулах гэдэг нарийн философи байсаар ирсэн ба түүнийг дагасан соёл харилцан адилгүй билээ. Монголчуудын хувьд гэрлэх, хурим найр хийх зэрэг ёслол нь олон шат дарааллыг дамждаг. Дэлхийн өнцөг булан бүрд орших үндэстэн бүрийн гэрлэх зан үйлд өөрсдийн онцлог бий. Улс төрийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалж хамаатан садан, ах дүүс ч хоорондоо гэрлэх хачирхалтай тохиолдлууд байжээ. Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол Испанийн Хабсбургийн хааны гэр бүлийн удам тасарсан явдал юм. ХХ зууны түүхэнд Испани улсыг 180 гаруй жил удирдсан уг гэр бүлийн 11 гэрлэлтийн ес нь цус ойртсон тохиолдол байсан гэдэг. Үүний эцэст эрүү нүүрний гажилт үүсэхээс гадна үр тогтоох чадваргүй болсноор II Чарльз хаанаар энэ удам мөхсөн байдаг. Харин монголчуудын хувьд ураг барилдах, хуримлах ёсны өмнө бэр гуйх, хүргэн талбих хэмээх хүндтэй нэгэн ёс бий. Үүнийг нутаг бүрд өөрөөр хадаг тавих, бэр мордуулах, бэр буулгах, бэр эрэх зэргээр нэрлэх боловч утга нь ижил юм. Үндэстэн угсаатны соёлын онцлогоос хамаарч ам турших, хадаг тавих хоёр ёслолыг хийдэг газар байхад дан хадаг тавих үйлийг хийдэг газар ч мөн байна. Ам турших, ам авах ёс нь хүүгийн тал охины гэр лүү өдөр судар харж байгаад угсаа гарвал сайтай, элэг бүтэн, төлөв түвшин, үг яриа мэргэн нэгнийг явуулж танай охиныг тэднийх гуйх санаатай байгаа юм байна гэхчлэн мэдээ сонсгохыг хэлдэг байжээ. Үүний тухай Ц.Баасандорж, А.Очир нарын “Ойрад монголчуудын хуримын ёс” хэмээх номд өгүүлсэн байна. Жишээлбэл:
Баяд: Ам хадаг тавихдаа охины эцэг эхэд хадаг, архи, тавгийн идээ бусад зүйлийг өгнө. Уг хүн охины эцгийн гэрт орж ахмад буурлаас эхлэн нэг бүрчлэн мэнд мэдсэний дараа “Уурга бариач нь манайд байна. Уялга оёоч нь танайд байна” гэж хэлээд баруун хойно нь сууж ямар хэргээр ирснээ илэрхийлдэг.
Мянгад: Ам нээхээр хүүгийн эцэг сайн өдөр сонгож, охины эцгийн гэрт бяслаг, тавгийн идээтэй очдог. Тэрээр газрын гарц, мал сүргийн тарга хүчний тухай яриа дэлгэж охиныг гэрээс гарах үед ирсэн зорилгоо эцэг эхэд нь дуулгана. Тодруулбал, миний хүү өрх толгойлох насанд хүрлээ. Түүний “заяа хувийн хүн” танайд байгаа юм байна гээд хөөргөөр тамхилна. Охины эцэг эх зөвшөөрч байвал хариу тамхилна. Харин эс зөвшөөрвөл тамхийг авахгүй, ямар нэгэн шалтгаан хэлдэг байжээ.
Ам нээхээр ирэхэд төдийгүй хурим найрын үед бяслаг тавьдаг ёс тухайн ястан гэлтгүй монголчуудын дунд одоо ч элбэг байна. Энэ тухай МУИС-ийн багш, судлаач, доктор дэд профессор С.Дашдэжид “Эртнээс уламжлагдаж ирсэн бэлгэдэлтэй зүйлийг бага байх нь хамаагүй ахуй соёлдоо шингээгээд явах нь чухал. Заавал бүгдийг гэлтгүй хүнд төвөг болоод байхгүй хэцүү биш бэлгэ дэмбэрэлтэй зүйлсийг авч үлдэж, мөрдөх нь зүйтэй. Жишээлбэл, шахсан бяслаг нь цагаан идээн дотроос эвлүүлж шахаж хийдэг идээ учраас хоёр талын ургийн бат бэхийг илэрхийлдэг” гэв.
Ам хадаг тавьж хариу шийд авсны дараа зарим нутагт баталгаа гэх зүйл хийдэг. Үүнийг зус хадаг хүргэх, худ хүргэх, дээж тавих, хуйх хүргэх зэргээр нэрлэнэ. Захчин зэрэг ойрадын зарим нутагт баталгаа хийсний дараа хуйх хүргэх, ёс төр гүйцээдэг байсан талаар “Ойрад монголчуудын хуримын зан үйл” номд өгүүлжээ. Энэхүү ёсыг хүүгийн эцэг охины гэрт очиж, За охин минь
Манцуйтай байхад танайх байлаа
Магнаг өмсөхдөө манайх боллоо
Хууршгүй хуйхаа өгч
Хугаршгүй хадгаа баръя хэмээн малгайтайгаа галын доод талд гурав мөргөөд хадаг, идээ ундаа барьдаг байна. Хуйх гэж хүний толгойн арьсыг хэлэх бөгөөд хэрэв няцвал хуйхаа хуулсантай адил гэж битүү утгаар андгайлдаг байжээ.
Нутаг нутгийн онцлогоос хамаарч дээр өгүүлсэн ам хадаг тавих, баталгаа хийх зэрэг ёслолыг хийхгүйгээр шууд бэр гуйх ёслолыг үйлдэх нь ч бий. Урин дулаан цагт, идээ ундааны элбэг дэлбэгт хийх бөгөөд бэрийн талд болох үдлэгийн найр, хүүгийн талд болох бэр буулгах ёслол хэмээн хоёр хэсэгт хувааж болно. Бэр буулгаж ирэх хүмүүсийн тоо, бүрэлдэхүүн тогтсон хэмжээ хязгаартай байдаг тухай доктор, профессор Ц.Баасандорж, Очир нар өгүүлжээ. Бэр буулгаж ирэхэд хүргэн, түүний дагуул, бэргэн, найрын ахлаач зэрэг сондгой тоотой, их төлөв ес эсхүл 11 хүн, доод тал нь долоон хүн явдаг гэнэ. Энэ нь монголчуудын бэлгэдэх, цээрлэх ёстой холбоотой бөгөөд бэрээ гуйж аван буцаж ирэхдээ тэгширч ирдэг ажээ. Судлаач Х.Санпилдэндэв “Малчин ардын зан үйлийн уламжлал” номдоо үүнийг “хос хоёрын амьдралын дутуу бүхэн гүйцэн тэгширч буйн учир утгатай” гэж тайлбарласан байна. Харин судлаач Б.Катуу “Аливаа зүйлд сондгой тоог хүндэлдэггүй. Сондгой зүйлийг харийн, нөгөө ертөнцийн, тэгш тоог манай, хүний ертөнцийн” гэсэн ойлголттой байсан нь бэр оруулахдаа тэгш тоотой байдагтай холбоотой ба манай хүн болсныг илтгэдэг гэжээ. Бэр гуйхад хүүгийн эцэг төдийлөн явдаггүй, садан төрлийн эсвэл нутаг усны ёс төртэй, жил мэнгэ таарсан хүн охиныг эцэг эхээс нь гуйна. Бэр гуйхад хэлэх үг тухайн ястны амьдралын хэв маяг, ажил хөдөлмөртэй нь салшгүй холбоотой байдаг. Монголчуудын дунд нийтлэг ажиглагддаг зүйл бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийг илэрхийлсэн, түүнд холбогдох зүйлийг, худ ураг бололцох учрыг ёгт далд утгаар уран яруу өгүүлнэ. Зарим нутагт хамгийн сүүлийн баталгаа хийх үедээ хуримын өдрөө тогтох ба бэр буулгах ёслолыг хуримын урд өдөр гүйцэлдүүлдэг. Үүнийг сэвгэр буулгах хэмээнэ. Сэвгэр буулгах зан үйлд охины үсийг задалж авгай үс болгодог байна. Ер нь охиныг 13-14 настайд нь гурван салаа боодог зүүнэ. 16 нас хүрэхэд нь дөрвөн салаа боодог зүүнэ. 18 нас хүрэхэд зургаан салаа боодог зүүдэг. Ийнхүү бэр буулгах ёслолоор зургаан салаа боодгийг хоёр болгон сүлжиж, сэвгэр үс буулгадаг. Бэр авах хүмүүс бэлдсэн идээ цагаа, мах зэргийг ёс сайн мэдэх хүн зохих талын ширээнд тавина. Хэрэв махыг буруу тавьсан тохиолдолд охины талынхан тэр хүнийг таших буюу алгаддаг байжээ.
Хуримын өмнө басганы наадан гэж болдог
Буриад зон олны дунд хуримын өмнөх зан үйлийг “бэр эрэх” ёс, хуралт хэмээдэг байна. Бусад ястан угсаатнаас ялгарах онцлог гэвэл “басган зайх”, “басганы наадан”, “басганы их гэрийн наадан” зэргийг хийдэг байсан байна. Энэ тухай Буриад хуримын дуу, зан үйл судлаач доктор, профессор Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа. Тэрээр “Хуримын өмнө басганы наадан гэж болох бөгөөд үүнд зөвхөн басганы үеийн найз охид оролцоно. Найрыг нагац ах нь юм уу, ёс мэддэг өвгөн түрүү ахална. Мөн басган зайх ёс хийх ба авга, нагац талынхан бэрд мордох гэж байгаа охиныг найз нөхдийн хамт дуудан найрлана. Охинд зориулж идээ ундаа элбэг дэлбэг бэлдэн найрлаж, охинд өмч, бэлэг өгдөг. Үүний дараа басганы их гэрийн найр болох ба үүнд зөвхөн хамгийн дотно төрөл садны хүмүүс оролцоно. Энэ найрыг “угаалгын наадам” ч гэж нэрлэдэг” гэсэн юм. Буриад түмэн бэр болон мордож буй охиноо сургаалын дуугаар үдэж өгдөг. Охидын сургаал дуу, ах эгч, анд нөхдийн захиас дуу, аавын захиас төөлэйн дуу, ээжийн захиас ууцын дуу, басганы хариу дуу зэргээр үргэлжилдэг байна. Жишээлбэл, басганы хариу дуу:
Ардагаа адуунаас барихдаа
Алхалж гурав гишгэлдэгсэн
Аав минь намайг сургахдаа
Андуугүй яваарай гэдэгсэн...хэмээн эцэг эх, элгэн саднаа хүндэтгэн, тэдэнд зориулан дуулдаг байна.
Охин хүүхэд цэвэр ариун, нандин чанараа хадгалах ёстой
Хурим найр хийж, нэг гэрт орохоос өмнө худ худгуй тал, хүү охин хоёр ийнхүү олон ёслол хүндэтгэлийг давж, хоёр талынхаа зан байдлыг танин мэдэж, ойлголцсоны үндсэн дээр тоонот гэрт толгой холбодог байжээ. Энэ тухай судлаач Л.Эрдэнэчимэг “Монгол эмэгтэй бэр гуйгаагүй байхад айлд очих ёсгүй. Охин хүүхэд цэвэр ариун, нандин чанараа хадгалах ёстой. Энэ нь цаанаа ёс суртахууны асар том зүйлийг агуулж байдаг. Бэр гуйж, хурим хийснээр ах дүү, найз нөхөд бусад хүмүүст энэ хоёр хүн гэр бүл болж буйг баталж өгдөг зүйл юм. Харин орчин үед хосууд хэнд ч мэдэгдэхгүй нэг гэрт орж, ёс уламжлалаа гээгдүүлж буй явдал буруу” гэв. Харин судлаач С.Дашдэжид энэ талаар, “Үүнийг буруу гэж хэлэхгүй. Залуучууд үерхэж нөхөрлөж, нэгнээ сайн таньж мэдсэний дараа гэр бүл болох хэрэгтэй. Төрд данстай гэр бүл болно гэдэг тоглоом биш. Тэгэхээр хурим найр хийх, үр хүүхэдтэй болохоосоо өмнө үнэхээр амьдралын туршид хайрлаж, хүндэлж явж чадах эсэхийг сайн мэдэхийн тулд хамтран амьдрах нь зөв гэж боддог” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 155 (7399)