Т.САЙХАН

 

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга  Т.Доржханд нар өчигдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа. Тэд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр хамтран ажиллах зорилгоор тус гэрээг байгуулж байна гэдгийг онцлов.  Мөн тус гэрээнд  МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөр багтсан.  АН-ын мөрийн хөтөлбөрөөс хүний хөгжил, хувийн өмчийн хамгаалал, технологийн суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах шударга ёсны зорилтуудыг тусгасан.  Харин ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг удиртгал болгож "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэрээнд тусгажээ.

Түүнчлэн

. Бүсчилсэн хөгжлийн бодлого

· Хүний хөгжлийн бодлого

· Хүний эрхийг дээдэлсэн засагласан бодлого

· Эдийн засгийн бодлогыг хамтарсан Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгож, энэ хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөлд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, их, дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг бүх талаар дэмжин хамтран ажиллахаар тохирлоо.

Мөн өчигдөр Засгийн газраас  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, УИХ-д өргөн барив.  Энэ удаагийн төсвийн тодотгол нь Засгийн газраас дэвшүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой гэж үзэж оруулж ирсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 155 (7399)