Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Францын нийслэл Парис хотноо XXXIII дахь удаагийн зуны олимп амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улс энэ удаагийн олимпын наадмыг жүдо бөхийн төрөлд нэг мөнгөн медаль авсан амжилттайгаар дуусгалаа. Манай баг, тамирчид наадмын сүүлийн өдрүүдэд хэрхэн оролцсон тухай тойм мэдээллийг хүргэе.
П.Орхон, Т.Тулга нар тавдугаар байрт шалгарав
Энэ удаагийн олимпын наадамд манай 33 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн билээ. Өчигдөр сонин буух мөчид Монголын баг жүдо бөхийн төрөлд нэг мөнгөн медаль хүртсэн амжилттай байв. Амралтын өдрийн тэмцээн чөлөөт бөхийн төрлөөр үргэлжилсэн. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Тулга Армени улсын бөх Вазген Теванянтай шөвгийн наймд барилдаж, 7:5 харьцаатайгаар ялалт байгуулсан. Тэрээр жиндээ дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй тамирчинг хурд, хүч, мэдрэмжээр илүү байснаар ийнхүү буулган авсан билээ. Ингээд манай бөх шөвгийн дөрөвт Япон улсын бөх Киёока Котаротай барилдаж, ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Пуэрто Рикогийн 2023 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 25 настай Себастиан Риверад 9-10 харьцаагаар ялагдаж шагналт тавдугаар байр эзэллээ. 76 кг-ын эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Э.Даваанасан гарч ирсэн. Манай бөх эхний учраандаа Нигер улсын тамирчин Ханна А.Рубентэй барилдаж, 5:2 харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарсан билээ. Харин их шөвөг рүү шалгарах шийдвэрлэх тулаанд Колумб улсын бөх Рентериа Татианатай барилдаж, 3:6 харьцаатай ялагдал хүлээв. Э.Даваанасангийн хувьд ийнхүү анхны олимпдоо зодоглож, арвин их туршлага хуримтлуулсан биз ээ. Харин монголчуудын хамгийн их хүлээлт үүсгэж, найдвар тавьж байсан барилдаан Монголын цагаар 02 цагт эхэлсэн юм. "Парис-2024" зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өрсөлдсөн П.Орхон хүрэл медалийн төлөө олимпын мөнгө, дэлхийн гурван удаагийн аварга Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдаж, ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарлаа. Тэрээр эхний үед зургаан оноо дараалан авсан ч хоёрдугаар хагаст зургаан оноо алдаж, 6:6 буюу онооны чанараар киргиз тамирчин ялалт байгуулсан юм.
М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр 125 кг-ыг өргөлөө
Сүүлийн гурван олимпод монголчуудыг дэлгэцийн өмнө уяж, Монголын топ спортын төрөл болоод буй нэгэн спорт бол хүндийн өргөлт. Монгол Улсын гавьяат тамирчин, М.Анхцэцэг эх орноо төлөөлөн ийнхүү гурав дахь олимпдоо амжилттай оролцлоо. Манай тамирчны хувьд Монголын хүндийг өргөлтийн төдийгүй спортын түүхэнд олон олон “алтан үсгээр” бичигдсэн бахдам амжилтын эзэн юм. Тодруулбал, ДАШТ-ээс нэг алт, хошой мөнгө, хошой хүрэл медаль, Олимпын дөрөвдүгээр байрын шагнал, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 удаагийн аварга төдийгүй улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчлэн тогтоосон байдаг. Тэрээр Парисын олимпын наадмын хүндийг өргөлтийн 81 кг-ын жинд өрсөлдсөн. Манай тамирчин огцом өргөлтийн төрөлд эхний оролдлогоор 100 кг-ын жинг захиалж, амжилттай өргөсөн. М.Анхцэцэг огцом өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 106 кг өргөсөн нь амжилтгүй болсон бол гурав дахь оролдлогоороо 108 кг-ыг захиалсан нь мөн амжилтгүй болсон юм. Түүний хувьд үргэлжлүүлэн түлхэлттэй өргөлт хийсэн. Эхний захиалгаа 125 кг-ыг амжилттай өргөснөөр тэмцээнээ дуусгалаа. Учир нь манай тамирчны баруун мөр бэртэлттэй байгаа бөгөөд, бэртлээ сэдрээхгүйн тулд энэхүү шийдвэрийг гаргажээ. М.Анхцэцэгийн хувьд тэмцээнээ дуусгасныхаа дараа өөрийн цахим хуудастаа “Бүх зүйлд, Бүх монголчууддаа, монгол эх орондоо талархая. Багштайгаа гурав дахь олимпын дэвжээндээ монгол гэж дуудуулж гарлаа баярлалаа. Хайртай шүү та нартаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Б.Сэр-од зургаа дахь олимпдоо оролцож, замаа амжилттай дуусгав
Парисын олимпын сэтгэл догдлуулсан мөчийн нэг нь Монголын марафонч Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцож, замаа амжилттай дуусгасан үе байлаа. Учир нь түүн шиг зургаан олимп дараалан оролцож, тавд нь замаа дуусгасан гүйгч бөмбөрцөгт байхгүй ажээ. Тиймээс хэдийгээр манай тамирчин 71 дүгээр байраар барианд орж ирсэн ч тэнд хуран цугларсан үзэгчид болоод тамирчин Монголын марафонч Б.Сэр-Одод баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байсан юм. Түүний төрөлд 42 орны 81 тамирчин бүртгүүлсэн. Тэд 42 км зайг туулах ёстой байв. Манай тамирчин эхний таван км зайг 15:41 минутад туулснаар есдүгээр байрт бичигдэж байсан билээ. Ийнхүү түүнийг 25 км зайг туулахад Уганда, Турк, Перу улсын тамирчид замаа дуусгаж чадалгүй тэмцээнийг орхисон. Мөн манай тамирчныг бариа руу дөхөж байх үед өнгөрсөн Токиогийн олимпын аварга Кенийн Элиуд Кипчогэ ч тэмцээнээс хасагдсан юм. Ийнхүү олимпын аваргуудыг ардаа орхисон Б.Сэр-Од тэргүүлэгчээс +36:07 хугацаагаар хоцорсон ч амжилттай барианд орж чадсанаар энэхүү спортын домог гэдгээ батлан харууллаа. Тамирчнаас хурд, ухаан, тэсвэр тэвчээр шаардсан 42 км-ын зайнд энэ удаад Этиопын тамирчин Тамират Тола түрүүлж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон бол Бельгийн Абшир Абди, Бенсон Кипруто нар удаалсан юм. Харин олимпын сүүлийн өдөр "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын Хөнгөн атлетик-Марафоны эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн тамирчид маань амжилттай барианд орж ирлээ. Эмэгтэйчүүдийн марафоны тэмцээнд тив дэлхийн шилдэг 91 тамирчин оролцсоноос манай тамирчин ОУХМ Г.Хишигсайхан 2:33:26 үзүүлэлтээр 47-р байр, ОУХМ Б.Мөнхзаяа 2:33:27 үзүүлэлтээр 48-р байрт тус тус шалгарснаар XXXIII дахь удаагийн зуны олимпын наадамд монголчуудын хувьд өндөрлөлөө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 154 (7398)