Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор АПУ компанийн Олон улсын брэнд маркетингийн албаны дарга Г.Ганчимэгийг урьж, ярилцлаа.

 

“Залуучуудтайгаа хамтдаа хөгжин 11 жилийг үдлээ”

Блиц:


Г.ГАНЧИМЭГ

Олон улсын брэнд маркетингийн албаны дарга.

MBA, University of East London, UK;
Маркетингийн менежмент-Эдийн Засагч мэргэжилтэй, ЭЗС- МУИС

2006-2008 онд АПУ ХК-д Пивоны маркетингийн албаны даргаар; 

2015 оноос Харилцаа инновацийн албаны даргаар; 

2017 оноос Сүү сүүн бүтээгдэхүүн болон ус ундааны маркетингийн албаны дарга.

2021 оноос Олон улсын брэнд маркетингийн албыг хариуцан ажиллаж, Олон улсын зах зээлд АПУ ХК-ийн экспортын цар хүрээг өргөжүүлж, дэлхийд Монгол орноо сурталчлах ажлыг түүчээлэн хэрэгжүүлж байна. 

Монголын маркетингийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн 2014 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна.

-Би 2006 онд АПУ компанид ажилд орж, 2009 он хүртэлх хугацаанд Пивоны маркетингийн албаны даргаар ажиллаж байлаа. Тухайн үед АПУ компани Монголын зах зээлд өнөөгийнх шигээ байр сууринд төдийлөн хүрээгүй, архи пивоны брэндүүд маань тогтворжоогүй байсан.

Цөөхөн брэндтэй, тэд маань нэлээд хуучирсан байсан гэх үү дээ.  Яг тийм цаг үед энэ компанийн бүтээгдэхүүний нэг хэсгийн маркетингийн ажлыг хийсэн. П.Батсайхан захирлын манлайлал дор “Алтанговь”, “Хархорин” “Боргио Gold”, “Light”  брэндүүдийн шинэчлэлийн ажлыг хариуцаж, хэрэглэгчдэд хүргэсэн.    2015 оноос  АПУ компанидаа эргэн орсон бөгөөд  харилцаа, инновацын албыг удирдаж, олон шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлсэндээ бахархалтай байдаг. 2017 оноос сүү сүүн бүтээгдэхүүн болон ус ундааны маркетингийг хариуцаж ирсэн.  “APU Diary” компани сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлд хоёр дахь том тоглогч болж, энэ зах зээлд зохицуулах үйлчилгээтэй баяжуулсан пробиотикоор баялаг олон бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн таашаалд нийцсэн, тэдний дуртай брэнд болгон хүчирхэгжүүлсэндээ баяртай байдаг.  Мөн олон жилийн турш шинэчлэгдээгүй байсан “Тэрэлж”, “Сэлэнгэ” брэнд маань одоогийн өнгө төрхөө олсон.  Одоо компанийн олон улсын зах зээл дээрх маркетингийн үйл ажиллагааг хариуцаад ажилладаг. Би анх  АПУ компанид ажилд орохдоо компанийн засаглалыг нь нэлээд харж,  сонголтоо хийсэн.  Энэ компанитай хувь заяагаа холбосон минь огт буруудаагүй.  Ер нь аливаа бизнесийн үйл ажиллагаа засаглал сайтай байж амжилттай явдаг. Ажилтнуудад өөр өөрсдийнхөө хариуцаж байгаа ажил дээр шийдвэрээ гаргаад  явах боломжийг бүрдүүлж өгдөг. Мэдээж албан тушаал болгонд  өөрийн гэсэн эрх мэдлийн хуваарилалт бий.   Гэхдээ тухайн  хүнд  өөрийнх нь  хүссэн, зорьсон ажлаа хийх боломжийг нь олгодог байх хэрэгтэй. Манай компанийн хувьд залуучуудтайгаа хамтдаа хөгждөг, санал санаачилгыг нь  бүрэн дэмжиж ажилладаг.  Одоо компанийн  засаглал хэвтээ бүтэц рүү шилжиж байна гэж хэлж болно.

 

“Манай улсын зэх зээл  шинэ бүтээгдэхүүнийг маш соргогоор хүлээж авдаг”

 

- Монголын зах зээлийг хүн ам багатайгаас шалтгаалж багтаамжийн хувьд  жижиг гэж ярьдаг. Гэхдээ манай улсын зэх зээл  шинэ бүтээгдэхүүнийг маш соргогоор хүлээж авдаг онцлогтой.  Жишээлбэл, зарим газарт шинэ брэнд гарлаа гэхэд магадгүй гурван жилийн дараа тэр брэнд үүссэнийг нь хүмүүс мэдэж байна.  Харин  Монголын зах зээлд 2-3 сарын дотор хэрэглэгчийн 80-90 хувьд хүргэх боломжтой. Мөн манай улсын хүн ам харьцангуй залуу учраас шинэ соргог зүйлд нээлттэй ханддаг.  Нөгөө талаар шинэ бүтээгдэхүүнийг шүүмжлэхдээ бас хурдан. Үнэхээр хүнд хүрэхээр брэнд бүтээж чадсан уу, үгүй юу гэдгээ маш богино хугацаанд харж болох юм.  Тэгэхээр зах зээлийг жижиг гэж голохоос илүү харин ч сонирхолтой зэх зээл.  

 

“Есөн оронд экспортын үйл ажиллагаа явуулж байгаа”

 

-Манай компани 344 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Улмаар есөн оронд экспортын үйл ажиллагаа явуулж байгаа. Монголчууд бидний нийтлэг ашиг сонирхлын нэг бол дэлхийд гайхуулах өөрсдийн гэсэн үндэстний брэндтэй болох. Бид чөлөөт зах зээлд шилжиж, дэлхийтэй бүхэлд нь танилцаж, тэднээс суралцаж эхлээд 30 гаруй жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд экспортын бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлд төрийн бодлогын түвшинд ч, хувийн хэвшлийн санаачилгаар олон ажил хийгдэж, эрчмээ авч эхэлсэн. Манай компанийн хувьд шингэн хүнсний зах зээлд тэргүүлэгчийн хувьд салбартаа уг ажлыг манлайлан хэрэгжүүлж, бодит үр дүн эхнээсээ гарч эхлээд байгаа. АПУ компани олон улсын зах зээл дээр Монгол Улсын нэрийн хуудас болж, Монгол эх орноо, онгон дагшин байгаль, нүүдэлчин ахуй соёл, бахдам сайхан түүх, идээ ундааны соёл, баялаг өв уламжлал, соёл урлаг, ёс заншлыг таниулж сурталчилж түүнээсээ улбаалан брэнд бүтээгдэхүүний онцлог болон түүхийг танилцуулан ажиллаж байна. Брэнд бүтээгдэхүүнүүд маань олон улсын стандарт шаардлагад нийцсэн төдийгүй,категоридоо хамгийн шилдэг гэдгийг дэлхийн шилдэг шинжээчдийн баг шалгаруулдаг олон улсын тэмцээнээс шагналт байр удаа дараа эзэлдгээс харж болно. Онцлох зарим амжилтуудаас дурдвал, олон улсын чанарын институтын “Монде” шалгаруулалтын алтан медалиуд, Сан Франциско дахь дэлхийн тэмцээнд алт, мөнгөн медалиуд, Хонг Конг дахь дарс болон архины шалгаруулалтын алтан медаль, DLG чанарын институтийн алтан медаль, Австрали дахь олон улсын шар айргийн шалгаруулалтын мөнгөн медаль, дэлхийн шар айргийн тэмцээний алтан медаль, Азитивийн онцлог брэнд зэрэг олон шагналуудыг жил бүр хүртдэг.

 

“АПУ компани алтан босготой”

 

-Аливаа брэнд хэрэглэгчдийн таашаалд нийцэхийн тулд бүтээгдэхүүний савлагаа, баглаа боодлын дизайн, чанар, өвөрмөц амтнаас гадна брэндийн түүх хамгаас чухал үүрэгтэй. Манай брэнд бүр нүүдэлчдийн баялаг өв соёл, түүх, ёс уламжлал, заншлын нэгээхэн хэсгийг агуулдаг тул дэлхийн тавцанд танигдах, бусад бүтээгдэхүүнээс онцгойрон ялгарах хүчин зүйл болдог. Мөн гарал үүслийн хувьд бүтээгдэхүүнүүдийн маань түүхий эд экологийн эрүүл хөрсөнд өсөж бойжсон улаан буудай тэргүүтэн, ямар ч бохирдолгүй, гүний цэнгэг усыг орцоо болгосон нь бас нэгэн давуу талыг бий болгодог. Одоогийн байдлаар “Монголын” гэх тодотголтой брэнд бүтээгдэхүүнүүд маань олон улсын согтууруулах ундааны тансаг зэрэглэлийн зах зээлд танигдсаар байгаа бөгөөд зөвхөн өөрөө хэрэглэх төдийгүй, хүндтэй хүндээ бэлэглэхэд бүтээгдэхүүний өвөрмөц байдал, сэтгэл татам тансаг шинжээрээ гаднын хэрэглэгчдэд үнэлэгдэн, таашаалд нь нийцдэг билээ.  Бид хүний нөөцийн хувьд удирдлагаасаа эхлээд бүх түвшиндээ чадавхжихад гол  нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагааны  чиглэл бол экспорт. Учир нь, дэлхийн нэр хүндтэй компаниуд, тэдний олон улсад чиглэсэн үйл ажиллагаагаар мэргэшсэн мэргэжилтнүүдтэй бид харилцаагаа өргөжүүлснээр тэднээс суралцах, бусадтай өрсөлдөх, хамтран ажиллах мэргэжлийн хүний нөөцөө бэлдэж байгаа хэрэг юм. Орон орны соёлын ялгаа, зах зээл, хэрэглэгчийн онцлогийг мэдрэн ажиллах борлуулалт, маркетингийн  мэргэжилтнүүдээс гадна ачилт тээвэр, логистик, гааль, инкотермс, олон улсын төлбөр тооцоо зэрэг бүхий л талбарууд дээр хамтдаа чадавхжиж байгаа нь бидэнд нутагшиж буй үнэт баялаг билээ.  Ер нь АПУ-д ажиллаж байсан л гэвэл ямар ч компанид ажилд орж болно. Хүний нөөцийн маш том сургууль гэж хэлж болох юм. Инженер техникийн ажилтан, технологи, менежмент, маркетинг, түгээлт гээд байж болох бүхий л мэргэжлийн хувьд сайн сургууль  болдог. Сургуульдаа сураагүй зүйлийг ажлын байран дээр нь сургаад гаргадаг. Хүн болгон л “АПУ компани алтан босготой” гэж ярьдаг. Миний хувьд  олон улсын зах зээлд Монгол Улсыг таниулахад хувь нэмрээ оруулж байгаа нь нэр төрийн хэрэг. Мэргэжилтнийхээ хувьд өөрийгөө сорих сайхан талбар. Ийм учраас энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллахдаа таатай байх болно.  Манай компани татвар төлөгчийн хувьд топ гуравт орж байгаа. Өдөрт тэрбум төгрөгийн татвар төлдөг гэж мэдээлэл байдаг. Уул уурхайн компани биш бол ингэж татвар төлдөг компани цөөхөн. Мөн хүнсний аюулгүй байдал гэдэг тусгаар тогтнолын номер нэг асуудал шүү.

 

“Чингис хаан” брэндийг дэлхийд таниулна”

 

-Олон улсын зах зээлд брэнд бүтээгдэхүүнээ таниулж, олон улсын нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөнө гэдэг амар ажил биш. Дэлхийд манай брэндүүдийг бүр Монгол Улс гэж хаана байдгийг ч мэдэхгүй хэрэглэгчдэд нэгдүгээрт эх орноо, дараа нь брэндээ таниулахаас бидний ажил эхэлдэг. АПУ компанийн экспортын бүтээгдэхүүний дунд “Чингис хаан” брэнд онцгой байр суурь эзэлдэг.   Бид энэ брэндээ дэлхийн оюуны өмчийн олон улсын бараа үйлчилгээний 32, 33 ангиллуудад амжилттай бүртгүүлснээр Япон, БНСУ, БНХАУ, Макао, Тайван,Сингапур зэрэг Ази, зүүн өмнөд Азийн орнуудад болон ОХУ, Казакстан, Турк, Европын холбооны улсууд, Их Британи, АНУ, Канад, Бразил, Швейцар, Израйл, Энэтхэг зэрэг улсуудад Чингис хаан брэндийг дэлхийд гаргах үүд хаалга нээгдсэн билээ. Чингис хаан брэндийн олон улсын аялал хөрш хоёр орноос гадна Казахстан, Польш, БНСУ, Итали, АНУ, Тайланд, Швейцар гээд улам тэлэн өргөжиж байгаад баяртай байгаа төдийгүй энэ аяллын нэгээхэн хэсгийг бий болгож байгаадаа бахархалтай байдаг. Цаашид энэ брэндээ дэлхийд таниулахыг зориод явж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 154 (7398)