Э.МАРАЛ 

Монголын Шатрын Холбоо нь 1955 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 69 жилийн дараа түүхэндээ анх удаагаа ахмад шатарчдадаа чиглэсэн олон улсын чанартай Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Уг тэмцээн наймдугаар сарын 9-19 хооронд Тэрэлжийн “World Terelj Resort” зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд Тэмцээнд есөн орны 80 орчим шатарчид оролцохоор мэдүүлээд байна. Тодруулбал, Монгол, ОХУ, Энэтхэг, Кувейт, Малайз, Филиппин, Шинэ Зеланд, Казакстан, Япон зэрэг улсын тамирчид оролцох юм. Оролцогчдоос дурдвал Монгол улсын найман удаагийн аварга, анхны Их мастер, МУГТ Б.Хатанбаатар, Ахмадын Дэлхийн аварга, Их мастер, ОХУ-ын тамирчин Галина Струтинская, Ахмадын Азийн аварга, Олон улсын мастер, Филиппин Улсын тамирчин Хосе Эфрен Багамасбад, тэмцээнд оролцогчдын чансааг тэргүүлэгч Казакстан улсын шатарчин Олон Улсын Мастер Найсибуллын Владислав зэрэг тэргүүтэй таван тивийн төлөөлөл болсон шатарчид оролцох аж. 

Энэ удаагийн тэмцээн нь Ази тивийн түүхэндээ анх удаа эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар 50-с дээш болон 65-с дээш гэсэн хоёр насны ангиллаар зохиогдож байгаа бөгөөд шагналын сан 9200$-р бүрдсэн байна. Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулалтын комиссын даргаар Монголын Шатрын Холбооны ФИДЕ төлөөлөгч, Олон улсын шатрын Их мастер, Дэлхийн шатрын холбооны Глобал бодлогын зөвлөлийн гишүүн А.Энхтуул багаа удирдан ажиллана. Тэмцээний нээлтийн ёслолд тамирчдаас гадна УИХ-ын гишүүд, оролцогч тамирчдын орны элчин сайдууд, шатрын спортын хүндэт зүтгэлтнүүд оролцоно. 

Монголын шатрын холбооны хүндэт зүтгэлтэн, гавьяат дасгалжуулагч П. Жигжидсүрэн: “Монголд анх удаа Ази тивийн ахмадуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Манай улсын ахмадууд хувьдаа бэлтгэл, зорилтууд тавигдсан бөгөөд бид тэмцээний аваргын төлөө тоглохыг зорьж бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа юм. Гэхдээ бид хожих, хожигдохдоо биш оролцох нь чухал, их зүйлийг сурна. Энэхүү тэмцээн ахмадууддаа зориулан тав тухтай орчинд зохион байгуулагдах гэж байгааг хэлэхэд таатай байна” гэлээ. 

Шатарын Олон улсын шүүгч Жеми Кен Мур: “Миний бие энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллахаар Австрали улсаас уригдан ирсэн. Монголын шатарчдын холбоо Ази тивийн ахмадын аварга шалгаруулах маш том үйл ажиллагаа зохион байгуулж байна. Өмнө нь 12 удаа уламжлал болгон Ази тивийн аварга шалгаруулах ахмадын тэмцээн зохион байгуулагдсан. Гэвч 12 удаа зохион байгуулагдах үедээ Олон улсын цол зэрэг олгох нөхцөлийг хангаж чаддаггүй байсан. Энэ жилээс Монголын шатрын холбоо эх орондоо зохион байгуулахдаа “Decourt” тогтоож эрэгтэй болон эмэгтэй шатарчдад аль аль нь Олон улсын цол, зэрэг олгох шийдвэрийг дэлхийн шатарчдын холбооны мэргэжлийн комиссоос гаргуулж чадсан. Мөн энэхүү тэмцээнд түрүүлсэн 50 болон 65 насны ангиллын шатарчид тус бүртээ ОУ-ын шатрын Их мастерын нэг нормыг автоматаар биелүүлнэ. Хэрэв гурав нором биелүүлсэн тохиолдолд Их мастер болох боломжтой” гэв. 

Эх сурвалж:www.polit.mn