Э.МАРАЛ
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон XXXIII наадам “Парис 2024” олимпын эргэн тойронд болсон онцлох үйл явдлыг хүргэж байна.
Чөлөөт бөх: Энэ төрөлд эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байсан Энэтхэгийн бөх Винеш Пхогат жиндээ орж чадалгүй тэмцээнээс хасагдан харамсалтай явдал боллоо. Олон улсын тэмцээнд нэг ч удаа ялагдаж үзээгүй "босоо бөх" Юи Сусакиг энэ олимпод "өвдөг шороодуулсан" анхны бөх болсон Винешийг алтан медаль баттай авна гэж дэлхий нийт үзэж байсан билээ. Винеш жиндээ орох гэж шөнөжин оролдож, гүйж, дугуй унаж, үсээ хүртэл тайрсан ч 50кг -аас ердөө 100 гр илүү гарч, хасагдав. Дашрамд өгүүлэхэд Винеш бол Ази тивийн болон Азийн наадмын аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальтай, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын 3 удаагийн аварга, Энэтхэгийн хамгийн анхны олимпын финалд үлдсэн бөх юм. Тэрээр Пхогар эгч дүүсийн (зургаан эгч дүүс бүгд бөх ) нэг бөгөөд тэдний бодит амьдрал дээр тулгуурлан хийсэн "Дангал" уран сайхны кино үзэгчдийн байлдан дагуулсан билээ. Винеш Пхогар олимпын наадмын финалаас хасагдсаныхаа дараа зодог тайлж буйгаа сошиалаар зарлажээ. Тэрээр "Бөхийн спортод би ялагдлаа. Мөрөөдөл, эр зориг минь мохлоо. Одоо надад ямар ч хүч чадал алга. 2001-2024 оныг зориулсан бөх минь Баяртай! Би та бүхэнд үүрд өртэй үлдлээ. Уучлаарай!" хэмээн бичжээ.
Хөнгөн атлетик: Эрэгтэйчүүдийн 3000 м-ийн саадтай гүйлтийн уралдааны үеэр бас нэгэн харамсалтай явдал болов. Тамирчид сүүлчийн тойргоо хийж, толгой хэсэгт буюу тухайн үед хоёрт явсан Этиофийн гүйгч, энэ зайд дэлхийн рекордыг эзэмшигч Ламеха Гирма саадыг давахдаа унаж ухаан алджээ. Түүнд анхны тусламж үзүүлсний дараа эмнэлэгт хүргэсэн бөгөөд замдаа ухаан орсон байна. 23 настай Гирма 3000 метрийн саадтай гүйлтээр "Токио-2020" олимпын мөнгө, ДАШТ-ий гурван мөнгөтэй, жилийн өмнө яг энд Парист Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож ( 7.52,11) байсан тамирчин юм.
Уран сайхны сэлэлт: Энэ төрөлд дэлхийд ноёрхдог Оросын бүсгүйчүүдийн эзгүйд БНХАУ-ын баг итгэлтэйгээр түрүүлж, олимпын аварга болов. Мөнгө, хүрэл медалийг АНУ, Испани хүртлээ.
Усан бөмбөг: Усан бөмбөгийн шөвгийн наймын тоглолтууд гал гарсан тоглолт болж өндөрлөлөө. Серб улсын баг Грекийг 12:11-ээр хожсон бөгөөд хожлын гоолыг цаг дуусахаас хоёрхон секундийн өмнө " шидэж оруулснаар хагас шигшээд үлдлээ. Унгар-Италийг 9:9(3:1), АНУ-Австралийг 7:7(4:3) " пенальтиар" хожив. 2-хон гоолын зөрүүгээр Испанийг хожсон (10:8) Хорватууд л энэ өдрийн хамгийн олон гоолоор хожсон баг боллоо. Хагас шигшээд Серб-АНУ, Унгар-Хорват тоглоно.
Волейбол: Энэ төрлийн эрэгтэйчүүдийн тэмцээнд алтан медалийн төлөө Польш-Франц шалгаран үлдлээ. "Токио-2020" олимпын аварга Франц Италийг 3:0-ээр төвөггүй буулган авсан бол Польш улсын тамирчид эхний сетэд хожсон ч дараалан хоёр сетэд хожигдсон. Гэвч дөрөв дэх сетэд дахин хожил авч 2:2 болгоод тай-брэйкээр АНУ-ын багийг хожин 48 жилийн дараа олимпын финалд дахин үлдлээ.
Бокс: Эмэгтэйчүүдийн бокст хэл ам дагуулсан хоёр жендерийн асуудалтай боксчин хоёулаа финалд үлдлээ. Алжирын Иман Хелиф хагас шигшээд ялсан бол Тайван улсын тамирчин Линь Ю Тин 57 кг-ийн жинд Туркийн боксчин Эсра Йылдызийг ялж финалдшалгарсан билээ. Харин Турк улсын тамирчин Эсра тулааны дараа "Х" үсэг хуруугаараа дүрсэлж үзүүлж, "байр сууриа" илэрхийлэв. Учир нь Тайвань боксчин (Алжирынх мөн адил) өнгөрсөн жил ДАШТ-ээс жендерийн сорилтод унаж, хасагдсан бөгөөд "Y" буюу эрэгтэй хромосомтой гарсан. Тэгвэл Эсра "Х" буюу эмэгтэй хромосомыг дүрсэлсэн хэмээн хэвлэлүүд бичиж байна. Өмнө нь Тайван улсын боксчинд ялагдсан Болгарын Светлана Станев мөн ийм "Х" дүрсэлж байсан билээ.
Эх сурвалж: www.zms.mn