Э.МАРАЛ
XXXIII дахь удаагийн зуны олимп Францын нийслэл Парис хотноо амжилттай үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жингийн барилдаан 17 цагаас эхлэх бөгөөд 2022 оны Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Б.Хулан олимпын дэвжээнд хүч сорино. Анх удаа олимпын наадамд оролцож буй тэрээр эхний тойрогт Нигерийн Кристиана Огусанятай барилдахаар сугалаа татжээ. 25 настай Б.Хулан энэ жил зургаан барилдаан хийснээс тав ялж, ганц ялагдсан. Харин 22 настай Кристиана Огусаня 11 барилдаан хийснээс ес ялж, хоёр ялагдсан аж. Түүнийг ялбал Японы Фүжинами, Америкийн Парриш нарын ялсантай барилдана.
Харин 50 кг-ийн жинд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө Хятадын Фэн Зичи, Алжирийн Ибтиссем Дуду нарын ялсантай барилдана. Медалийн барилдаан Лхагваас Пүрэвт шилжих шөнө Улаанбаатарын цагаар 02:30 цагаас эхэлнэ.
Эх сурвалж: www.zms.mn