Э.ЛХАГВАСҮРЭН
Токио- 20/21 олимпын тамирчин, ОУХМ
Парис-2024 олимпын наадмыг эх орондоо зохиож буй Франц улс 68 жилийн өмнө буюу 1948 оны ДАШТ-ээс ширээний теннисний ганцаарчилсан төрлөөр анхны хүрэл медаль хүртэж байжээ. Хүрэл медалийнхаа тоог дөрөв хүргэж ахиулсан түүх нь 1954 он хүрээд мухардсан байдаг. Тэгвэл, жинхэнэ утгаар нь Франц улсын ширээний теннисний хөгжлийн түүхийг бичсэн тамирчин бол Жан Филипп Гатиен /Jean-Philippe Gatien 1968 онд төрсөн) гэж францын түүхэнд бичигдсэн.
- "Зүүн топспингүй төрсөн тамирчин. Энэ бол ширээний теннисчин миний нэрийн хуудас" хэмээн хошигнох дуртай тэрээр 1994 онд Дэлхийн цомын аварга, 1993 онд Дэлхийн аварга болж, 1992 онд Барселонагийн олимпоос мөнгөн медаль хүртэж, Францын ширээний теннисний хөгжлийн түүхэн амжилтын эзэн болсон. Хэрэв "ширээний теннисний Моцарт" гэж үнэлэгддэг Жан Уве Валднер л олимпын финалд таараагүй бол тэрээр олимпын аваргын титмийг ч төвөггүй зүүх байсан гэж үздэг. Түүхэн тамирчидтай нэгэн цагт төрсөн бусад тамирчид нь насаараа дарагдах нь жам. Тийм явдал Гатиенд тохиолдсон гэж үзэх үндэс бий. Үнэндээ зүүнээсээ топспин хийж чаддаггүй байсан Францын баатар, гайхалтай теннисчин Жан Филипп Гатиен 1988- 2000 он хүртэл дөрвөн олимпод оролцож, хамгийн сүүлд 2000 онд дан хосын төрлөөр хүрэл медаль авч, Сиднейн олимпын тэнгэрт эх орныхоо улаан, цагаан, цэнхэр өнгө гурвалсан далбааг сүүлчийн удаа мандуулсан байдаг. Тэгвэл түүний түүхэн замналын залгамжлагч мэндэлснийг Парис-2024 олимп зарлалаа.
17-хон настай " Алтан жаалхүү" Феликс Леврун Парис-2024 олимпын наадмын ганцаарчилсан төрлөөр анхныхаа хүрэл медалийг хүртэж, 24 жил тасарсан олимпын медалийн буухиаг залгалаа.
Тэрээр хүрэл медалийн төлөө тоглолтод Бразилийн теннисчин Кальдеронаг 4:0-ээр хожиж мөрөөдлөө биелүүлсэн.
- Би олимпоос медаль авах мөрөөдөлтэй. Чадвал Парисаас чадахгүй бол дараа дараагийн олимпоос гэж хэлж байсан Феликс Лебрун мөрөөдлөө биелүүлж, 17 насандаа олимпын медаль хүртсэн анхны ширээний теннисчин болсон түүхийг давхар бичлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 150 (7394)