Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
XXXIII дахь удаагийн зуны олимп Францын нийслэл Парис хотноо амжилттай үргэлжилж байна. Наадам яг тэн хагастаа орж байгаа бөгөөд зарим төрлийн тэмцээнүүд дуусаж, тамирчид нутаг буцаад буй. Монголчуудын хувьд олимпын хамгийн топ төрөл нь жүдо бөх. Тэгвэл бөхийн төрөлд хамгийн өрсөлдөөнтэй жингүүдэд ямар орны тамирчид алтан медаль хүртсэн тухайг эргэн сануулъя.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д
Нацүми Цүнода
/Япон/
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Япон улсын жүдоч Нацүми Цүнода алтан медаль хүртсэн юм. Тэрээр манай Б.Баасанхүүг ялснаар энэхүү тавцанд зогссон билээ. Түүний хувьд энэ жил 32 настай. Өнгөрсөн жил ДАШТ Катар улсын Доха хотод болоход Нацүми Цүнода аваргалснаар өөрийнхөө жинд гурван жил дараалан түрүүлж байв. Тэрээр энэхүү амжилтаараа жүдо бөхийн түүхэнд хоёрдугаар байрт бичигдээд байгаа юм. Нацүми Цүнода финалд 48 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, Европын хошой аварга, Францын Ширани Боуклидтой учраа таарч иппон үнэлгээгээр ялалт байгуулсан байдаг. Харин цэнгэлийн манлай олимпын наадамд Монголын шилдэг жүдоч Б.Баасанхүүтэй учраа таарсан. Анх Цүнода эмэгтэйчүүдийн -52 кг-д өрсөлддөг байсан ч Үта Абэ гарч ирснээр түүний цаг үе өнгөрч, жин буурч -48 кг-д өрсөлдөхөөс өөр аргагүй болжээ. Цүнодагийн алтан медаль хүртэлх зам амар байгаагүй. Тэрээр хэсгийн аваргын төлөө эзэн орны хүчтэй өрсөлдөгч Ширин Буклиг, хагас шигшээд Шведийн шилдэг залуу тамирчин Тара Бабулфатыг ялсан. Дэлхийн гурван удаагийн аварга, нэг мөнгөн медальтай, Азийн хоёр удаагийн аварга Нацүми Цүнода олимпын наадамд түрүүлснийхээ дараа зодог тайлахаа мэдэгдсэн юм. Учир нь түүний жинд Япон улс Вакана Кога, Кано Мияаки, Хикари Ёшиока тэргүүтэй дөнгөж 20 нас хүрч буй залуучуудыг бэлтгэж буй.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д
Елдос Сметов
/Казахстан/
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-д Казахстан улсын тамирчин Елдос Сметов түрүүлсэн. Тэрээр 1992 оны есдүгээр сарын 9-нд төрсөн бөгөөд 32 настай, дэлхийн шилдэг жүдочдын нэг юм. Елдос таван настайгаасаа жүдогоор хичээллэж эхэлжээ. Спортоор хичээллэхээс гадна Казахстаны Улсын их сургуульд биологи, биотехнологийн чиглэлээр суралцсан байна. Тэрээр 2012 оноос насанд хүрэгчдийн улсын шигшээ багт багтаж 2013 оны Бангкокийн ААШТ-ээс хүрэл, 2015 оны Астанагийн ДАШТ-ээс алт, 2016 оны Рио-де-Жанейрын олимпоос мөнгөн медаль хүртэж байв. Мөн Токиогийн олимпод хүрэл медаль хүртсэн юм. Елдос 2024 оны олимпын аварга болохдоо Нидерландын Торнике Чакадуа, Украины Дильшот Халматов, Тайванийн Юн Вей Ян, Испанийн Франсиско Гарригос, Францын Лука Мхеидзе гэсэн хүчирхэг тамирчдыг ялсан. Елдос аварга болсныхоо дараа “Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг би харууллаа. Хэрэв хүсэл байвал юуг ч даван туулж чаддаг юм байна. Бүх юм бидний өөрсдийн гарт байгаа. Би жүдогийн олимпын аварга болж, Жаксылык Ушкемпировын мөрөөдлийг биелүүллээ. Үүндээ маш их баяртай байна. Гурав дахь оролдлогоороо олимпын аварга боллоо” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д
Диёра Келдиёрова
/Узбекистан/
Энэ удаагийн олимпын жүдо бөхийн төрөлд хамгийн гал гарч, таамаг эвдэж, сенсааци дагуулсан жин нь эмэгтэйчүүдийн 52 кг байв. Учир нь энэ жинд олимпын аварга, Ядоны тамирчин Абэ Үтаг хошой аварга болно гэж дэлхий нийтээрээ харж байв. Гэвч тэрээр эхний тойрогт Узбекистан улсын залуу жүдоч Диёра Келдиёровад ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Олимпын аварга, Дэлхийн хошой аварга Алдарт Абэ Үтаг буулган авч шуугиан тарьсан Узбекистан охин хагас шигшээд эзэн орны тамирчин Амандине Бушардыг ялснаар финалын шатанд орж дараагийн барилдаанаа Косово улсын тамирчин Дистри Красникийг ялж олимпын аварга болсон. Диёра Келдиёрова нь 1998 оны долдугаар сарын 13-нд мэндэлжээ. Зургаан настайгаасаа жүдо бөхийн спортоор хичээллэж, 2020 онд биеийн тамир, спортын чиглэлээр суралцаж, их сургуулиа амжилттай төгссөн байна. Диёра Келдиёрова нэгэн ярилцлагадаа “Дэлхийн зургаан удаагийн аварга, олимпын аварга Францын алдарт жүдоч Клариссе Агбегненуг шүтдэг” гэж онцолсон байна. Тэрээр -52 кг-ийн жинд 8100 оноотойгоор Дэлхийн чансааг тэргүүлээд байгаа аж. Диёра Келдиёрова нь 2019, 2022, 2023 оны Азийн аварга. 2023, 2024 оны ДАШТ-ын хошой мөнгөн медаль, ААШТ-ээс 2021 онд мөнгө, 2022 онд хүрэл медаль, Их дуулга тэмцээний таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан бол медалийн цуглуулгаа ийнхүү “Парис 2024” олимпын наадмын алтан медалиар нэмлээ. Тэрээр энэхүү амжилтаараа Узбекистан улсын түүхэн дэх эмэгтэйчүүдийн жүдогийн олимпын анхны алтан медалийн эзэн болоод байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д
Хифүми Абе
/Япон/
Энэ цагийн дэлхийн жүдо бөхийн ертөнцөд ах дүү Абэ “босоо” хэвээр байсан билээ. Өнгөрсөн олимпод хоёулаа алтан медаль хүртэж байсан тэд Парисын олимпод хамтдаа хошой аварга болно гэсэн амлалт өгсөөр Франц улсад ирсэн. Гэвч дүү нь Узбекистаны бөхөд ялагдсанаар медаль хүртэж чадаагүй. Харин ах Х Абэ Хифүми нь зорилгоо биелүүлж, 66 кг-ийн жинд түрүүлснээр олимпын хошой аварга боллоо. Тэрээр 1997 оны наймдугаар сарын 9-нд Японы Хёго мужийн төв Хоншү арал дээр байрлах Кобэ хотод төржээ. Зургаан настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, тэмцээнд оролцож эхэлсэн байна. Түүний аав Кожи Кобе хотын гал унтраах газарт гал сөнөөгч хийдэг байжээ. Абэ анх 2014 оны залуучуудын олимпын аварга болсон юм. Ийнхүү 17 насандаа Токиогийн их дуулга тэмцээнд жингийнхээ шилдэг бөх, дэлхийн аварга Масаши Эбинумаг ялж түрүүлснээр жүдо сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар 2015 онд Улаанбаатарын Гран Прид өрсөлдөж, аваргын төлөө Д.Төмөрхүлэгтэй өрсөлдөж, вазари үнэлгээгээр илүүрхэж байсан ч эцсийн мөчид Д.Төмөрхүлэг иппон үнэлгээгээр түүнийг буулган авсан байдаг. Абэ 2016 оны Риогийн олимпод 19 насандаа оролцох боломжтой байв. Гэвч гэмтлийн улмаас оролцож чадаагүй. Ингээд Токиогийн олимпод дүү Абэ Үтэгийн хамтаар нэг өдөр олимпын аварга болсон түүхтэй.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д
Тедди Ринер
/Франц/
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд дэлхийн алдарт бөх олимпын гурван удаагийн аварга, Тедди Ринер түрүүлж, гурав дахь удаагаа аваргын алтан медалийг “өвөртөллөө”. Тэрээр 1989 оны дөрөвдүгээр сарын 7-нд төржээ. Жүдо бөхийн +100 кг жинд хамгийн залуудаа дэлхийн аварга цол хүртсэн. Мөн хамгийн олон удаа буюу 12 удаагийн Дэлхийн аварга, Европын таван удаагийн аварга болсон энэ цагийн шилдэг бөх юм. Ингэснээр 35 настай Тедди энэхүү амжилтаараа Японы Тадахиро Номүратай тэнцэв. Мөн олимпоос таван медаль хүртсэн нь Японы алдарт жүдоч Рёко Танитай (хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл) ижил амжилт юм. Түүнчлэн 35 настайдаа түрүүлснээр жүдогийн түүхэнд хамгийн ахмад аваргаар тодорч байна. Тедди Ринер 2.04 метр өндөртэй бөгөөд 125 кг жинтэй ажээ. Түүнийг спорт сонирхогчид "Тедди баавгай" гэж хочилдог. Энэ жингийн финалд Францын аваргатай Өмнөд Солонгосын Ким Мин Жон тунасан. Харамсалтай нь иппон үнэлгээгээр ялагдсан. Гэхдээ түүний цаг ирж байгааг 23 настай Ким Мин Жон мэдэж байна. Тэрээр "Тедди Ринер бол миний шүтээн. Би түүн шиг болохыг хүсдэг. Парисын олимп шиг ийм том тэмцээнд түүнтэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг. Хэдий харамсмаар үр дүнгээр өндөрлөсөн ч түүнийг шилдэг нь гэдгийг ойлголоо. Түүнээс суралцаж, ирэх тэмцээнүүдэд шилдэг барилдаанаа гаргах болно" гэжээ. Тедди 2022 оны тавдугаар сард францын шигшээ багийн хамт Монголд бэлтгэл хийхээр ирж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 150 (7394)