Л.ОТГОНДҮҮ

 

“Start-Up” булангийн энэ удаагийн дугаарт “Золотой Мир” ХХК-ийн захирал Д.Мөнхтулгатай ярилцлаа.

 

-Жуулчид болон орон нутгаас ирж буй иргэдийг байраар хангах үйлчилгээг үзүүлэх болжээ. Яагаад энэ төрлийн үйлчилгээ эрхлэх болов? 

- Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор жуулчид их ирж байна. “Золотой Мир” компаниараа дамжуулан гадаад жуулчдыг авчрахаар буудлуудын захиалга дүүрчихдэг.

Үүнээс үүдэж жуулчид маань хоноглох газаргүй болдог байсан. Тиймээс дэлхий даяар байдаг “Guest house”-аа 2023 онд нээсэн. Би МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг зээлийн эдийн засагч мэргэжлээр 2008 онд төгссөн.

Хас банканд мэргэжлээрээ нэг жил ажилласан. 2014 онд “Золотой Мир” аялал жуулчлалын компаниа байгуулсан. Энэ жил манай компани 10 дахь жилтэйгээ золгож байна. Одоогоор албан ёсны хоёр ажилтантай. Жуулчдыг онгоцны буудлаас тосож авах, тасалбар захиалах, жолооч, хөтчийн үйлчилгээ үзүүлдэг. Зарим тохиолдолд өөрөө ч явдаг. Гэхдээ гадаад улсаас жуулчин авахаас илүү Монголоос гадаад улс руу ихэвчлэн хүмүүс явуулдаг.

-Монголд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газар хэр олон байдаг вэ?

-Монголд “Guest house” олон байдаг.  Байршил болон бусад зүйлсээс хамаарч үнэ нь өөр. Оросууд Нарантуул захын ойролцоо байрлах дуртай байдаг бод европ болон Солонгосчууд хотын төвд байрлах сонирхолтой байдаг.

-Танай Guest house-д хэдэн хүн байрлах боломжтой вэ. Нийт хэдэн ортой вэ?

-Манай буудал гурван өрөөтэй. Нийт 16 ортой. Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрладаг.

-“Guest house”-ийн стандарт гэж байдаг уу. Тохижуулалтаа хэрхэн хийсэн бэ?

-Жуулчид ирэхээсээ өмнө байрлах буудлынхаа байршил болон тохижилтыг нь платформоор харж захиалга өгдөг. Тиймээс гадны улсын жишгээр ус буцалгагч, ор, гал тогоо зэрэг байх ёстой бүх эд зүйлсийг нь хийсэн байх шаардлагатай. Ор болон матраасаа монгол залуучуудаараа хийлгэсэн. Харин интернэт, гал тогооны хэрэгсэл, дүүш, угаалгын машин, ариун цэврийн цаас, цагаан хэрэглэл зэрэг хэрэгтэй бүх зүйлийг олон улсын стандартын дагуу бүрэн тохижуулсан.

 -Хоногийн хэдэн төгрөг байдаг вэ?

-Зарим жуулчдын хувьд аль болох хямд буудалд буухыг эрмэлздэг. Гэвч манай улсад зочид буудлын дундаж үнэ 100 мянга орчим байна. Харин манай нэг ор олон улсын платформ дээр хоногийн 67 мянга гэж гарч ирдэг. Харин энэ жил хямдруулаад 40 мянган төгрөг болгосон.

-Энэ бизнесийг эхлүүлэхэд багагүй хөрөнгө зарцуулсан байх даа?

-Байрны жилийн түрээс 30 сая төгрөг. Мөн ор болон шаардлагатай зүйлсийг авахад 10 гаруй сая төгрөг зарцуулсан. 

-Монголд энэ төрлийн бизнес хэр ашигтай байна?

-Түрээс төлдөг бол ашиггүй л дээ. Жилийн арван хоёр сарын дөрвөн сард нь л жуулчин ирдэг учраас үлдсэн найман сард нь буудал хоосон байна гэсэн үг. Тиймээс байрны түрээсээ жилээр нь өгчхөөд дөрвөн сард нь л хүмүүс байлгана гэхээр ашиг муутай. Хэрэв энэ төрлийн бизнес эрхлэх гэж буй залуучууд байвал түрээсийн биш, өөрийн байр байвал ашиг олно шүү гэж зөвлөмөөр байна.

 -Ихэвчлэн ямар улсын жуулчид үйлчлүүлж байна вэ?

 -Жуулчин төдийгүй хөдөө орон нутгаас ирсэн хүмүүст ч үйлчилдэг. Манай буудалд олон орны жуулчид ирдэг. Энэ жилийн хувьд Монголд “Алтаргана” наадам болсонтой холбоотойгоор Орос, Буриад хүмүүс их ирсэн. Харин Солонгос хүмүүс цөөхөн үйлчлүүллээ. Солонгосчууд ихэвчлэн групп аяллаар ирдэг учраас Солонгос буудалд буух эсвэл томоохон буудлуудад захиалга өгчихсөн байдаг. Тиймээс манайхаар ганц хоёроороо явж байгаа Солонгосчууд л үйлчлүүлдэг. Сүүлийн жилүүдэд манай улсад Солонгос хүмүүс их аялж байгаа учраас онгоцны буудлаас хотын төв рүү ороход хэдэн төгрөг гардаг гэдгийг сайн мэддэг болсон байна. Мөн дуудлагын такси дуудах, тасалбар захиалах зэрэг зүйлсийг надаас ч илүү мэддэг болсон байна лээ.

-Шинэ бизнес эхлүүлэхэд хүндрэл, бэрхшээл бий. Ямар асуудалтай тулгарч байна?

- Зуны гурван сард л жуулчид ирдэг учраас тэр үед нь сурталчилгаагаа сайн хийж байж хүмүүсээ дүүргэнэ. Орон сууцаа түрээсэлдэг болохоор түрээс, ахуй хэрэглээний зардлаа нөхөхийн тулд өдөр бүр зочинтой байхаар хичээж байна. Анх үйлчлүүлэгч хүлээн авах, ор дэрний даавуу угааж индүүдэх зэрэг бүх зүйлээ ганцаараа хийдэг байсан. Энэ жил ачаалал ихтэй байгаа учраас хоёр үйлчилгээний ажилтантай болсон. Боломжтой үедээ угааж индүүдэх зүйлсээ өөрөө хийдэг. Энэ төрлийн бизнес эрхлэх бол хөршөө сайн судлах хэрэгтэй юм байна. Хөршөө судлаагүйн улмаас үйлчлүүлэгчдээ алдах зэрэг асуудлууд тулгарч байна. Намайг хууль бус юм хийлээ гэж боддог юм уу эсвэл хөдөлмөрлөөд мөнгө олж байгаад атаархдаг юм уу бүү мэд. Жуулчдыг дуу чимээ гаргалаа гэж зургийг нь авах, цагдаа дуудах тохиолдол гардаг. Тэр болгонд нь гадаад хүмүүсийн дэргэд хэрүүл хийхийг хүсдэггүй учраас чимээгүй өнгөрөөдөг. Гаднын улсад хүний зураг зөвшөөрөлгүй авахад шоронд хоригдох хүртэл хуулиар хариуцлага хүлээдэг. Гэтэл манай хөрш шууд л нүүрэн дээр нь зургийг нь авч, доромжлоод жуулчдыг төдийгүй намайг ч эвгүй байдалд оруулдаг. Сүүлдээ гадаад үйлчлүүлэгчдэдээ хэрүүл үймээнээс зайлсхийгээд “Манай хөрш зургийг чинь авбал таныг шүтэж байгаа гэсэн үг шүү” гээд наргиан болгоод өнгөрөөдөг болсон. Нэг өрөөнд 4-6 хүн унтдаг учраас бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зүйл хийх ёсгүй гэдгээ жуулчид өөрсдөө сайн мэддэг. Манай буудалд буусан жуулчид ямар ч зөрчил гаргаагүй байхад хөршүүд гомдол мэдүүлээд байдаг нь бэрхшээлтэй. Уг нь “нэг ч гэсэн хүн эх орондоо валют эргэлтэд оруулж байна” гэж таатай хүлээж авах хэрэгтэй биз дээ. Бас нэг бэрхшээл нь Монголд зуны улиралд халуун, хүйтэн ус тасарчихдаг. Зөвхөн зуны улиралд жуулчид ирдэг учраас энэ асуудлыг шийдээд өгвөл амар байна. Жишээлбэл, нэг удаа манай буудалд буусан Белги залуугийн ирсэн өдөр халуун, хүйтэн ус тасарчихсан. Онгоцноос буугаад усанд орох гэтэл халуун, хүйтэн ус тасарсанд тэр залуу их гайхсан л даа. Орой нь хүйтэн ус ирсэн боловч халуун ус ирээгүй. Харин маргааш нь гурван хоногийн дараа ирнэ гэсэн мэдэгдэл ирсэн. Өдөр болгон усанд ордог гадаад хүмүүс тоос шороо ихтэй хотод өдөр бүр усанд орох гэдэг. Гэтэл улсын зохицуулалтаас шалтгаалаад халуун хүйтэн ус байхгүй байна гэдэг маш том асуудал болдог. Энэ асуудлыг зохицуулах үүднээс бойлуур тавьж байгаа.

-Энэ жилийн аялал жуулчлалын цаг дуусах дөхөж байна. Ирэх жилийн олон төлөвлөгөө гаргасан байгаа байх?

-Мэдээж төлөвлөсөн олон зүйл байгаа. Энэ хугацаанд ямар зарчмаар яаж үйл ажиллагаа явуулахаа ойлгочихсон учраас дараа жил ирэх жуулчдаа хүлээн авах бэлтгэл ажлаа маш сайн хийх ёстой. Хэрэв байршлаа солихоор бол хөршөө сайн судлаад, гүтгэж хэл ам хийдэггүй газар олох хэрэгтэй гэж бодож байна. Мөн Солонгос болон Хятадын компаниудтай хамтарч ажиллах бодол бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 150 (7394)