Э.МАРАЛ

Гүйлт: Хүн төрөлхтний эв нэгдэл болсон "Парис-2024" Зуны олимпын XXXIII наадмын хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн наймдугаар сарын 4-ны өдөр эхэлсэн. Энэ төрөлд эмэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтийн финал дуулиан шуугиан дүүрэн боллоо. Энэ зайд шилдэгт тооцогддог, түрүүлэх магадлал хамгийн өндөр, Ямайк улсын домогт гүйгч, 100м-ийн олимпын хоёр алттай (+400х100м алт) 37 настай Шелли Энн Фрэйзер Прайс, Америкийн залуу од Ша'Кэрри Ричардсон (24 настай) нарын хооронд өрсөлдөөн гарна хэмээн дэлхий нийтээрээ шуугиан дэгдэж байлаа. Харамсалтай нь хагас шигшээд уралдаан эхлэхэд Ямайкийн домогт гүйгч уралдаанд оролцож чадаагүй байна. Тодруулбал, олимпын 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл, ДАШТ-ий 10 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальт Шелли Энн Фрэйзер Прайсыг бие халаалтын талбайд хамгаалалтын албаныхан нэвтрүүлээгүй гэсэн мэдээлэл байна. Энэ байдал Ричардсонд ч мөн адил тохиолджээ. Хоёр тамирчин хоёулаа олимпын тосгонд бус зочид буудалд буусан бөгөөд үүнээс үүдэж бие халаалтын талбайн үүдээр нэвтрүүлээгүй байна. Учир нь олимпын тамирчид баг тамирчдын автобусаар нэвтрэх, эсвэл тусгай хаалгаар оруулахаар дүрэм өөрчлөгдсөн гэжээ. Олимпын тосгонд байсан тамирчдад энэ мэдээлэл хүрсэн ч зочид буудалд буусан тамирчид огт мэдээгүй аж. Ямайка гүйгч "Өчигдөрхөн бид нар энэ хаалгаар зүгээр орж бэлтгэлээ хийсэн. Дүрэм журам хэзээ өөрчлөгдсөнийг хэн ч хэлээгүй, энэ бол санаанд багтамгүй зүйл" гэж ярьсан байна.

Хагас шигшээд Шелли замд гараагүй ч Ша'Кэрри уралдсан байна. Гэхдээ сэтгэл санааны тогтворгүй байдал, бие халаалтаа гүйцэт хийгээгүй нь улмаас 10,87 секундээр хоёрдугаар барианд оржээ. Удаах байрт Америк улсын тамирчин  Мелисса Жефферсон 10,92 секундээр хүрэл медаль хүртжээ. “Шеллиг хоцорсон ч гэсэн бие халаалтын талбайд гарсан, гэвч өвдөгний шөрмөс нь зовиуртай байсан тул уралдааны замд гараагүй” хэмээн Jamaica Observer бас мэдээлсэн. Гэхдээ Ша'Кэрри Ричардсоныг дэлхий нийт аваргалан гэж бодсон ч 23 настай Сент Люси хэмээх Карибын тэнгист орших 190 мянган хүн амтай жижигхэн арал улсын гүйгч Жюльен Альфред 10,72 секундийн амжилтаар түрүүлж, олимпын аварга болжээ.

 

 

Зургаан гүйгч нэгэн зэрэг барианд орсон нь

Гүйлтийн 100 метрийн финалын гараанд Америкийн 3, Ямайкийн 2, мөн "Токио-2020" олимпын энэ зайн аварга Италийн Ламонт Жэйкобс, Өмнөд Африк, Ботсваны найман шилдэг жагсжээ. Домогт Усайн Болтыг зодог тайлснаас хойш энэ зайд тогтвортой ноёрхох хүн гарахгүй байгаа юм.

Хөнөн атлетикийн 100 метрийн уралдаанд АНУ-ын тамирчин Лайлз 9,784 секундээр алт, Ямайк улсын тамирчин Томпсон 9,789 секундээр мөнгө, Америк улсын тамирчин Фрэд Керли 9,81 секундээр хүрэл медалийг хүртлээ.

 

 

Хөлбөмбөг: /эрэгтэй/ Олимпын наадмын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд 23 нас хүртэлх тамирчин оролцох журамтай ч нэг багт 3 хүртэлх 23-аас дээш настай тоглогч авахыг зөвшөөрдөг байна. Хэдийгээр хөлбөмбөгийн бүх шилдгүүд Олимпын наадамд тэр болгон оролцдоггүй ч Месси "Бээжин-2008", Неймор "Рио 2016" өөр өөрийн улсынхаа олимпын багт тоглож, алтан медаль авахад хувь нэмрээ оруулж байсан юм. Энэ удаа Францын од Мпаббе эх орондоо болж буй олимпод оролцохыг ихээхэн хүсэж байсан ч шинэ баг нь болох "Реал Мадрид" нь зөвшөөрөөгүй гэнэ.

Эрэгтэйчүүдийн тэмцээнд 16 баг ордог бөгөөд 4 хэсэгт хуваагдан тоглодог. Энэ удаа сүүлийн хоёр олимпын аварга Бразил болон 2016 оны олимпын финалд үлдэж байсан Герман, 1936 оны олимпын аварга Итали гээд томоохон хөлбөмбөгийн гүрнүүд Олимпын эрхээ авч чадаагүй ажээ.

Шөвгийн наймд Марокко АНУ-ыг 4:0- ээр, Испани Японыг 3:0-ээр тус тус хожсон бол Египет-Парагвай хоёр үндсэн болон нэмэлт цагт 1:1-ээр тэнцэж, "пенальти"-аар 5:4-өөр Египет хожив. Шөвгийн наймын хамгийн сонирхолтой тоглолт Аргентин-Францын хооронд болж, тоглолтын эхэнд (5 мин) Францын Матетагийн оруулсан гоол энэ тоглолтын хувь заяаг шийдэж хожлыг Францын талд авч ирсэн юм.

Хагас шигшээ тоглолт наймдугаар сарын 5-нд болох бөгөөд Марсель хотноо Марокко-Испани, Лион хотноо Франц-Египетийн багууд өрсөлдөнө. Хагас шигшээд хожигдсон багууд наймдугаар сарын 8-нд Нант хотноо хүрэл медалийн төлөө, харин хожсон багууд наймдугаар сарын 9-нд Парисын алдарт "Парк де пренс" цэнгэлдэхэд Олимпын аваргын алтан медалийн төлөө тоглох юм. Хагас шигшээд үлдсэн дөрвөн багаас Испани(1992), Франц (1984) хоёр олимпийн аварга болж байсан бол Египет, Марокко хоёр олимпын медаль авч байгаагүй аж.

/Эмэгтэй/: Олимпын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн ямар нэг насны хязгаарлалт байхгүй байна. Тиймээс Олимпын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт хамгийн шилдэг багууд, хамгийн шилдэг тоглогчид цугладаг билээ. Эмэгтэйчүүдийн 12 шилдэг баг олимпод оролцдог журамтай. "Парис-2024"-т Бразил улсын домогт хөлбөмбөгч Марта 6 дахь олимподоо оролцож байгаа нь юм.

Хэсгийн тоглолтын дараа Шинэ Зеланд, Австрали, Замби, Нигерийн багууд хасагдсан бол тэмцээнийг -6 оноотой эхлүүлсэн Канадын бүсгүйчүүд гурван хожил авч шөвгийн наймд багтаж чадсан. Харамсалтай нь "Токио-2020" олимпын аваргууд (Канад) өнөөдөр болсон хасагдах шатанд Германы багтай үндсэн болон нэмэлт цагт 0:0 -ээр тэнцэж, 11 метрийн торгуулийн цохилтоор 2:4-өөр хожигдлоо.

Дэлхийн аварга Испани бүсгүйчүүд Колумбын багт 0:2-ээр хожигдож яваад 90+7 дахь минутад тоог тэнцүүлж, улмаар нэмэлт цагийн дараа "пенальтиар" 4:2-оор хожив.

1996,2004,2008,2012 олимпын дөрвөн удаагийн аварга АНУ-ын хүүхнүүд Лондонгийн олимпын мөнгөн медальт Японыг нэмэлт цагт ялж, хагас шигшээд үлдлээ. Хэсгийн сүүлчийн тоглолтод улаан Бразил улсын багийн ахлагч Марта талбайн эзэн Францтай хийсэн тоглолтыг үзэгчдийн суудлаас харлаа. Тун тэнцүүхэн өрнөсөн (109 минут үргэлжилсэн) тоглолтын шийдвэрлэх гоолыг Бразилийн Габи Портильогийн 82 дахь минутад хийж хожлыг багтаа авч чадлаа. Наймдугаар сарын 6-нд хагас шигшээ тоглолтод Лион хотноо АНУ-Герман, Марсель хотноо Бразил-Испани тоглож, хожигдсон багууд наймдугаар сарын 9-нд Лион хотноо хүрэл медалийн төлөө, харин хожсон багууд наймдугаар сарын 10-нд Парист "Парк де пренс"-т алтан медалийн төлөө өрсөлдөнө.

 

Теннис: Сербийн теннисчин Новак Жокович эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо. Тэрээр финалд Испани улсын залуу тамирчин Карлос Алькарасыг 7:6,7:6 харьцаагаар ялсан бөгөөд 37 настайдаа 5 дахь оролдлогоор (2008 онд анх ганцаарчилсан төрөлд хүрэл авч байв) Олимпын ганцаарчилсан төрлийн аварга боллоо. Нокав Жокович олимпын ганцаарчилсан төрөлд түрүүлснээрээ GOLDEN SLAM CLUB-ийн гишүүнд тооцогдох болсон бөгөөд энэ клубт теннисний "Их дуулга" дөрвөн цувралд болон Олимпын наадамд бүгдэд нь ганцаарчилсан төрлөөр түрүүлсэн теннисчид ордог байна. Жоковичоос өмнө энэ клуб ердөө дөрвөн ( Штеффи Граф, Андре Агасси, Рафаэль Надаль, Серена Уильямс ) гишүүнтэй байжээ. Харин олимпын эмэгтэй ганцаарчилсан төрөлд БНХАУ-ын 21 настай теннисчин Жэнь Цинвэнь түрүүлж алтан медалийн эзэн боллоо.

 

Усанд сэлэлт: "Парис-2024" олимпын усанд сэлэлтийн төрөлд Дэлхийн рекорд ердөө ганцхан удаа буюу эрэгтэйчүүдийн төрөлд 100м чөлөөт сэлэлтэд БНХАУ-ын Пань Жань лэ эвдэгдээд байсан юм. Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 4-ны өдөр 4х100 холимог буухианд АНУ-ын баг 3:37.43 амжилтаар Дэлхийн рекордыг шинэчилсэн бол өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр эрэгтэйчүүдийн 1500 м чөлөөт сэлэлтээр АНУ-ын Бобби Финке 14:30,67 амжилтаар, эмэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог буухианд АНУ-ын баг 3:49.63 амжилт үзүүлж, тус тус Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 4х100 м холимог буухианд АНУ-ын баг түүхэндээ анх удаа ялагдал хүлээлээ. 1960 онд энэ буухиа олимпын хөтөлбөрт орсноос хойш АНУ-ын эрэгтэйчүүд энэ буухианд тасралтгүй (Зөвхөн 1980 оны олимпод оролцоогүй) алтан медаль авсан ажээ. Үүнээс хойш тэд анхны мөнгөн медалиа “Парис 2024” олимпоос хүртлээ. Харин БНХАУ-ын баг алтан медалийг эзэд болсноор медалийн тэргүүллээ алдахгүй явсаар байна.

Мөн АНУ-ын усан спортын од Кэти Ледеки дөрвөн олимп дараалан алтан медаль зүүж буй анхны эмэгтэй усанд сэлэгч боллоо.

 

Хөнгөн атлетик: Энэ төрлийн эмэгтэйчүүдийн гурвын харайлтад Доминика арлын тамирчин Теа Лафон түрүүлж, улсынхаа түүхэнд анхны олимпын медалийг авчирлаа. Эмэгтэйчүүдийн 100м-ийн гүйлтэд Доминика арлын хөрш Сент Люси арлын тамирчин Жюльен Альфред мөн улсынхаа түүхэн дэх анхны олимпын медалийг авчээ.

Эх сурвалж: www.zms.mn