Т.САЙХАН

Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида энэ долоо хоногт манай улсад айлчилна.  Тэрээр 12-ны өдрийг хүртэл Казахстан, Узбекистан, Монгол Улсад айлчлахаар төлөвлөж буйг эх сурвалж мэдээлжээ. 

Тус айлчлалаар Ерөнхий сайд Фүмио Кишида Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь авчрах асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцож хэлэлцэх юм.

Япон улс тус асуудлаар Хойд Солонгостой дээд түвшний хэлэлцээр хийхийг зорьж байгаа ч Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин харвах зэргээр бусад өдөөн хатгасан үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байгаа тул хоёр тал хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа. Тиймээс Японы зүгээс Монгол Улсыг тус асуудалд зуучлагчаар ажиллаж, Хойд Солонгостой өндөр түвшний хэлэлцээ хийхэд нь туслахыг уриалахаар тус уулзалтыг зохион байгуулах ажээ.

Монгол Улс 2012 онд Япон болон Хойд Солонгосын хоорондох дээд түвшний хэлэлцээрийг удирдан зохион байгуулсан туршлагатай. Түүнчлэн Монгол Улсын зохион байгуулдаг “Улаанбаатар яриа хэлэлцээ” олон улсын хуралд хоёр улсын албаныхан уг асуудлаар уулзаж, санал солилцдог билээ.

Мөн Японы Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын үеэр 2016 оноос хойш хэрэгжиж буй хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт суурилсан Монгол дахь Японы хөрөнгө оруулалт болон ашигт малтмалын худалдааг өргөтгөх асуудлыг уулзалтаараа хэлэлцэнэ.

Эх сурвалж: www.polit.mn