Э.МАРАЛ
Зуны олимпын XXXIII наадмын уралдаан тэмцээн, эргэн тойронд болж буй онцлох үйл явдлын талаар хүргэж байна.
Усанд сэлэлт: Энэ төрөлд төдийгүй энэ олимпын гол баатрын нэг нь Францын Леон Маршан болж байгаа ажээ. Тэрбээр 400м холимог, 200 м-ийн эрвээхий болон мэлхий сэлэлт гээд гурван зай төрөлд алтан медалийн эзэн болсон байна. Одоогоор "Парис-2024" олимпоос гурван алтан медаль хүртсэн тамирчин зөвхөн Маршан юм. Тэрбээр наймдугаар сарын 2-ны өдөр хоёр цагийн зайтай хоёр финалд сэлж хоёуланд нь түрүүлж шуугиулав. Бас гурван алтан медаль хүртэхдээ гурвууланд нь Олимпын рекордыг шинэчилсэн гайхалтай амжилт үзүүлжээ. Маршан 23 настай, удам дамжсан франц усанд сэлэгч бөгөөд 2022,2023 оны ДАШТ-ээс нийтдээ таван алтан медаль хүртэж байсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтэд АНУ-ын алдарт сэлэгч Кэти Ледеки олимпын рекордыг шинэчлээд байна. Тэрбээр олимпын найм дахь алтан медалиа хүртэж буй нь энэ аж. Ингэснээр Кети Ледеки эмэгтэй сэлэгчдээс 8 олимпын алттай хоёр сэлэгчийн ( Нөгөө нь АНУ-ын Женни Томпсон) нэг боллоо.
Мөн Австралийн усанд сэлэлтийн тамирчин, 20 настай Молли О’Каллахэн "Парис-2024" олимпын наадмаас гурав дахь алтан медалиа хүртлээ. Молли чөлөөт сэлэлтийн 200 м-ийн зайд болон 4х100 , 4х200 м-ийн буухиад багийн нөхдийн хамт түрүүлээд байгаа юм.
Гимнастик: Спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан олон төрөлд түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан Японы Даики Хашимото эхний дасгал болох модон морин дээр уучилж боломгүй алдаа гаргаад оноогоо нөхөж чадалгүй явсаар 6-р байрт орлоо. Гэвч түүний нутаг нэгт 20 настай Ока Шинносуке алтан медаль хүртэж, энэ олимпоос хоёр алт зүүсэн дөрөв дэх тамирчин болжээ. Өмнө нь Японы гимнастикчид багийн төрөлд түрүүлсэн юм. Харин эмэгтэй багийн олон төрөлд АНУ-ын баг түрүүлж, Симоне Байлз олимпын тав дахь алтан медалиа хүзүүндээ зүүгээд байгаа бөгөөд хувийн төрөлд мөн нижгээд алтан медаль авах бололцоотой байгаа аж.
Хөлбөмбөг: Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн наймын учраанууд тодорлоо. Тэмцээн эхлэхээс өмнө өрсөлдөгч Шинэ Зеландын багийн бэлтгэлийг дроноор "тагнуулдсан" хэргээр Канадын баг -6 оноогоор шийтгүүлсэн билээ. Мөн дасгалжуулагч нь хөөгдөж гэр рүүгээ буцсан. Гэвч "Токио-2020" олимпын аварга зүгээр ч нэг болчихоогүй гэдгээ Канад бүсгүйчүүд харуулж, хэсгийн гурван тоглолтоо бүгдийг хожиж, маш хүнд хэцүү "нуман тулгуураас" амжилттай гарч, шилдэг наймд шалгарчээ. Шөвгийн наймын оноолтыг танилцуулбал: Франц-Бразил, Испани-Колумб, АНУ-Япон, Канад-Герман учраа таарчээ.
Бокс: Эмэгтэйчүүдийн боксын төрөлд трансжендер хоёр тамирчин оролцож буй нь ОУОХ-г хэл амны бай болгож байна. Тэгвэл тэр хоёрын нэг нь болох Алжир улсын тамирчин Иман Хелиф рингэнд гарч, эхний тулаанаа Итали улсын тамирчин Анжелина Каринатай хийв. Гэвч Карина ердөө 46 секунд болоод цаашид тоглохоос татгалзжээ. Хүч тэнцвэргүй, шударга бус нөхцөлд яалт ч үгүй тулалдахаас татгалзах болсон итали бүсгүй рингэнд сөхөрч суугаад уйлж буй нь дэлхий нийтийн сэтгэлийг өвтгөж байлаа.
Жүдо: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд Олимпын дөрвөн удаагийн аварга болсон анхны жүдока нь Францын алдарт бөх Тедди Ринер боллоо. Тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жингийн финалд энэ жилийн дэлхийн аварга БНСУ-ын Ким Мин жоныг цэвэр ялав. "Teddy bear", "Big Teddy" хочоороо алдаршсан 2м 04 см өндөртэй франц эр "Лондон -2012", "Рио-2016", "Парис-2024" олимпод +100 кг-ийн жинд аваргалж, "Токио-2020" олимпын багийн төрөлд алтан медаль зүүсэн юм. Мөн тэрбээр "Бээжин-2008", "Токио-2020" олимпын +100кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байв. Мөн ДАШТ-ий 12 алт, мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Бадминтон: Олимпод шинэ хос төржээ. Бадминтоны холимог хосын төрөлд олимпын аварга болсон БНХАУ-ын бадминтонч бүсгүй Хуан Яцион алтан медаль зүүгээд буумагцаа сүйт бүсгүй боллоо. Түүнд гэрлэх санал тавьж, сүйн бөгж өгсөн эр бол бадминтоны эрэгтэй хос төрөлд олимпод орж буй БНХАУ-ын тамирчин Лю Ю Чен ажээ.
Эх сурвалж: www.zms.mn