Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа “Bpro тoтoo studio”-ийн артист Б.Эрдэнэзаяаг онцолж байна.

 

-Шивээс нь өдгөө урлаг болтлоо хөгжсөн гэхэд хилсдэхгүй. Та артист болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Шивээсний артист болохоосоо өмнө зураг зурдаг байсан. Нэг удаа найзууд маань шивээс хийхийг санал болгосон. Би тухайн үед шивээс хийнэ гэдэгт итгэл дундуур байсан. Харин 2015 онд өөртөө зорилго тавиад шивээсний машин худалдаж авлаа. Шивээсний талаар үндсэн ойлголтгүй, хэрэглэгдэх багаж, материалаа мэдэхгүй энэ салбарт хөл тавьж билээ. Гэхдээ хүний бие дээр шивээс хийж зориглохгүй зургаан сарын хугацааг үдсэн. 2016 онд анх шивээс хийж байлаа. Тухайн үеийн мэдрэмж юутай ч зүйрлэмгүй нандин.

Би шивээс хийж эхлээд жилийн дараа ижил мэргэжлийн залуутай найзууд болсон. Бид одоог хүртэл сайхан нөхөрлөж байна. Герман улсад монгол шивээсний  студи үйл ажиллагаа явуулдаг. Тус студээс монгол дахь салбараа нээхээр надад санал тавьсан. Ингээд би Монгол дахь салбарыг нь хариуцаж ажилласан. Харин өнгөрсөн жилээс хувийн студиэ нээсэн.

-Өөрийн сонирхсон зүйлээ олжээ. Ур чадвараа сайжруулахын тулд ямар алхмууд хийсэн бэ?

-Анх ямар нэгэн багшид шавь ороогүй. Ер нь тухайн үеийн артистуудаас зөвлөгөө авна. Үүнээс  гадна бие дааж сурах ёстой гэж бодсон учраас интернэтээс эрэл хайгуул хийж, суралцсан. Анх намайг шивээс хийж эхэлсэн үеийг одоогийнхтой харьцуулахад хөгжил нь нэмэгдсэн. Багаж хэрэгсэл нь боловсронгуй болсон шүү. Шивээс нь артистаас ур чадвар шаарддаг. Тиймээс ажлынхаа хажуугаар амжуулдаг сонирхлын ажил биш.

-Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Та ямар үед ажлаасаа эрч хүч авдаг вэ?

-Мэдээж артист бүр өөрийн гэсэн шивээсний төрөлтэй. Хүн бүрийн хүсэл сонирхол өөр учраас артист бүр өөрийн гэсэн онцлогтой. Жил бүр шивээсний чиг хандлага өөрчлөгддөг. Би ралист, поприт чиглэлийг барьдаг. Мөн өнгөний хослол болсон шивээсийг голчилдог.  Зарим зургийг гаргахын тулд будаг хооронд нь холино. Намайг зорьж ирсэн үйлчлүүлэгчид өөрсдийн гэсэн шивээсний санаатай ирнэ. Зохимж талаас зөвлөлдөөд дахин давтагдашгүй шивээсийг урладаг гэж хэлж болно. Мөн биеийн аль хэсэгт байрлахыг нь ярилцдаг. 

Миний мэргэжлийн сайхан нь цагт баригддаггүй. Үйлчлүүлэгч цаг авсан тохиодолд ажлын байрандаа ирнэ. Бусад үед нь чөлөөтэй. Өөрийн хүссэн зүйлээ сурч, амжуулдаг.  Хийж байгаа ажил минь надад олон зүйлийг сургасан. Аливаад тэвчээртэй, шаргуу хөдөлмөрч байхыг суулгасан. Үүнээс гадна олон төрлийн зан ааштай хүмүүстэй харьцдаг учраас харилцаанд сургажээ.

-Бүх зүйлийн эхлэл амаргүй. Шантрах үе хэр олон гарсан бэ?

-Шантрах үе гаралгүй яахав. Өөрийн хүссэн зүйлээ хийж чадахгүй тохиолдолд сэтгэлээр унах нь бий. Сэтгэл санаа тогтож  өгөхгүй, урам хугарах үе гарна. Туршлага суугаад ирэхээр энэ бүгд байхгүй болдог гэдгийг мэдэрсэн. Хэцүү үе артист бүрд гардаг болов уу. Өөрийн мэргэшсэн төрлөөрөө ажлаа сайн хийдэг. Харин сонирхдоггүй төрлийн шивээс хийхээр ур чадвараа бүрэн гаргаж чадахгүй байх магадлалтай. Гагцхүү энэ үеэ шантрахгүйгээр давж гарах ёстой. Есөн жилийн турш шантраагүй яваа учраас би өөрийн хүссэн зүйлээ олсон. Дуртай зүйлээ хийхээр хүн аз жаргалыг мэдэрч, үргэлж хөгжихийн төлөө явдаг.  Хүн үргэлж суралцдаг байх. Би хэзээ ч өөрийгөө одоо болсон гэж хөгжихөө хойш тавьж үзээгүй. Учир жил бүр чиг хандлага нь өөрчлөгдөж байгаа учраас шивээсийг сурч дуусдаггүй.

Би биелүүлэгдэшгүй том зорилго тавьдаггүй. Биелэх боломжтой жижиг зүйлүүдийг төлөвлөдөг. Хэтийг харсан зорилго минь одоо байгаа түвшнээ ахиулах, олон улсын фестивальд оролцохыг хүсдэг.

-Өнөө үед шивээсний ашиг орлого хэр түвшинд яваа гэж хардаг вэ?

-Одоо үед артист, салон олон болсон. Үүнээс гадна бусад оронтой харьцуулахад манай улс хүн ам багатай. Судлаад үзэхэд бусад орны артистууд өөрийн гэсэн шивээсний төрөлтэй болсон байдаг.  Энэ нь хөгжих боломжийг нь нээж өгч байгаа юм. Манайд үйлчлүүлэгч нь шивээсээ сонгож ирдэг. Үүгээрээ ялгагдаж байгаа нь ажиглагддаг. Би өөрийгөө шивээсний бүх төрөлд сорихыг хүсдэг.

-Шивээсний салон олон болсон гэлээ. Хүмүүс шивээс хийлгэхдээ тухайн газруудаас юуг голчилж харах хэрэгтэй вэ?

-Тухайн студи болон артист нь чухал. Хамгийн гол нь үйлчилгээ авах гэж байгаа  артистаа судлах чухал. Туршлага, ур чадвар нөлөөлнө. Үйлчлүүлж өөрөө хянуур байж шивээс хийх артистаа судлах ёстой. Шивээсчин бүрийн онцлог өөр учраас судлах хэрэгтэй. Сонирхуулахад, миний сэтгэлээс гардаггүй үе бол нэг удаа 14 цагийн турш шивээс хийж байсан. Энэ үед нэг талын гар дээр шивсэн юм.

-Хүн өөрийн хүссэн зүйлээ бие дээрээ шивээс болгох боломжтой. Таныг зорьж ирж байгаа хүмүүс ихэвчлэн хэдэн насныхан байдаг вэ?

-Залуучууд жижиг шивээс  хийлгэхээр их ирдэг. Ер нь 20-30 насныхан шивээс хийлгэж байна. Үүнээс дээш насныхан ч  ирнэ. Шивээс нь  тухайн хүний өөрийгөө илэрхийлэх нэг зэвсэг. Энэ нь хүний бодол, хүсэл сонирхолтой холбоотой. Зарим хүмүүс өөрийн эрхэмлэдэг, мартахыг хүсдэггүй зүйлээ шивүүлдэг. Гангараа болгож шивүүлэх тохиолдол ч бий. Өөрийн арьсан дээрээ мөнхөлж байгаа учраас тухайн зүйл нь утга учиртай байх ёстой. Эцэст нь хэлэхэд шивээс бол эд зүйл биш.

-Аливаа зүйл хоёр талтай. Нөгөөтээгүүр шивээсийг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг. Энэ тал дээр ямар бодолтой байна?

-Орчин үед бүх зүйл өндөр чанартай болж хөгжсөн. Тиймээс эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанартай багаж будаг сонговол зохистой. Европын орнуудад веган будгийг ашиглаж байна. Энэ нь химийн найрлагагүй, ургамлын гаралтай будаг. Өөр будгууд нь химийн орц найрлага агуулагддаг. Энэ будаг нь зарим хүмүүст харшил өгдөг.

-Ямар төрлийн авьяастай хүмүүс артист болох боломжтой вэ. Эсвэл өөрийн хүсэл сонирхол, хөдөлмөр чухал уу?

-Мэдрэмж нөлөөлнө. Зурах авьяастай бол давуу тал болж мэднэ. Сургалтаас харахад зурдаг хүмүүс арга барил сайтай нь ажиглагддаг. Хүний бие дээр зураас татах амаргүй. Тухайн шивж байгаа зүйлийнхнээ гэрэл сүүдрийг ойлгох хэрэгтэй. Үнэхээр артист болох шийдвэр гаргасан бол өөрийнхөө төрөл жанрыг мэдэхийг зөвлөмөөр байна.

-Тэгвэл ямар төрлийн шивээс нарийн ажиллагаа шаарддаг вэ?

-Миний бодлоор бүх шивээс амаргүй. Амархан шивээс гэж байхгүй. Харахад энгийн харагдаж байгаа шивээс хүртэл техник шаардана. Урт нарийн зураас орсон шивээс ур чадвараас ямар болох нь хамаардаг. Шивээсний машин ашиглаад алдаагүй шивнэ гэдэг хялбар зүйл биш. Хүний төрх харуулсан дүрс гэхэд гэрэл сүүдэр дээр нь багахан алдаа гаргахад царай нь өөр гардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 148 (7392)