Э.МАРАЛ

“Парис 2024” зуны олимпын XXXIII наадмын ширээний теннисийн төрөлд оролцож байгаа Люксембург улсын тамирчин 61 настай Ни Сялянийг энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна.

Буудлага, морин спортын төрөлд настай, ахмад тамирчид ховор биш. Учир нь энэ төрлүүдэд туршлага, сэтгэл зүй тун чухал байна. Харин ширээний теннист тэсрэлт, хурд шаардлагатай учир залуу тамирчид их оролцдог боловч Люксембург улсын тамирчин 61 настай Ни Сялянь энэ ойлголтыг эвджээ.

Тэрээр Хятад улсад төрсөн бөгөөд ах нараа дууриа нь, долоон настайдаа ширээний теннисээр хичээллэж эхлэжээ. 16 настайдаа Хятадын шигшээ багт орж 1983 оны ДАШТ-д багийн болон холимог хосын төрөлд алтан медаль хүртсэн байна.  Гэвч гурван жилийн дараа Ни Сялянь шигшээ багаа орхисон юм. Мэргэжлийн спортоо орхиод Ни Сялянь Европ тивд очсон бөгөөд эхлээд Герман, дараа нь 1991 онд Люксембургт суурьшжээ. Одоо ч тэндээ амьдарч байгаа аж. Тэрээр чөлөөт цагаараа теннис тоглодог байсан бөгөөд Люксембург улсын мэргэжлийн тамирчдыг бүгдийг нь тэгээр нь ялаад байсанд дасгалжуулагчаар ажиллах санал тавьсан байна. Тухайн үед Ни Сялянь 28 настай байсан бөгөөд хурд, хүч, тэсрэлт бусдаас илүү байжээ.

Ингээд 1991 оноос Люксембургийн шигшээд орж, гурван удаа Европын аварга болсноор 1998 онд ганцаарчилсан төрөлд анхны хятад гаралтай теннисчин болов. Арван жил хөдөлмөрлөсний эцэст Ни Сялянь Сиднейн олимпод оролцох эрх авсан ба тухайн үед Люксембургийн түүхэн дэх анхны олимпод оролцсон ширээний теннисчин болсон ажээ. Сиднейд 9 дүгээр байр эзэлсэн нь түүний олимпод үзүүлсэн дээд амжилт байна. Ни Сялянь Сидней-2000, Бээжин-2008, Лондон-2012, Рио-2016, Токио-2020-д оролцсон бөгөөд Парис-2024 түүний зургаа дахь олимп аж. Тэр эхний тойрогт Турк улсын тамирчин Сибель Алтинкаяг ялж дараагийн тойрогт тэр Хятад улсын тамирчин Сунь Иншатай тоглохоор болжээ. Хятад улсын тамирчин Сунь Инша бол Дэлхийн долоон удаагийн аварга, Токио олимпын хосын төрлийн аварга, ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн чансааг тэргүүлж байна.

2017 онд Ни Сялянь Япон улсын тамирчин Хоноки Хашимотог 1 цаг, 33 минут, 42 секундын тулааны дараа буулгаж авчээ. Олон улсын холбооноос тус тоглолтыг мэргэжлийн теннисний түүхэн дэх хамгийн урт тоглолтоор нэрлэж байлаа.

1985 онд Хятадын шигшээ багт байхдаа авсан дэлхийн мөнгөн медалийн дараах дэлхийн медалиа тэр 2021 онд авч байлаа. Энэ хооронд тэр Европт гурав  түрүүлээд 2016 оны Риогийн олимпын нээлтэд тугч хийгээд амжсан байна. Парисын олимпын нээлтэд ч Ни Сялянь Люксембургийн шигшээ багийн тугч хийсэн. Дэлхий нийт түүнийг “Парис 2024” олимпын медалийн эзэн болно хэмээн таамаглаж байгаа ажээ.

Ни Сялянь “Би залуу тамирчин биш гэдгээ мэднэ. Гэхдээ өөртөө үргэлж “Би өнөөдөр маргаашаас илүү залуу байгаа” гэж хэлдэг. Хэрэв чи зорилгодоо хүрэхээр зүтгэж байвал нас чухал биш. Жаран нас гарахаар гэмтэж бэртэхэд эдгэлт удаан болдог. Гэхдээ нас ахихад илүү тал ч бий. Харин юугаар илүү гарснаа олж, тодорхойлон ашиглах хэрэгтэй. Би намхан, би хөгшин, би хуучин арга, стилиэр тоглодог. Гэхдээ олимпод оролцож байна гэдэг миний арга барил зөв байсныг харуулж байна” гэв.

Эх сурвалж: www.zms.mn