Францын нийслэл Парис хотноо зуны XXXIII дахь олимпын наадам амжилттай үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар Монголын баг жүдо бөхийн төрөлд нэг мөнгөн медаль авсан амжилт үзүүлж, XX байрт эрэмбэлэгдээд байна. Жүдо бөхийн төрөл дуусах дөхсөн бөгөөд үргэлжлээд чөлөөт бөхийн барилдаанууд эхлэх хуваарьтай байна.
50 кг-д Д.Отгонжаргал
Олимпын дэвжээнд зодоглох Монголын шилдэг тамирчдын нэг нь Д.Отгонжаргал юм. Тэрээр Парисын тэнгэр дор эх орныхоо соёмбот далбааг мандуулах чин хүсэл тээсэн нь дамжиггүй. Д.Отгонжаргал Монголын чөлөөт бөхийн түүхэнд 20 насандаа оны шилдэг залуу тамирчин болж, 21 насандаа Монголын шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон энэ цагийн чөлөөт бөхийн нэгэн тод өнгө билээ. Өнгөрсөн жил ДАШТ-ний дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо дэлхийн чансааг шинэчлэн гаргасан. Энэхүү үзүүлэлтээр манай эмэгтэй бөхчүүдээс Д.Отгонжаргал шинэчилсэн чансаанд 50 кг-ын жинг тэргүүлж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дэлхийд данстай тамирчин гэдгээ харуулсан. Тиймээс ч энэ жил жиндээ босоо байх болов уу гэж бөх сонирхогчид болон Монголын ард түмэн найдлага тавьж байна. Анх 12 наснаасаа чөлөөтөөр хичээллэсэн тэрээр 2018 онд олон улсын анхны медалиа хүртсэн нь Өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медаль байв. Ингээд гуравхан жилийн дараа тэрээр “Осло 2021” ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдахаар зогсож байсан юм. Түүний хувьд энэ жил бэлтгэл тун ч сайн байгаа даа.
65 кг-д Т.Тулга
Чөлөөт бөхийн олимпын хамгийн бага жингийн нэг болох 65 кг-д манай улсаас ОУХМ Т.Тулга өрсөлдөхөөр очоод байна. Түүний хувьд хоёр дахь удаагаа олимпын дэвжээнд зодоглох гэж буй нь энэ. Тиймээс ч бөх сонирхогчид энэ удаад түүнд ихээхэн найдлага тавьж байна. Т.Тулга-Очир нь 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, Ромын Гранпригийн мөнгө, Мадридын Гранпригийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл, “Монголиа Опен” тэмцээний хүрэл медальтайгаас гадна, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин юм. Тэрээр 2021 онд болсон Ослогийн ДАШТ-нээс Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирснаар дэлхийд нэрээ дансалсан. Түүний энэ онд гаргасан амжилтаас онцолбол, бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Ranking Series” тэмцээн Хорватын нийслэл Загребт болсон. Тус тэмцээнд Т.Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Динмухамед Кунаевын нэрэмжит тэмцээний шигшээд ялж байсан АНУ-ын Жозеф Маккенатай учраа таарч, 4:1-ээр ялсан билээ.
62 кг-д П.Орхон
Чөлөөтийн шигшээ багаас дараагийн онцлох тамирчин бол П.Орхон. 2017 оны наймдугаар сарын 23. Энэ өдөр Францын нийслэл Парис хотын спортын төв ордонд төрийн далбаагаа тэвэрсэн монголчууд Монголын төрийн дууллаа дуулж, монгол охиноор дэлхий бахархаж байсан юм. Учир нь П.Орхон тэр үед Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ий 56 дахь медалийн эзэн болсон бол эмэгтэй бөхчүүдийн 23 дахь, харин Дэлхийн аваргын долоо дахь алтан медалийн эзнээр тодорч байсан цаг саяхан. Түүний хувьд энэ удаад дахин Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхээр зорьж буй. Тэрээр 2018 онд Индонези улсад болсон Азийн зуны спортын наадамд алтан медаль хүртсэнийхээ дараа допинг илэрсэн гэх шалтгаанаар барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан. Улмаар өнгөрсөн онд шийтгэлийн хугацаа нь дууссанаар эргэн дэвжээндээ ирсэн билээ. Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон таван жилийн дараа ийнхүү дахин дэвжээнд гарахдаа энэ оны гуравдугаар сард болсон Улсын аваргад түрүүлж, хэр форумтай байгаагаа харуулсан. Улмаар дөрөвдүгээр сард болсон ААШТ-д зодоглож, мөнгөн медалийн эзэн болсон юм. Одоо түүнд олимпын медаль л дутуу ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 147 (7391)