Э.ЛХАГВАСҮРЭН
Токио- 20/21 олимпын тамирчин, ОУХМ

"Токио- 20/21" зуны олимпоор Японы холимог хосод( Мизутани- Мимо Ито)алдсан аваргаа Парисын олимпоор буцаан авлаа. Финалын тоглолтонд дэлхийн чансааг тэргүүлж буй Ван Чүчин, Сүн Инша нарын хос БНАСАУ-ын Ри Жон Сик, Ким Күм Ён нарын хосыг  4:2 харьцаагаар ялав. Тэгснээр Ван Чучин, Сүн Инша нар Парис-2024 зуны олимпын Хятадын багийн 6 дахь алтан медалийн эзэд болцгоов. Харин Хятадын ширээний теннисний түүхэн 33 дахь алтан медалийг багтаа авчирлаа. Хэдийгээр 4:2-ын харьцаагаар Хятадын хос ялалт байгуулсан ч, хожиход тийм ч амар хялбар байгаагүй.

- Тэсэн ядан, хүсэн  хүлээсэн алтан медаль. Энэ алтан медалийг эх орондоо авчрахын тул маш удаан хугацаанд, тууштай бэлдсэн. Бүхнээ зориулсан учир маш үнэ цэнтэй алтан медаль гэж Ван Чучин хэллээ. Харин түүний хос: Сүн Инша: Туйлаас баяртай байна. Ван Чучины маш удаан хугацаанд системтэй бэлдсэн нь туйлын үнэн. Энэ алтыг авах зорилгыг бид тавьсан. Түүнийгээ ч биелүүлж чадлаа. Финалдсан хоёр хос аль аль нь сайн байлаа. БНАСАУ-ын хосын тоглолтын ур чадвар биднээс дутуугүй байлаа, өрсөлдөгчөө үнэллээ.  Үнэхээр  ч Хойд Солонгосын холимог.хос Парисын олимпын сенсаац болж, хорин жилийн дараа олимпын медалийн буухиагаа үргэлжлүүллээ.

Өөрсдөө 178-д эрэмбэлэгдэж байсан хэдий ч, өөрсдөөсөө чансаа өндөр, ранкаараа илүү (дэлхийд 2, 9, 4-т бичигдэж байсан) Япон, Швед, Хонгконгийн  ширээний теннисчдийг  хожин мөнгөн медалийн болзол хангасан юм. Хятадын холимог хостой хийсэн финалын тоглолтыг Хятадын CCTV5+ ТВ- шууд дамжуулсан. Тэр шууд дамжуулалтын тайлбарыг  дэлхийн аварга Лиу Гуозень (Liu Guozheng)  хийсэн. Тамирчдыг биеэ халаах зуур тэрбээр: БНАСАУ-ын хосыг бид үнэхээр сайн мэдэхгүй.  Яалт ч үгүй Японыг хожсоны дараа тэд олны анхааралд өртсөн. Тэдэнд  ур чадвар байна. Хамгийн гол нь хоорондоо сайн ойлголцож, яг нэг хүн шиг тоглож чадсан нь гайхал төрүүлсэн. Аз болоход, тэднийг судлах хугацаа бидэнд хангалттай байв. Үүний үр дүнд сул талыг нь олж тогтоосон.  Тамирчдынхаа бэлтгэлийг ч боловсруулсан тактиктаа боловсруулсан.

Сүн Инша бол Хэбэй мужаас гаралтай тоглогч. Багаасаа л  барзгар /long pimples/ резинтэй тамирчинтай бэлтгэл хийж ирсэн учир угаасаа  бэлтгэгдсэн тамирчин гэсэн үг. Хосууд маань финалын тоглолтын өмнө  бэлтгэл хийхдээ ч тэр резин дээр нь бэлдлээ. Одоо гол нь өөрсдөө тоглолтоо гаргах хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд өмнөх хоёр тоглолтын дараа сэтгэл зүй тогтворжиж бүр илүү өөрсдөдөө итгэлтэй болсон” хэмээн тайлбарласан. Яг түүгээр нь болсон. Хятад улсын ширээний теннисчид "гэрийн даалгавраа" маш сайн биелүүлсэн нь тоглолтын эхний онооноос анзаарагдсан. Тэд өрсөлдөгчөө бүрэн маш судалсан байв. Ким күм ён-ны барзгар дээр тоглолт хийн довтолж байлаа. Ри Жон Сик-д довтлох боломжийг олгосонгүй. Ким Күм Ён-ны гаргалтыг шууд хүчлэн довтолгоонд оруулах, удаан харилцаанд оролгүй, эхний гурван бөмбөгөөр оноо авах тактик ашиглаж,  бөмбөгийг Ким Күм Ён авах хүртэл ойрхон ивэлт хийн өрсөлдөгчөө контролдож байгаад барзгар дээр нь хүчилж оноо авч байв. Харин хоёр дахь өрөг дээр БНАСАУ-ын тамирчид тоглолтоо оруулан Ри Жон Сик хүчтэй довтолгоогоо оруулж Ким Күм Ён хамгаалалтыг сайн хийн дунд нь довтолгоог хийн партын харьцааг 1:1 болгож чадсан. Харин гурав, дөрөв дэх өргийг  БНХАУ-ын хосууд авсан.  Гурав дахь өрөгт илэрхий  илүүрхсэн бол ,  дөрөв дэх өрөгт дээр Хятадын тамирчдын хэд хэдэн бөмбөг сетка шүргэн  орж, оноогоо ахиулж, тоглолтыг эргүүлсэн.  Харилцан довтолсон хэд хэдэн раллид  БНХАУ-ын хосууд оноо авсан нь тоглолтын сэтгэл зүйд ч нөлөөлж, 4 дэх өргийг гартаа оруулсан. Гэвч Хойд Солонгосын тамирчид тоглолт дуусах болоогүй гэдгийг баталж, хожлын  харьцааг 3:2 болгон ойртуулсан. Тус өрөгт БНАСАУ -ын хос тоглолтоо өөрчлөн бүх бөмбөгийг довтолсон. Харин зургаа дахь өрөгт аль аль нь, бие биенийхээ тоглолтын тактикт дасаж, онооны төлөө өрсөлдсөн. Харилцан олон удаагийн ралли хийж,  тоглолтыг 7:5-аар хошуучилж явж байснаа чулуу болгож чадалгүй алдсан нь БНАСАУ-ын багийг эрт ялагдалд хүргэсэн. БНХАУ оноог 7:6 болгон Ван Чүчин гаргалтаа хийх мөчид Ри Жон Сик тэр гаргалтыг нь дээшээ эргүүлэгтэй гэж бодсноор алдаж тооны харьцаа 7:7 болсон. Тэр нэг оноо тоглолтын хувь заяаг шийдвэрлэх  боломжийг  БНХАУ-ын багийн талд  гарч ирсэн юм. Цааш 8:8 болоход мөн л хүчтэй ралли явагдахад БНХАУ-ын хосууд оноогоо ахиулж,  тоглолтыг эргүүлж, улмаар  11:8 -аар хожиж,  БНХАУ-ын хосын ялалтаар тоглолт өндөрлөсөн юм.

Харин тоглолт өндөрлөсний дараа олимпын аварга болсон баяраа ч тэмдэглэж амжилгүй ракетаа хугалуулсан харамсам үйл явдал Ван Чучинд тохиолдсон. Түүний  зургийг дарах гэж улайрсан сэтгүүлчдийн нэг нь Ван Чучины гол ракетыг нь тоглох боломжгүй болгон хугалжээ.

- Хэлэх үг алга. Санаатайгаар миний ракетийг тэр сэтгүүлч хугалаагүй байлгүй дээ.  Хувь тавилан юм байлгүй. Ганцаарчилсан төрөлд  хоёр дахь ракетаа барихаас" гэж ярилцлага өгөхдөө онцоллоо. Үнэхээр зохион байгуулагчийн алдаанаас болж тамирчин хохирно гэдэг бол ноцтой асуудал.

Ширээний теннисний спортын хувьд ракет гэдэг бол гол зэвсэг нь. Өөрт тохирсон ракет, резиныг судалгааны үндсэн дээр сонгоно. Тэгээд дасна. Ямар ракет, карбонтой карбонгүй, дотор гадар, контрол, хурд нь ямар байх уу, барилт ямар байх уу, Хүнд хөнгөн нь ямар байх уу гэх мэт. Резин мөн адил, ямар бренд, хатуулаг, зузаан нь ямар байх уу, контрол эргүүлэг нь ямар байх. Ракет резины зохицол ямар байх, баруун зүүндээ ямар резин сонгох, мэдрэмж нь таарч байгаа үгүйг бэлтгэл, тэмцээнд орж мэдэх, нарийн бөмбөгөн дээр контрол нь хэр байна. Ямар цавуугаар наах уу, хэдэн удаа түрхэх үү, яаж хатаах уу, хэдэн цаг хүлээх үү гээд олон асуудал бий. Энэ бүхнийгээ шийдсэн,  мэдрэмжээр сонгосон ракетаасаа олимпын өмнө сална гэдэг бол маш том гарз юм.

Ширээний теннисчид дор хаяж 5 - 6 ракеттай явах нь бий. Гэхдээ ихэвчлэн чухал ракетаараа гол шийдвэрлэх  тоглолтоо хийдэг. Цаг нь тулсан энэ мөчид хоёр дахь ракетдаа дасна гэдэг маш хүнд даалгавар. Тиймээс тамирчны сэтгэл зүйд нь хүртэл  нөлөөлөх хортой үр дагавартай.

Ван Чучин бол Парисын олимпоос ганцаарчилсан төрөлд алтан медаль авахын төлөө ирсэн тоглогч. Түүнд нь саад болох вий гэдэг болгоомжлол төрлөө. Долоодугаар сарын 31-ний өдрөөс ганцаарчилсан тоглолт эхэлнэ. Түүний хувьд олимпын мөнгөн медальт Шведийн тоглогч Truls moregard /Sweden/-тай оноолт таарсан байгаа.  Мөн багийн тоглолт наймдугаар сарын  6-наас эхэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 147 (7391)