Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар танилцууллаа.  Тэдний байр суурийг хүргэе. 

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийг тэлэх төлөвлөлтийг танилцууллаа

 

-Засгийн газрын хуралдаанд өөр хоорондоо уялдаатай таван төслийг танилцууллаа. Тухайлбал, Туулын хурдны зам. Зураг төсөл нь хийгдчихсэн бөгөөд наймдугаар сард багтаж төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон улсад нээлттэй тендер зарлах танилцуулгыг хийлээ. Туулын хурдны замаас дээшээ саран хэлбэрээр эх авч, Их тойрууг тойрсон хурдны замыг байгуулах, уг тойрог хурдны замыг байгуулахтай холбоотой зөвлөх үйлчилгээний тендер зарлах, түүнтэй холбоотой эх үүсвэрийг энэ жилийн улсын төсвийн тодотголд тавих шийдвэрийг гаргалаа.  "Go Mongolia" гүүр нь Туулын хурдны замаас урагш эх авч, Богд уулын урд байрлах Кувейтийн ам буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байрыг барьж байгуулах замаар төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг тэлэх зорилгыг давхар агуулж байгаа. Цаашлаад Шинэ Зуунмод хоттой холбогдсон Богд уулын урд тал руу Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс тэлэх төлөвлөлтийг хуралдаанд танилцуулсан. Мөн метроны төсөл ирэх аравдугаар сарын 1-н гэхэд EPC нэгдүгээр үе шатаа шалгаруулахаар бэлтгэлээ хангаж байна. Дүүжин тээвэртэй холбоотой барилга угсралтын ажил эхэлсэн. Нарийн бетон байгууламжийг гадаад улсад үйлдвэрлэх ажил эхэлсэн бөгөөд энэ жилдээ авчирч, угсрахаар бэлдэж байна. Метро байгуулах урьдчилсан ТЭЗҮ-ийг 2014 онд боловсруулахад 1.3 тэрбум ам.доллар гэж тооцож байжээ. Мөн сүүлд буюу зөвлөн туслах үйлчилгээний тендер зарлахаас өмнө дахин нягтлахад нэг тэрбум 350 сая орчим ам.долларт багтааж, 17.7 километр үргэлжлэх метроны ажлыг хийх боломжтой. 

 

Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:

“Өөдөө тэмүүлэх Монгол” гэх ган татлагатай гүүр барина

 

Нийслэлийн тодорхой хэсэг буюу төрийн байгууллагуудыг Богд уулын урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанд төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа. Эдгээр төсөл гэнэт яригдаж эхэлсэн зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч тооцоо, судалгаа хийгдэж байсан. “Go Mongolia “буюу өөдөө тэмүүлэх Монгол гэх ган татлагатай 900 метр гүүр хийх, гүүрний цаад тал руу Богдхан уулын туннелийг барих юм. Энэхүү туннел 5.6 километр, зургаан эгнээ авто замтай байх бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн арван дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу бидний ярьдагчлан Кувейтийн ам руу гаргана.  Мөн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, метротой уялдуулан хөнгөн галт тэрэгний шугамын төслийг хэрэгжүүлэх, Туулын хурдны зам болон шинэ тойрог замын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Түгжрэлийг бууруулах, 20 минутын хот төслийн хүрээнд Улаанбаатар хотод олон ажил хэрэгжинэ гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 147 (7391)