Э.МАРАЛ
Монголын үндэсний олимпын хороо хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон "Парис -2024" Зуны олимпын XXXIII наадмын үеэр буюу 2024 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-нийг дуустал Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий Ла Виллет /Parc de la Villette/ цэцэрлэгт хүрээлэнд “Mongolia house” хотхоныг байгуулж, Монгол Улсынхаа өв соёл, уламжлал, ёс заншил, үүх түүхээ олон улсын иргэдэд таниулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
МҮОХ-ноос санаачилсан “Mongolia House” төслийн хотхон олон улсаас хуран цугласан спорт сонирхогч, жуулчдаас гадна Франц, түүний эргэн тойрон дахь Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудад нээлттэй байгааг мэдээлсэн бөгөөд эх орноо сурталчлах энэхүү эрхийг олимпод оролцож буй орнуудаас 15 улсад олгосноос Ази тивээс БНСУ, Япон зэрэг 4 орон багтсаны нэг нь Монгол Улс болж ийнхүү гадаад дахь сурталчилгаагаа хийж байна.
Өдөр бүр 11:00-22:00 цаг хүртэл хотхон олон түмэнд нээлттэй үйлчилж, монгол үндэсний хоол унд зоог, урлагийн тоглолт, үндэсний спорт, тоглоом наадгай зэрэг олон зүйлийг сурталчилж, таниулах “Mongolia house” хотхонд зочин гийчид тасрахгүй байгаа ажээ. Спортын ертөнцийн томоохон "босс"-ын нэг, FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино өчигдөр буюу долдугаар сарын 29-ны өдөр “Mongolia house”-т зочилж, энэ тухайгаа өөрийн инстаграм хуудаснаа (2,5 сая дагагчтай) пост оруулсан байна. Ж.Инфантиног 1998 оны Дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Францын шигшээгийн хөлбөмбөгчин Юрий Жоркаефф дагалдан явжээ.
Эх сурвалж: www.zms.mn