Э.МАРАЛ

"Парис-2024" Зуны олимпын XXXIII наадамд Монголын "ширэн бээлийтнүүдийг" төлөөлөн хоёр эмэгтэй боксчин оролцож буй билээ.

Манай боксчид Олимпоос нэг алт (Э.Бадар-Ууган), хоёрмөнгө (П.Сэрдамба, Н.Төгсцогт), дөрвөн хүрэл (Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай) хүртэж байсан. Харамсалтай нь энэ удаагийн олимпод эрэгтэй нэг ч боксчин эрхээ авч чадаагүй бөгөөд эрэгтэй боксчдын түүхэн замналыг олимпын рингэнд үргэлжлүүлэх, медалийн буухиаг залгамжлах хариуцлагатай үүрэг манай хоёр боксчин охинд ирсэн.

"Парис-2024" наадмын Монголын багийн тугчнаар ажилласан Оюунцэцэгийн ЕСҮГЭН эмэгтэйчүүдийн боксын 50 кг-ийн жинд оролцож, эхний тулаандаа Колумб улсын тамирчин, 36 настай туршлагатай боксчин, 2016 оны олимпын хүрэл медальт, дэлхийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ингрит Валенсиад 0:5 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгасан.

Харин эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд Мөнгөнцэцэгийн ЭНХЖАРГАЛ эхний тулаандаа Италийн С.Чарабиг 5:0, дараа нь Рум улсын боксчин дэлхийн АШТ-ий мөнгө, Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Л. Перижочийг 4:1 харьцаагаар ялж шилдэг наймд үлдсэн.

Дараагийн тулаанд М.ЭНХЖАРГАЛ шөвгийн наймд Турк улсын тамирчин Хатисе Акбастай тулалдах бөгөөд ялбал хүрэл буюу олимпын медалиа "бат араандаа" хийгээд,цаашаа медалийн өнгөө өөрчлөх тулаан хийнэ. 

Эсрэг тамирчин болох Турк улсын тамирчин Хатисе Акбасбол 22 настай залуу боксчин боловч хоёр жилийн өмнө Дэлхийн аварга, газар дундын тэнгисийн орнуудын наадмын аварга, Европын наадмын хүрэл медальтай, Европын залуучуудын аварга юм. Акбас "Парис-2024" олимпод Их Британи, Австралийн боксчдыг ялж, шилдэг наймд үлдээд байгаа билээ.

Хоёр боксчны медалийн төлөөх тулаан наймдугаар сарын нэгэнд Улаанбаатарын цагаар 23:22 цагт эхэлнэ. Тамирчинд амжилт хүсье!