Э.ЛХАГВАСҮРЭН
Токио- 20/21 олимпын тамирчин, ОУХМ

Олон улсын олимпын хороо болон Дэлхийн спортын холбоодоос  Хойд Солонгосын тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцохыг Токио- 20/21 олимпоос хойш гурван жил хориглосон. БНАСАУ-ын тамирчид хориг тавигдсан ганцхан жилийн хугацаанд Парис- 2024 олимпод оролцох эрхээ  хүнд нөхцөлд авцгаасан. Тэдний нэг бол Хойд Солонгосын ширээний теннисний холимог хос юм. Тэд Япон, Швед, Гонконгийн багийг дараалан ялж, 32 жилийн дараа холимог хосын төрлөөр финалд шалгарч, Хойд Солонгосын ширээний теннисчидийн олимпын медалийн буухиаг залган үргэлжлүүллээ.

2004 оны Афины олимпын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд БНАСАУ-ын ширээний теннисчин  Kim Hyang-mi БНХАУ-ын тамирчин Zhang Yining-тэй финалдан , 4:0 харьцаагаар хожигдож мөнгөн медаль хүртэж байсан түүх өнөөдөр дахин сөхөгдөж байна. Тэр мөчөөс хойш, яг 20 жилийн дараа БНАСАУ-ын холимог хос болох Ri Jong-sik, Kim Kum-yong нар Хонг Конгийн хосууд болох Wong Chun Ting, Doo Hoi Kem нарыг 4:3 харьцаагаар хожин мөнгөн медалын болзол хангаж, улмаар финалд шалгарлаа.

БНАСАУ-ын холимог хосын баг тамирчдын сул тал нь давуу тал болон хувирлаа.  Олон улсын хориг болон Коронагоос үүдэлтэйгээр олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаанд оролцолгүй ирсэн нь өөрсдийгөө бусдад судлуулах боломжийг хаасан нь давуу талыг бий болгожээ. Хоёрдугаарт,  тоглогчдын хосын хоршил, өрсөлдөгчөө мэдэрч буй, гаргаж буй тактик гээд хамтдаа ярилцан нэгнээ ойлгон нэг хүн шиг тоглож буй нь тэдний амжилтын суурь  болж байна.

Бодоход, БНАСАУ ширээний теннисний спортоор өрсөлдөж буй хоёр төрөлд медаль авч болох хамгийн боломжит хувилбар нь холимог хосын төрөл юм. Тиймдээ ч тэд тоглолт бүрд амиа тавихаас наагуур тоглосоор Олимпын мөнгөн медаль хүртжээ. Сонирхуулахад, олимпод шуугиулж буй эдгээр хосын  дасгалжуулагч Kim Hyok-bong нь холимог хосын төрлөөр Өмнөд Солонгосын Kim Jong-той хослож, Дэлхийн аварга (2013) болж, улсынхаа үндэсний баатар болж байсан домогт тамирчин юм.

Цаашилбал 1992 оны Барселоны олимпод эмэгтэй дан хосын төрөлд хүрэл медаль хүртэж байсан БНАСАУ-ын ширээний теннисчинд яг  32 жилийн дараа холимог хосын төрөлд медалийн өнгөө  чанаржуулж, улмаар финалдах болов.

Тоглолтыг нь анзаарвал,  Kim Kum-yong  ( эмэгтэй) солгой барилтай,  ардаа Long pimples буюу унадаг барздаг /Шүд урт/ барьдаг ба энэхүү резинээ маш чадварлаг эзэмшсэн бөгөөд ивэх, түлхэх, хамгаалах, дарах, чоп блок хийх гэх мэт олон чадваруудыг гойд эзэмшсэн нь эсрэг тамирчныхаа эрч хүчийг нь алдагдуулах, хамтран хослогчдоо довтолгоо хийх боломжийг олгож байгаагаас гадна тамирчин өөрөө маш тайван, хэрэгтэй үед эрэгтэйгээ залж, хүчтэй бөмбөгтэй биш ч,  маш ухаалаг тоглолтуудыг үзүүлж байв. Харин Ri Jong-sik хувьд довтолж тоглодог бөгөөд баруун зүүнээсээ, контр довтолгоог  маш хүчтэй хийдэг, ширээн дээрээс ч мөн маш сайн довтолгоо хийдэг, Алдаа багатай тоглогч аж.

Энэ хоёрын хослол, тактик нь Kim Kum-yong өрсөлдөгчийн гаргалтыг маш олон төрлөөр авах хувилбартай бөгөөд барзгараараа авсан тохиолдолд бөмбөгний эргүүлэг өөр өөрөөр авах, заримдаа баруун зүүнээсээ довтлох, харин эргүүлээд  Ri Jong-sik маш хүчтэй довлолгоог тасралтгүй хийх, дунд нь Kim Kum-yong бөмбөгийг удаашруулах, эсвэл үргэлжлүүлэн довтлох хувилбартай тоглов. Kim Kum-yong Ri Jong-sik аль аль нь алдаа багатай тоглож чухал үед үргэлж тактикаа өөрчилж оноо болгож байсан нь өрсөлдөгчиддөө сэтгэл зүйн дарамтыг тасралтгүй өгч байв. Хэдий Хонг Конгийн хос өмнөх таарсан хоёр хосоос нь хамаагүй сайн тоглож бараг хожих шахсан ч өрөг бүрд БНАСАУ-ын дасгалжуулагчын зөвлөгөө хосын чадварууд  тоглолтыг эргүүлж, төгсгөлдөө ялалтад хүргэсэн. Харин аваргын төлөө БНХАУ-тай тоглох тоглолт тэдний хувьд мэдээж хамгийн хэцүү.

1. Тэд хэдийн гурван тоглолтыг хийсэн учир өрсөлдөгч Хятадын талд  судлагдсан,

2. Хагас финалд Ri Jong-sik сэтгэл зүйгээ барьж дийлэлгүй алдаа маш их гаргаж байсан.  Сүүлийн чухал оноонууд дээр Kim Kum-yong Ri Jong-sik-ыг хөтөлж тайвшруулан тоглолтыг нь оруулж хожил авсан.  Аваргын төлөө харин сэтгэл зүй нь ямар байх бол?

3. БНХАУ-ын эсрэг тоглоно гэж бодохоор  сэтгэл зүйн дарамт ирнэ.  Хоёрт,  аль хэдийн медальт байранд хүрч түүх бүтээсэн  тул тайвшрах магадлалтай. Тиймээс өмнөх тоглолтонд үзүүлсэн шиг амбиц гаргаж, алтын төлөө бүх хүчээ дайчилж тоглож чадах уу гэдэг тэдний сул тал болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7390)