Э.МАРАЛ

Абэ Хифуми 1997 оны наймдугаар сарын 9-нд Японы Хёго мужийн төв Хоншү арал дээр байрлах Кобэ хотод төрсөн. Тэрээр зургаан настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, тэмцээнд оролцож эхэлсэн. 2014 оны залуучуудын олимпын аварга болсных нь дараа Абэгийн талаар хэвлэл мэдээллээр шуугиан дэгдэж олонд танигдаж байсан. Төд удалгүй 17 насандаа Токиогийн их дуулга тэмцээнд жингийнхээ шилдэг бөх, дэлхийн аварга Масаши Эбинумаг ялж түрүүлсэн.

2015 онд Улаанбаатарын Гран Прид өрсөлдөж, аваргын төлөө манай тамирчин 2013 онд ААШТ-ээс алт, 2011 онд мөнгөн медаль, Азийн зуны спортын 17-р наадамд алтан медаль хүртсэн Монгол улсын гавьяат тамирчин Д.Төмөрхүлэгтэй өрсөлдөж, ваза-ари үнэлгээгээр илүүрхэж байжээ. Эцсийн мөчид Монгол улсын гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг иппон үнэлгээгээр түүнийг буулган авсан байдаг. Өмнө нь тэрээр Дюссельдорфын гран прид Д.Төмөрхүлэгт ялагдаж байсан.

Абэ 2016 оны Риогийн олимпод 19 насандаа оролцох боломжтой байв. Гэвч гэмтлийн улмаас оролцож чадаагүй билээ. Түүний өвдөгний шөрмөсний бэртэл амжилтад нь сөрөг нөлөө үзүүлж байсан ч гэмтэл нь эдгэсний дараа Гранд Слам тэмцээнүүдэд ялагдашгүй байж, рекорд тогтоожээ. Ийнхүү тэрээр Токиогийн олимпод дүү Абэ Ютагийн хамтаар нэг өдөр олимпын аварга болж дэлхий нийтийг шуугиулсан байдаг. 

Парисыг зорихын өмнө Абэ Хифуми “Огт өөр олимпыг та бүхэн үзнэ. Сэтгэлд минь нийцэж байна. Миний эсрэг хашхирах өрсөлдөгчдийн минь фенүүдийн дуу ч надад ашигтайгаар эргэнэ. Японд бэлтгэл бүрэн хангагдсан. Би түрүүлнэ” гэсэн байдаг. Таван жилийн хугацаанд түүнтэй өрсөлдөж, буулгаж авах жүдоч гарч ирээгүй байна. Түүний хувьд дэвжээ дээр ч тэр, амьдрал дээр ч тэр сэтгэл хөдлөлөө харуулдаггүй. Тайван бөгөөд нухацтай барилддаг. Ялалт амьдралд нь байдаг л зүйл мэт аягладаг нь дэлхийд шагшигддаг байна. Абэгийн олимпоор харуулсан сэтгэлзүйн байдал, төвлөрлийг жүдо бөх сонирхдоггүй хүн ч бахархан биширсэн. Өдгөө 26 настай Абэ дараагийн олимпод ч аваргалаад зогсож байхыг таашгүй. Жүдогийн ертөнцийн анхаарлын төвд орших Абэд алтан медалиас бусад нь амжилт биш гэж бодож явдгаа нэгэн ярилцлага дээрээ дурдаж байжээ.

Абэгийн барилдаан Японы жүдо бөхийн орчин үеийн хэв маягт суурилдаг. Тулааны үеэр түрэмгий барилдаж бие бялдар, эрч хүчээр илүүрхдэг. Өрсөлдөгчөө дунджаар хоёр минутад ялдаг. Шидэлт хийхдээ давхар ханцуйнаас атгах дуртай. Абэ Тадахиро Номураг өөрийн дуртай тулаанч, жүдогийн гол нөлөө бүхий тамирчин гэж үздэг. 

Парис 2024 олимпын наадамд түүний дүү Абэ Үта эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан. Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абэ Үта хоёрдугаар тойрогт Узбекистаны Диёра Кельдиёровад цэвэр ялагдсан. Түүний ялагдлын талаар хэвлэлүүд онцолж, дэлхий даяар шуугиан дэгдсэн билээ. Энэ нь Абэ Хифумид том цохилт болсон ч тамирчин хүний тэсвэр тэвчээр, зоримог байдлаараа тэр олимпын хошой аварга боллоо. Мөн Абэ Хифуми олимпод оролцохоосоо өмнө "Түүний ахын хувьд надад алдах эрх байхгүй" хэмээн хэлж байв.

 

Эх сурвалж: www.zms.mn