Э.МАРАЛ
Загварын хот гэгдэх Францын нийслэл Парис хотноо хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны XXXIII дахь олимп дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Наадмын гурав дахь өдөр Дэлхийн хошой аварга, “Парис 2024” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд -57 кг-ын жинд алтан медаль хүртсэн Канадын тамирчин Криста Дегучийг онцолж байна.
Криста Дегучи 1995 оны аравдугаар сарын 29-нд Япон улсын Мацүмото хотод мэндэлжээ. Түүний аав нь Канад ээж нь Япон гэнэ. Тэр гэр бүлээсээ ганцаараа спортоор хичээлддэггүй ба түүний дүү Келли Дегучи мөн Канад улсын Жүдо бөхийн тамирчин гэнэ. 2012 онд Криста Дэгүчиг Японы нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоос урьдаж Канадыг төлөөлөх хүсэлт тавьсан ч тэр татгалзсан юм. Гэвч олимпод оролцох хамгийн сайн боломж нь Канадын нэрийн өмнөөс өрсөлдөх гэдгийг ойлгосон тэр 2014 онд дотоодын (Японы) өрсөлдөөнөөс дайжиж Канадын иргэншил авсны эцэст нь 2017 онд Канадыг төлөөлж барилдахаар болжээ.
Криста Дегучи гурван настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, бага сургуулийн эхний жилээсээ тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд цаг гарвал сноубордоор гулгах хоббитой гэнэ. Криста Дегучи 2017 онд их сургуулиа төгссөн.
Тэрээр нэгэн ярилцландаа “аялахдаа үргэлж аав, ээждээ соронз худалдаж авдаг бөгөөд миний хамгийн том фэн бол гэр бүл. Тэр дундаа төрсөн дүү минь юм. Учир нь тэр намайг биширдэг. Тиймээс жүдог сонгож, явсан замаар минь явж байна. Миний уриа бол "Үргэлж чадах бүхнээ хий" хэмээн дурдаж байжээ.
Тэрээр 2019, 2023 оны Дэлхийн аварга, 2018 онд ДАШТ-ээс хүрэл, 2024 онд мөнгө, 2018, 2019, 2023 оны Пан Америкийн аварга, Их дуулга тэмцээний 11 алт, 4 мөнгө, 2 хүрэл, Гранпри тэмцээний 4 алт тус тус хүртсэн. Мөн “Парис 2024” олимпын аварга болсноор олимпын наадмаас алтан медаль хүртсэн анхны Канад эмэгтэй тамирчин болж, түүхэнд нэрээ үлдээлээ. Мөн тэр жүдогийн төрөлд Канадын хамгийн олон медальтай эмэгтэй тамирчин болжээ.
Эх сурвалж: www.zms.mn