Чансаагаараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Японы холимог хосыг 4:1-ээр буулган авсан БНАСАУ-ын холимог хос тоглогчид "Парис - 2024" зуны олимпын ширээний теннисний төрлийн анхны сенсаацийг тарилаа. Олимпын наадам шиг том тэмцээнд ранк огт үйлчилдэггүй гэдгийг дэлхийн чансааны 178-д бичигдэж буй Жонг Си Ри- Кум Ёнг Ким нарын холимог хос Парис -2024 олимпын наадамд харуулж чадлаа. Японы Харимото, Хаяата нар хоорондоо хос, нэг баг болж тоглож чадсангүй нь Японы фанатуудын сэтгэлийг гонсойлгов. Тоглохоосоо өмнө, аль хэдийнээ сэтгэл зүйгээрээ ялагдсан байлаа гэх зарим мэргэжилтнүүдийн дүгнэлттэй миний бие санал нэг байна. Эсрэг хосоо алдахыг нь хүлээх, гэнэтийн бөмбөгөнд огт бэлэн байж чадалгүй байсаар тоглолтоо өндөрлүүлэв. Харин өрсөлдөгч нь эсрэгээрээ, зөвхөн ялахын төлөө тоглов. БНАСАУ-ын эмэгтэй тамирчин алдаа багатай тоглож, маш сайн хамгаалж /ардаа short pimples-тэй/, хэрэгтэй үед оновчтой довтолгоо хийж оноо авч байсан бол эрэгтэй тамирчин нь маш шийдэмгий, өөртөө туйлын итгэлтэй тоглолт үзүүлэв. Хосын тоглолтоо эрэгтэй тамирчин нь удирдаж, манлайлж байв. Харин Японы хосын хувьд Харимото манлайллаа алдсан. Харимото /эрэгтэй нь/ эхнээсээ чухал гэсэн оноонуудаа алдаж, том тэмцээнд өөрийнхөө тоглолтыг гаргаж чаддаггүй алдаагаа давтсаар тоглолтыг дуусгасан нь багаа хожигдолд хүргэлээ. Сүүлдээ бүр энгийн бөмбөгийг хүртэл алдаж, эсрэг талдаа хожлын оноо "бэлэглэж" байсан нь хамтран тоглогч тамирчиндаа сэтгэл зүйн сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн.
Хина Хаяата / эмэгтэй тамирчин/ харин ч сайн тоглосон гэж бодож байна.
БНАСАУ-ын холимог хосын тоглогчид тоглолт эхлэхээс дуусах хүртэл, бүр хожсоныхоо дараа ч сэтгэл хөдлөлөө огт ил гаргасангүй нь сонирхол татлаа. Японы тамирчид бол мэргэжлийн сэтгэл зүйчидтэй. Харин Хойд Солонгосын тамирчдын сэтгэл зүйг хэрхэн бэлддэг нь сонирхол татаж байна. Тоглолт, талбай дээр биеэ авч буй байдлаас нь ажвал "Бид зөвхөн алтан медалын төлөө ирсэн, биднийг бүү бас" гэх мэссэжийг өгч буй мэт сэтгэгдэл төрүүллээ.
Энэ удаагийн олимпод БНАСАУ /Хойд Солонгос/-ын ширээний теннисний баг тамирчид ганцаарчилсан эмэгтэй болон холимог хосын төрлөөр л оролцож буй. Коронагийн үеэс хойш оноо олгох нэг ч тэмцээнд оролцолгүй өнжиж байгаад ердөө л ганцхан Ханжоу 2022/2023/ Азийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос, эмэгтэй ширээний теннисчин нь ганцаарчилсан төрөлд шилдэг наймд шалгарч чадсанаараа дэлхийн ранк нь 150-д бичигдэн урагшилж, Монголын ширээний теннисчиний өмнүүр орж олимпын эрх авсан. Холимог хос нь ч мөн л олимпын эрх олгох ганцхан тэмцээнд орж, эрхээ халаасалсан аж. Ийм туршлага багатай багийг Японы хүчирхэн хостой сугалаа таарахад нь Хойд Солонгосын холимог хосын олимп дууссан гэж бодсон нь олон. Олимпод зөвхөн шилдэг 16 хос шалгаран оролцож буй, Японы холимог хос байнгын бэлтгэлтэй, чансаа өндөр зэргийг тооцсон. Мөн хоёр улсын улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа билээ. Гэтэл олон улсын тэмцээний туршлага багатай Хойд Солонгосын холимог хосын тоглогчид амиа өгөхөөс наагуур тоглож, Токио-20/21 олимпын холимог хосын аварга Япон улсыг энэ төрөлд медальгүй үлдээлээ. Шигшээ дөрөвд үлдсэн Хойд Солонгосын холимог хос нь Гон Конг-Испанийн хожсонтой оноолт таарч буй. Япон болон Шведийн хүчирхэг багийг буулгасан Хойд Солонгосын Жонг Си Ри- Кум Ёнг Ким нарын холимог хос Парис -2024 олимпын алтан медалийн төлөө тоглохыг үгүйсгэхгүй.
Э.ЛХАГВАСҮРЭН
("Токио- 2020" олимпын тоглогч, ОУХМ)
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 145 (7389)