Д.ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ”-ний зочноор Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амарыг урилаа. Түүнтэй “Монголын эдийн засгийн чуулган-2024” арга хэмжээний үеэр ярилцсан юм.

 

-Монголын эдийн засгийн форумаар банкны салбарын хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ. Тэгэхээр энэ салбарт хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа вэ?

-Монголд банкны салбарын шинэчлэлийг хийж байна. Ингэхдээ хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг сааруулахын тулд арилжааны банкууд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хувьцаа гаргаж байна. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг сааруулах зорилго агуулсан. Үүнийг цааш үргэлжлүүлэхийн тулд гаднын хөрөнгө оруулагчийг оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Хэлэлцүүлэгт зохицуулагч байгууллага, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, олон улсын байгууллагуудын төлөөлөл, Монголын банкны салбарын төлөөллүүд бас байлаа л даа. Тэд гадныu хөрөнгө оруулагч оруулж ирэхийг бүгд л хүлээн зөвшөөрч байна. Үндсэндээ банкны салбарын шинэчлэл хийхэд гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг хүмүүс хэлж байна. Хэдийгээр банкнууд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж ашигтай ажилласан гэж байгаа хувьцааны үнэ бага зэрэг уналттай байна. Тэгэхээр стратегийн урт хугацааны хөрөнгө оруулагчид хэрэгтэй гэсэн үг. Тиймээс цаашид банканд хөрөнгө оруулалт татахын тулд гаднын зах зээл дээр гарах нь зүйтэй юм байна. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн зах зээл дээр Монголын компаниуд гарч байсан. Нөгөөтээгүүр манай улсын уул уурхайн гол бүтээгдэхүүний экспорт урд хөрш рүү түлхүү гарч байна шүү дээ. Тэгэхээр тэр зах зээл дээр гарахын тулд хамгийн түрүүнд давхар татварын гэрээний асуудал яригдаж байна.

-Давхар татварын гэрээний талаар зөвхөн банкныхан гэлтгүй бизнесийн салбарынхан бас ярьдаг шүү дээ?

-Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд давхар татварын гэрээ байгуулах боломж бүрдсэн талаар өөрийн байр сууриа илэрхийлж байна. Харин манай улс хөрөнгийн зах зээл дээр нийт дүнгээс нь татвар авдаг механизмтай болсон байна. Тэгэхээр жилийн эцэст нийт ашгийг нь харж биш тухайн үеийн өндөр орлогын нийт дүнгээс нь татвар авчихдаг. Дараа нь тэр хувьцааны үнэ унаж алдагдал хүлээхэд татвар ногдуулсан төлбөрийг буцааж олгогддоггүй. Энэ бол системийн гажуудал учраас өөрчлөх шаардлагатай гэдгийг ч бас Сангийн сайд хэллээ.

Харин Монголбанк гаднын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох чиглэлээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Хэд хэдэн хууль боловсруулж өргөн барьсан тухайгаа хэлж байна. Тэд гаднын хөрөнгө оруулалтыг Монголд орж ирүүлэх тал дээр ажиллагаа байгаа хэлсэн. Мэдээж төр бодлогоо тодорхойлж байгаа учраас арилжааны банкнууд өөрсдийн зүгээс шалтгаалах ажлуудыг хийх ёстой. Тиймээс тэд гаднын хөрөнгө оруулагчидтай уулзах бүхий л боломжийг ашиглаж байгаа. Жишээлбэл, Хонконг, Ньюйорк хотод форум зохион байгуулж хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр олон тооны хөрөнгө оруулагчидтай ярьж байгаа боловч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын таазан дээр тулж байгаа тухай ярьж байна. Үүнд хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчны асуудал ч яригдаж байна. Учир нь манай улс гаднын хөрөнгө оруулагчдад “царай муутай” харагдаж байгааг ерөнхийдөө бүгд хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ олон улсын санхүүгийн байгууллагууд ийм хүнд хэцүү үед нь хөрөнгө оруулаад хувьцааг нь аваад дэмжээд явахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

-Тэгвэл цаашид юунд анхаарах шаардлагатай вэ?

-Үүний тулд олон улсын нөхцөл байдал тайван болох хэрэгтэй. Одоо бол геополитикийн асуудал гайгүй болоод гаднын хөрөнгө оруулалт нээгдэх үед нь арилжааны хөрөнгө оруулагчдад хувьцааг нь зарах ажлыг хийж болж байна. Олон банканд хөрөнгө оруулмаар байна. Тэр боломжоо нээж өгөөч гэж байгаа юм. Одоогоор бол нэг банканд таваас дээш хувь эзэмшихгүй гэж заасан байгаа нь бидэнд жаахан саад бэрхшээл учруулж байгаа юм. Тийм учраас бас хууль эрх зүйн орчноо шинэчлэх хэрэгтэй. Хэлэлцүүлэгт оролцсон АНУ-ын Элчин сайд “Бид нар танай нөхцөл байдлыг ойлгож байна. Монголын банкны салбарыг дэмжиж гадаад кроспондент харилцаа төлбөр тооцоог нь саадгүй явуулахад нь дэмжлэг үзүүлсээр байх болно. Тэр битгий хэл Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн тэр системүүдийг хүлээн авах боломжийг нээж өгье” гэж хэллээ шүү дээ. 

-Тэгэхээр манай улсын зээлжих зэрэглэл тогтвортой түвшинд хүрсэн. Мөн дундаас дээш орлоготой улсуудын тоонд орж ирлээ. Энэ мэт нааштай хандлагууд хөрөнгө оруулагчдад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хөрөнгө оруулагчид өсөж байгаа үзүүлэлтийн мөн чанарыг л харна. Тухайлбал, манай улсын орлогын 90 хувийг бүрдүүлдэг экспортын бүтээгдэхүүний үнэ нь өндөр байна уу. Эсвэл дэд бүтэц нь хөгжиж борлуулах бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байна уу гэдгийг маш нарийн тооцож харж байгаа л даа. Тэгэхээр манай улс экспортын гарцаа нэмэгдүүлэх төмөр замаа урд хөршийн төмөр замтай шууд холбодог ч юм уу. Эсвэл боомтын дэд бүтцүүд нь сайжирч байгаа зэргээс зэрэглэл ахиж, буурах эсэх нь шалтгаална.

Нөгөөтээгүүр манай банкнуудын рейтинг улсынхаасаа дандаа л дээр байдаг. Тэгтэл сүүлийн санхүүгийн хямралаас хойш олон улсын рейтинг тогтоодог байгууллагууд улсын рейтингээсээ тухайн нэг байгууллагын рейтинг хэзээ ч давахгүй гэчихсэн юм. Тиймээс л Монголын банкнуудын зэрэглэлийг бууруулсан хэрэг. Тэгэхээр манай улсын зээлжих зэрэглэл Монгол Улсын Засгийн газар санхүүгийн сахилга хариуцлагатай байх эсэх. Мөрийн хөтөлбөртөө дурдсан амлалтуудаа хэр хэрэгжүүлэх вэ гэдгээс хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудаараа дамжуулаад төсвийн шинж чанартай янз бүрийн бүтээн байгуулалтууд хийлгэх үү. Баялгийн сангаа зөв удирдаж чадаж байна уу гэх мэт олон асуудлыг хөрөнгө оруулалтын шинжээчид харж байгаад рейтинг тогтооно шүү дээ.

-Энэ жил банкны салбарын 100 жилийн ой тохиож байгаа. Энэ салбарын хөгжлийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Зах зээлийн нийгэмд шилжсэн тэр цагаас банкны салбар хоёр шатлалт системд шилжсэн. Түүнээс хойш 33 жилийн хугацаанд банкны салбар олон улсын банкнуудтай өрсөлдөх түвшинд хүрэхийн зэрэгцээ зарим талаараа давж гарсан зүйл их байна. За мэдээж дутуу зүйлүүд ч бий. Гэхдээ иргэдэд чиглэсэн ажлуудаараа болбол дэлхийд манлайлж эхэлсэн. Тухайлбал, Монгол Улс өргөн уудам нутагт тархай бутархай оршдог гэлцдэг. Банкны нийт гүйлгээний 97  хувь нь цахимаар хийгдэж байна. Түүнчлэн нийт хүм амынх нь 98 хувь нь банкны данстай байна. Энэ үзүүлэлтээрээ Азид тэргүүлж, дэлхийд эхний 10-т багтаж байгаа юм. Энд хүрэхийн тулд маш их хөрөнгө оруулалт, ажлын үр дүн юм шүү дээ. Түүнээс гадна банк хоорондын гүйлгээ агшин зуур орж байна. Тэгтэл АНУ-д банк хоорондын гүйлгээ гурав хоног дотор орвол их хурдан орсонд тооцдог. Мөн монголчууд АТМ-ээс бэлэн мөнгө авахад 200, 300 төгрөгийн шимтгэл төлдөг. Гэтэл АНУ-д дунджаар 16 мянган төгрөг төлж байна. Бас сүүлийн үед хүмүүс төлбөр тооцоогоо картаар хийж байгаа. Америкт ч мөн ялгаагүй ихэнхдээ картаар хийдэг ч тэр нь дандаа кредит карт байдаг. Тэгэхээр тэр картандаа сард хоёр хувь буюу жилд 24 хувийн хүү төлж байгаа. Манай банкнуудад одоо төлдөгөөс өндөр хүүг тэнд ам.доллароор төлж байна. Харин бид иргэддээ хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байна. Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудын үр дүн. Мэдээж дутуу, илүү сайн хөгжүүлэх ажлууд бий. Нөгөөтээгүүр жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг барьцаа хөрөнгөгүйгээр санхүүжүүлэх тогтолцоо руу орох хэрэгтэй байна. Мөн хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулдаг банкнууд төрөлжих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлж чадахуйц чадавхтай нөөц бололцоотой болох хэрэгтэй. Энэ бүхнийг хийх орон зай бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 145 (7389)