Э.МАРАЛ

Олимпын аварга Дэлхийн хошой аварга Алдарт Абе Үтаг буулган авч шуугиан тариад байсан Узбекстаны тамирчин Диёра Келдиёрова хагас шигшээд эзэн орны тамирчин Амандине Бушардыг ялснаар финалын шатанд орж дараагийн барилдаанаа Косово улсын тамирчин Дистри Красникийг ялж олимпын аварга боллоо.

Диёра Келдиёрова нь 1998 оны долдугаар сарын 13нд Узбекстанд мэндэлж, 6 настайгаасаа жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлжээ. 2020 онд биеийн тамир, спортын чиглэлээр суралцаж, их сургуулиа амжилттай төгссөн ба одоо тэр цэргийн мэргэжлээр ажилладаг байна. Түүний гэр бүлийн амьдралаас дурдвал нөхрийг нь Азамат Матякубов гэдэг. Тэд 2022 оны наймдугаар сард гэр бүл болсон ажээ. Диёра Келдиёрова нэгэн ярилцлагадаа “дэлхийн 6 удаагийн аварга, олимпын аварга Францын алдарт жүдоч Клариссе Агбегненуг шүтдэг” гэж байжээ.

Тэрээр -52 кг-ийн жинд 8100 оноотойгоор Дэлхийн чансааг тэргүүлээд байгаа аж. Диёра Келдиёрова нь 2019, 2022, 2023 оны Азийн аварга болж байсан бөгөөд 2023, 2024 оны ДАШТ-ын хошой мөнгөн медаль, ААШТ-ээс 2021 онд мөнгө, 2022 онд хүрэл медаль, Их дуулга тэмцээний 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, “Парис 2024” олимпын алтан медалийг тус тус хүртжээ. Ингэснээр Диёра Келдиёрова Узбекстаны түүхэн дэх эмэгтэйчүүдийн жүдогийн олимпын анхны алтан медалийн эзэн боллоо.

 

Эх сурвалж: www.zms.mn