Т.САЙХАН

Цагдан хорих ангид иргэн амь насаа алдсан асуудлаар УИХ дахь АН-ын гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Монгол Улс Үндсэн хуульдаа хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлооно гэж заасан байдаг. Мөн иргэний амьд явах эрхийг баталгаажуулсан. Үүнээс гадна эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцахыг хориглосон. Харамсалтай нь Монголд өнөөдөр амь насыг нь хамгаалах үүрэгтэй батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагад хүний амь эрсдэх, хүчирхийлэл дарамтад өртөх явдал тасрахгүй байна. Үүний нотолгоо нь дээрх залуугийн амь нас эрсэдсэн явдал юм.Мөн Хүний эрхийн үндэсний комиссын жил бүрийн тайланд дээрх байгууллагуудад хүний эрхийг зөрчиж байгааг баримттайгаар гаргасан байдаг. Үүн дээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж бид үзэж байна.

Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд батлах хамгаалах, хууль сахиулах байгууллага болон хорих ангиудад хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг тогтоохын тулд хяналт шалгалт явуулах шаардлагатай. Хамгийн гол нь тэнд болж байгаа хүний эрхийн зөрчлийг олон нийтэд хүргэх ёстой гэж үзсэн учраас нээлттэй сонсгол зохион байгуулах нь зүйтэй. Нийтийн сонсголын тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу доод тал нь 15 гишүүн гарын үсэг зурж дэмжсэнээр сонсгол явуулах боломжтой болно. АН-ын гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж, сонсгол зохион байгуулах ажлыг эхлүүллээ. Одоогийн байдлаар 15 гишүүн гарын үсгээ зурахаа илэрхийлсэн. Бидний бас нэг зорилго бол өмнө нь ХЭҮК-оос гаргасан зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилт хэр байгааг дүгнэх, ялангуяа сүүлийн найман жилийн зөвлөмж, дүгнэлтийг шалгаж үзэх нь зүйтэй гэж үзсэн. Бидний мэдэж байгаагаар одоогийн мөрдөж байгаа хуулийн 800 орчим зүйл заалтыг өөрчилж байж хүний эрхийг хангах боломжтой болно гэж үздэг юм байна. Нийтийн сонсголоор дамжуулж мэдээлэл авснаар цэргийн ангид байдаг дэглэлт, мөрдөн шалгах ажиллагааны явц дахь дарамтыг таслан зогсоож чадна гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn