Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд долдугаар сарын 27-ны өдөр боллоо.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба болон БХЯ ЗХЖШ, төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, төрлийн цэргийн командлагч нар, гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, цэргийн атташе нар, "Хааны эрэлд-2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 оноос хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, өдгөө 20 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн сургуульд 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагийн дотор гадаадын 20 гаруй улсын 460 гаруй оролцогч хамрагдаж байна. Мөн салаадын хээрийн сургуульд АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон, Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн оролцож байгаа юм.