Т.САЙХАН

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Олимпын нээлтэд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.

Франц улс нь Парис хотноо Олимпын наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа ба энэ удаагийн нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв.

Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10500 тамирчид Сена мөрний дагуу зургаан км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов.

Зуны олимп долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдөр болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын есөн төрөлд 33 эрх авч оролцож байна.

Нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнүүд, олон улсын харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Тухайлбал, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд тавдугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалуудаар ярилцаж тохиролцсон ажлуудын явцын талаар санал солилцож, олон чухал төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг хоёр улсын Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв. Цаашид харилцан хэрэгжүүлсэн Төрийн айлчлалуудын үеэр тохиролцсон төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Мөн уул уурхай, цэвэр эрчим хүч, харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр тохиролцжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 144 (7388)