“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.Занданг урилаа.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ “АРЧИЛ”
Блиц:
Төгссөн сургууль, мэргэжил:
2020 онд Австралийн Сиднейн Их сургуулийн олон улсын харилцааны магистрын зэрэг
2008 онд Британийн Лийдсийн Их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг
2003 онд МУИС-ийн ОУХС-ийн олон улсын харилцааны мэргэжлээр бакалаврын зэрэг
2002 онд Японы Осака YWCA коллежид япон хэлний мэргэжил дээшлүүлэх дамжаа
Ажлын туршлага:
2023 оноос Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал
2022-2023 Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын Бодлого хариуцсан ажилтан
2020-2021 ШУА-ийн ОУСХ-д эрдэм шинжилгээний ажилтан
2012-2017 Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга, Британийн элчин сайдын яам
2009 – 2012 Борлуулалтын супервайзер, Маркетингийн албаны дарга, MCS-Анунгоо ХХК
2006-2007 Борлуулалтын менежер, Изинис Эйрвэйз ХХК
2000-2005 Япон, англи хэлний хөтөч-орчуулагч, аяллын менежер
Хөрөнгө оруулалт татахын тулд эхлээд сурталчилгаа хийх шаардлагатай. Түүний дараагаар ороод ирсэн хөрөнгө оруулагчдын “арчлах” хэрэгтэй. Түүний дараа амжилтаа түгээх гэдэг үндсэн гурван зарчмыг баримтлах нь зүйтэй гэж хардаг.
Мэдээж “Тавтай морил” гэхдээ манай улсад орж ирсэн хөрөнгө оруулагчдад ямар таатай боломж байгаа вэ гэдгийг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бүхий л нөхцөл нь тодорхой ойлгомжтой байх ёстой. Үүний дараа орж ирсэн хөрөнгө оруулагчид бизнесийн зарчмаар ажиллаж ашиг олох боломжийг нь бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Ингэснээр дараа дараагийн хөрөнгө оруулагчид орж ирэх сэдлийг төрүүлэхүйц амжилттай хэрэгжсэн төслүүдтэй болох юм. Өөрөөр хэлбэл, гурав дах зарчмыг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах бодит кейс бий болж дахиад хөрөнгө оруулалт орж ирэх гарцыг бий болгоно.
Манай улсын хувьд эдгээр гурван зарчмыг хэрэгжүүлж байгаа мэт боловч илүү сайжруулах шаардлагатай. Хөрөнгө оруулалт татахын тулд мэдээж эхний ээлжид Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай бүс гэдгийг ярихын тулд одоо байгаа хөрөнгө оруулагчдаа гомдоолгүй, ажиллах боломжоор хангаж, гомдсон хөрөнгө оруулагчдын гомдлыг тайлах хэрэгтэй. Учир нь манай улсад хөрөнгө оруулаач гэхээр манайд амжилттай хэрэгжсэн төсөл байхгүй бол итгэл төрөхгүй. Үндсэндээ гомдол тээсэн хөрөнгө оруулагчдын нөхцөл байдал Монгол Улсыг эрсдэлтэй бүс болгож харуулдаг. Тэгэхээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцож бизнесийн зарчмаар ажиллах боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм.
ЭРСДЭЛД ТООЦОГДОХ ГОМДОЛ
Нөгөөтээгүүр, гаднын хөрөнгө оруулагчдын хамгийн их гомдол дагуулдаг асуудал нь нөхцөл байдал тодорхойгүй, ойлгомжгүй байхаас гадна хүнд суртал. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчин бүрдсэн гэх боловч тухайн хүний харж байгаа өнцгөөр байгууллагуудын үзэмжээр тайлбарлагддаг. Мөн тухайн эрхэлж байгаа салбарын бодлогыг хэн тодорхойлох вэ. Асуудлыг хэн шийдвэрлэх вэ гэдэг тодорхой биш. Салбарын яам, агентлаг тэр ч бүү хэл, гааль, татвар гээд тус бүрдээ өөр өөрийнх эрх мэдлийн хүрээндээ ажлаа явуулдаг ч хоорондын уялдаагүй байдал нь хүнд суртлыг өөхшүүлж байгаа хэрэг л дээ. Энэ бүхэн гаднын хөрөнгө оруулагчдын хувьд өндөр эрсдэл болохын сацуу хөрөнгө оруулалт хийх боломжийг нь боомилж байгаа гэдгийг бид ойлгох учиртай.
Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 гаруй компани лиценз авсан байдаг бөгөөд барилгын ажил эхлээгүй, лицензээ сунгах гэхээр сунгаж өгөхгүйд компаниуд нь гомдолтой байгаа . Техникийн нөхцөл ярихаас гадна “барилгын ажил эхлээгүй” анхнаасаа лицензээ лоббидож авсан гэдэг шалтгаантай боловч төр нь өөрөө анхнаасаа лиценз өгчихөөд бизнес явуулах боломжоор хангахгүй гэж харагдаад шинэ хөрөнгө оруулагчдыг татахад саад болж байгаа юм. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулагчдад мэдээлэл дутмаг байгаагаас шалтгаалж асуудлууд үүсэж байдаг.Хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тодорхой нөхцөл байдал маш чухал. Үндсэндээ ямар хугацаанд, хэнтэй харилцаж, мэдээлэл солилцож ажиллах вэ гэдэг нь тодорхой байж хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ шүү дээ. Тэгэхээр энэ мэтчилэн тодорхойгүй нөхцөл байдлаас үүдсэн асуудлаа цэгцэлж хувийн хэвшилтэйгээ ойлголцож ажиллах нь дараагийн хөрөнгө оруулагчдад хэлэх сайн кейс бий болно гэж хардаг.
“ТАТВАР” ШИЙТГЭГЧ БИШ ЗӨВЛӨГЧ БАЙХ ЁСТОЙ
Татварын орчин тодорхойгүй байдаг. Хэдийгээр татварын хуулиуд байгаа ч хэрэгжилт нь бизнесийнхэнд хүндрэл учруулдаг гэдгийг гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч ярьдаг. Үүн дээр манай байгууллагаас гаргасан зөвлөмж бий. Үүнд advanced ruling буюу ямар нэгэн тодорхойгүй байдлыг шийдвэрлэсэн арга замтай хамтад нь хэрхэн шийдвэрлэснийг оруулсан татварын гарын авлага гаргахыг зөвлөсөн.
Татварын асуудал гарлаа гэхэд бизнесийнхний харилцах дансыг шууд хаадаг. Энэ бол буруу жишиг. Нэгэнт дансаа хаалгасан компани орлого яаж олох вэ. Орлого олж чадахгүй бол өрөө хэрхэн дарах вэ. Энэ мэтчилэн маш энгийн мэт харагдавч бодит амьдралд хамгийн их хүндрэл дагуулдаг асуудал. Өөрөөр хэлбэл, татварын байгууллага торгууль ногдуулж, данс хаах шийтгэл оноохоос илүү зөвлөгч байх ёстой. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулагч орж ирэхдээ “хэрэв би гарч явахад ямар байх вэ” гэдэгт ч анхаарлаа хандуулдаг. Гэтэл гаднын хөрөнгө оруулагч гарах болоод хувьцаагаа зарахад ашиг олсон эсэхийг хамаарахгүйгээр татвар ногдуулдаг. Татварын маргаан үүслээ гэхэд маргаантай татвараа түрүүлж төлөөд маргаан шийдвэрлэгдсэний дараа зөрүү мөнгөө ав гэдэг нь бас хөрөнгө оруулагчдад асуудал болж харагддаг. Хэдийгээр Монгол Улсын татварын хувь хэмжээ өндөр биш гэдэг ч шийтгэл ногдуулах байдал нь давамгай байгаа нь хөрөнгө оруулагчдад эрсдэл болж харагддаг юм билээ. Тэгэхээр манай улс гаднын хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байгаа бол бодлого нь тодорхой, хууль эрх зүйн орчин нь ойлгомжтой байх ёстой гэдгийг л дахин дахин хэлмээр байгаа юм. Тавтай морил гэж урьж оруулж ирсэн шигээ гараад явахад нь ч чирэгдэл учруулдаггүй байх хэрэгтэй юм.
ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛТАН
Гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж Монгол Улсад бий. Ингэхдээ элчин сайдын яамдад дагнасан худалдаа, хөрөнгө оруулалтын ажилтныг ажиллуулж экспортод төвлөрч ажиллахын зэрэгцээ хөрөнгө оруулалт татах ажлыг хийдэг байх нь зүйтэй. Миний хувьд, Английн элчин сайдын яаманд худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан албанд ажилладаг байсан бөгөөд манай улс ийм маягаар худалдаа хөрөнгө оруулалтын ажлаа зохион байгуулаасай гэж бодож байсан.
Манай Гадаад харилцааны яам залгамж чанар сайтай маш сайн үйл ажиллагаа явуулдаг гэж боддог. Ялангуяа өндөр түвшний олон улсын харилцаа, гэрээ хэлэлцээрийг сайн хийдэг. Тиймээс энэ ажлуудыг хөрсөнд буулгаж ажил хэрэг болгон хүмүүс өгөөжийг нь хүртэх боломжийг бүрдүүлэхийн тулд хувийн хэвшлийг идэвхтэй дэмжих хэрэгтэй, үүнд тэдэнтэй өдөр тутамдаа харилцаж, дагнан ажилладаг байгууллагаас, тухайлбал Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагаас элчин сайдын яамд дээр худалдаа хөрөнгө оруулалтын ажилтныг томилж явуулдаг байх нь зүйтэй гэж харж байна. Ингэхдээ Монголдоо хувийн хэвшилд экспорт, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг цэгтэй байгаад, тус цэг нь гол зах зээлүүдэд байгаа элчин сайдын яамдын ажилтнуудтай өдөр тутамд холбоотой ажиллаж, гадаад зах зээлд байгаа боломжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, түншүүдтэй холбож өгч баймаар. Элчин сайдын яамдын худалдаа хөрөнгө оруулалтын ажилтнууд дээр тоон төлөвлөгөө тавьж экспортыг нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалт татсан бол бонустай байх зарчмаар урамшуулал авах зэргээр сэдэлжүүлж ажиллавал илүү өгөөжтэй байх болов уу.
Мэдээж улсыг төлөөлж ажиллах хэдий ч хувийн хэвшилтэй түлхүү харилцаж хөрөнгө оруулагчдад төсөл хөтөлбөр танилцуулах, тэдэнд нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ компаниудын хамтын ажиллагаанд ч гүүр болох учиртай. Ийнхүү ажлын цаг хугацаагаа бүтнээр нь хөрөнгө оруулалт татах, экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлж ажилласнаар богино хугацаанд боломжийн үр дүн гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс элчин сайдын яамдад хувийн хэвшилтэй шууд ажилладаг төрийн байгууллагаас ажилтан томилж ажиллуулах нь эерэг өөрчлөлтийг авчирна.
Бизнесийнхэн гадаад зах зээл рүү их гарч байгаа нь баярлууштай. Экспортыг бүр их нэмэгдүүлэхийн тулд манай улсын үйлдвэрлэлийн салбарт олон улсын стандартыг нутагшуулахын зэрэгцээ тэдний шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгох хэрэгтэй. Үүний тулд төр татаас өгөхөөс илүүтэй гадаад зах зээлд экспортын шаардлага, боломжийн талаар мэдээлэл өгч, гадаад түншүүдтэй холбож өгдөг байвал илүү үр дүнд хүрнэ. Ийм ажлыг хийх худалдаа хөрөнгө оруулалт дагнаж хариуцсан ажилтнуудыг Монгол Улстай худалдаа, хамтын ажиллагаа түлхүү хийдэг, цаашдын боломж ихтэй орнуудын элчин сайдын яамд дээрээ ажиллуулж болно.
Үндсэндээ хөрөнгө оруулалт татахад зөвхөн хууль дүрэм журмаас гадна гадна бизнес эрхлэлтийн орчин, компанийн засаглал ч тодорхой түвшинд анхаарлын төвд байдаг. Нөгөөтээгүүр төр бизнесийнхтэй зэрэгцээд өрсөлдөөд байх нь зохимжгүй. Стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд төр хувь эзэмшлээ гэхэд хувийн хэвшил болоод төрийн бус байгууллагаар чиг үүргийг нь гүйцэтгүүлэх боломжтой бол түүнд оролцохгүй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг эрэмбэлэн, ээлж дараагаар хувьчилж, бизнесийн зарчмаар өрсөлдөх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр зах зээлийн зарчмаар өрсөлдөж компанийн засаглалаа сайжруулан олон улсад гарах боломж бүрдэнэ гэж хардаг.
ГАДААД ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН “ЭЛЧ”
Бидэнд томоохон хөрөнгө оруулалт, ялангуяа шинэ мэдлэг, инновац авчрах хөрөнгө оруулалтууд хэрэгтэй. Үүний тулд манай Ерөнхий сайд эсвэл томоохон төрийн албан тушаалтан хөрөнгө оруулалтын элч төлөөлөгч, бараг борлуулалтын ажилтан шиг ажиллаасай гэж боддог. Нэг гоё жишээ дурдахад, Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер 1980-аад онд Японы Ниссаны үйлдвэрийг Британийн Сандерланд хотод байгуулах хөрөнгө оруулалт татахын тулд тэдэнтэй тулж ажиллаж, татварын хөнгөлөлтүүдийг санал болгож байж авчирсан байдаг. Анх Британийн автомашин үйлдвэрлэгчид улсынхаа үйлдвэрлэлийг үгүй хийх нь гэж дургүйцэж байсан боловч тухайн үедээ 400 гаруй ажлын байр бий болгож байсан үйлдвэр өнөөдөр Британийн эдийн засагт чухал нөлөөтэй 7000 орчим шууд ажлын байр, 40000 шууд бус ажлын байр бий болгосон, инновац шингэсэн үйлдвэр болж томорсон байна. Манай Ерөнхий сайд Монгол Улсынхаа хөрөнгө оруулалтын элч төлөөлөгч шиг ажиллаж, иргэдийнхээ чадвар, потенциалд тулгуурласан салбарын томоохон хөрөнгө оруулалтыг татаж ирээсэй.
Эцэст нь хэлэхэд, хөрөнгө оруулалт татна гэж ярих нэг асуудал. Харин түүнийг ажил хэрэг болгож таатай орчныг бүрдүүлэхийн тулд эхлээд гомдогсодгүй болох хэрэгтэй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 144 (7388)