Э.МАРАЛ

Австралийн зүлэгний хоккейн тамирчин Парисын зуны олимпын наадамд оролцох боломжоо алдахгүйн тулд гарын нэг хуруугаа тайруулжээ. Мэтт Даусон хоёр долоо хоног орчмын өмнө Перт хотод багийнхантайгаа бэлтгэл хийж байгаад баруун гарын нэг хуруугаа хугалж байв. Хугарсан хурууг эмчлэх мэс заслын үр дүн хэдэн сарын дараа гарахаар байжээ. Тиймээс 30 настай тамирчин гурав дахь олимпын наадамдаа оролцох боломжийг алдахгүйн тулд хуруугаа тайруулах шийдвэр гаргасан нь багийнхан болон түүний дасгалжуулагчийг цочирдон гайхахад хүргэсэн байна. Даусон хуруугаа хугалснаас хойш ердөө 16 хоногийн дараа өчигдөр буюу Бямба гарагт Аргентины шигшээ багтай олимпын анхны тэмцээндээ орох юм. Хурууг эмчлэхэд урт хугацаа шаардагдах ба эдгэрсний дараа бүрэн ажиллагаатай болж чадахгүй ч байх боломжтойг Даусон эмчээсээ сонссон байна. Харин тайруулбал 10 хоногийн дараа талбайд гарах боломжтойг мэджээ.

 

Эх сурвалж: www.zms.mn