Э.МАРАЛ

 Парис-2024 олимпын наадмын жүдогийн төрөлд эхний хоёр жингийн аваргууд тодорсон билээ. Түүн дотроос -48 кг-ын жинд Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Дэлхийн болон Ази тивийн аварга, ОУХМ Б.Баасанхүү олимпын мөнгө медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Мальта улсын тамирчин Катрина Эспоситог, дараагийн тойрогч Австрийн Катарина Танзерийг, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелаг тус тус цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан юм. Харин медалийн төлөөх барилдаанд Испанийн жүдоч Мартинез Абелендатай таарав. Б.Баасанхүү өрсөлдөгчөөсөө түрүүлж торгуулсан хэдий тун тайван байж, эцсээ хүртэл нягт нямбай ажиллагаатай барилдааныг дэвжээн дээр үзүүлсэн билээ. Тийнхүү Абеленда ч мөн хоёр торгуультай тэнцсэн үед манай жүдоч жийж татаад иппон авч яллаа. Уг ялалтаар тэр олимпын медаль авах нь тодорхой болов. Гэвч ажаад байхад Б.Баасанхүү медалийн тавцанд зогсох болсон ч дэвжээн дээр нэг их хөөрч дэрвэсэнгүй. Ямартаа ч баяр хөөрөө дотроо авч үлдэв. Ийнхүү Шведийн Тара Бабулфатыг торгуулиар ялж, финалд шалгарсан Японы Цүнодатай алтын төлөө хийх барилдаан эхэллээ. Аль аль торгууль авч, Цүнода чацаар илүү учир өөрийн дархан мэхний нэг болох татаж жийх мэхийг хийхээр хэд хэд оролдсон боловч Б.Баасанхүү тун тайван байж хамгаалсан юм. Нэмэлт цаг дээр Цүнода мэхээ амжилттай гүйцэтгэж вазари авснаар манай бөх ялагдаж олимпын мөнгөн медалийн эзэн болсон билээ. Тэр ерөөс хэзээ ч ухарч няцдаггүй, маш нягт ажиллагаатай, хэчнээн уран барилдаантай, сэтгэлзүйн хувьд ч гайхалтай тамирчин болохыг нь бид харлаа. Ийнхүү Монгол Улс “Парис-2024” олимпын наадмаас мөнгө медаль хүртэж буухиаг эхлүүллээ. Монголын жүдочид олимпын наадмаас 12 дахь удаагаа медаль хүртэж буй нь энэ. Үүнээс өмнө 48 кг-ын жинд М.Уранчимэг, Г.Отгонцэцэг нар олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж байсан юм. Б.Баасанхүүгийн дархан мэх нь унаж шидэх. Тэр уг мэхээрээ дэлхийн болон ази тив, олимпын наадамд хүртэл өрсөлдөгчдөө ялсан. Гэвч алтын төлөөх барилдаанд уг мэхийг өрсөлдөгч нь түүнд хийснээс үзэхэд түүний хувь энэ мэх басхүү том эрсдэл ч болох талтайг харуулж байна. Тэрээр анх Хөвсгөл аймгийн Мөрөн суманд жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. Энэ тухай нэгэн ярилцлагадаа “Анх удаа өөрийгөө жүдогийн өмсгөлтэй харсан өдрийг хэзээ ч мартдаггүй. Үүрд санана. Тэр өдрөөс хойш л би жүдо бөхөөр тууштай хичээллэх болсон” хэмээн дурдаж байсан бол түүнээс хамгийн их талархаж явдаг зүйлийн тухай асуухад “Өөрт байгаа бүх зүйлдээ талархаж явдаг” гэж хариулсан билээ. Тэрээр энэ жил Монгол Улсын аваргад гурав дахь удаагаа түрүүлж, Ази болон Дэлхийн аварга болж, Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархлан үлдээж, олимпын мөнгөн медалийн эзэн болов. Медалийн тавцанд гарч монгол орныхоо төрийн далбааг мандуулсан тэрээр сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ. “Анхны олимпдоо амжилттай орж, мөнгө медаль авсандаа баяртай байна. Хэсгийн аваргын барилдаанд бэлтгэл дээр давтсан, багш нартайгаа ярилцаж байсан мэхүүдийг хийж чадсан. Би өдөр бүр улам сайн хичээдэг байсан. Бүх хүмүүст боломж байдаг гэж хэлмээр байна” хэмээжээ.

 

Эх сурвалж: www:zms.mn